Тэр минь өглөө бүр намуухан дуу аялан сэрээж, ажилдаа явахыг сануулдаг юм. Түүнтэй хамтран амьдрагч болоод 10 гаруй жилийн нүүр үзжээ. Жил ирэх тусам ухаажиж, царайлаг болж, хайрыг минь улам бүр татан, бараг л өөртөө донтуулах шахаж. Одоо түүнгүй өнгөрүүлэх хором мөч бүр гунигтай санагддаг.
Мэдэхгүй зүйл түүнд бараг үгүй, ямар ухаалаг гээч. Тэр минь л байвал найз нөхөдтэйгөө уулзах хэрэг ч гарахгүй. Гуниглавал тайтгаруулж, уйтгарлавал хөгжөөж, ажилд минь ч тусална. Нэгэн биеийн хагас мэт ээнэгшжээ. Гэхдээ… Наашаа харж инээчихээд цаанаа надад хор бэлдэж суудгийг нь мэддэг болоод цөөнгүй жил өнгөрлөө. Түүний “ачаар” хүндээр өвдлөө ч, энэ нь салах том шалтгаан болсон ч орхиж чадахгүйгээ мэдэж байна. Яая даа чамайг, хайрт гар утас минь…
Дэлхийн хоёр тэрбум гаруй хүн ухаалаг, салж чадамгүй ийм “хайртай” учирч, зарим нь үүнээс болж биеэ шархлуулж байна. Тэдний нэг нь Английн бизнесмэн Иан Филлипс. Түүний толгой гэнэт тэсвэрлэхийн аргагүй өвдөж, эмнэлэгт хүргэгджээ. Шинжилгээ хийлгэтэл нимбэгний хэмжээтэй хавдар тархинд нь бойжиж байж. Томоохон компанийн худалдааны менежер тэрбээр ажлын шаардлагаар сард 100 гаруй цаг бусад руу утсаар ярьдаг буюу “хайртдаа” өдөрт зургаан цаг зарцуулдаг байсан нь ийн өвдөхөд нөлөөлсөн гэнэ.
43 настай түүнд өдгөө гуравхан жилийн нас үлджээ. “Бага насны хүүхдүүдийн гар утасны хэт их хэрэглээнд үнэхээр их санаа зовж байна. Багачуудын гавлын яс насанд хүрэгчдийнхээс зөөлөн учир утаснаас ялгарах цацраг тархинд нь хялбар нэвтэрдэг гэж эмч нар хэлсэн” гэсэн тэрбээр үлдсэн амьдралаа биднийг аажмаар залгиж буй бяцхан найзын маань үнэн төрхийг таниулахад зориулж байгаа аж. Иан Филлипс энэ найзаа чихнээсээ аль болох хол байлгахыг бусдад зөвлөж, утсанд холбодог харилцуур хэрэглэхийг уриалж байна.
Онцын шаардлагагүй үед ч гар утсаа оролдож, нийгмийн сүлжээнд хэтэрхий их ач холбогдол өгч, компьютерын ард олон цагийг өнгөрүүлэн, бүр үгүйдээ л гэхэд телевизийн суваг тааруулж буйданд тухалдаг нь энэ зууныхны амьдралын хэв маяг болжээ. Орост оршуулгын газруудад хүртэл утасгүй интернэтийн сүлжээтэй болсон байх юм. Саяхан Завханы “Тээгтолгой” усан цахилгаан станцын хясаан дээрээс өөрийнхөө зургийг гар утсаараа дарж байсан 26 настай залуу унаж амиа алдсан нь манайд ч дэлгэцийн хамаарал хэр их хүчээ авсныг илтгэж байна.
Нотингэмийн Трэнт их сургуулийнхан хүмүүс хэр их цагаа гар утсандаа зарцуулдгийг судлахаар 18-33 насныхныг хоёр долоо хоногийн турш хянажээ. Ингэснээр өдөрт дунджаар 85 удаа утсаа оролддог буюу таван цагийг үүнд зарцуулдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Шведийн хорт хавдар судлаач Ленарт Хардел тэргүүтэй эрдэмтэд гар утсыг чихэндээ ойр байлгаснаар тархины хорт хавдар үүсэх эрсдэл нэмэгддэгийг илрүүлжээ. Гар утаснаас ялгардаг радио долгионы ионжсон цацраг хамгийн ойр байгаа эд эсийнхээ эрчим хүчийг өөртөө шингээж авдаг гэнэ. Тэд 1380 гаруй эрүүл болон өвчтэй хүнийг судалгаанд хамруулжээ.
Улмаар 25 жил гар утас хэрэглэсэн хүмүүсийн хорт хавдар тусах эрсдэл үүнийг бага ашигладаг хүмүүсийнхтэй харьцуулахад гурав дахин их байгааг тогтоосон аж. Мөн саяхан Америкийн Засгийн газар хорын тухай хөтөлбөр хэрэгжүүлж, гар утас болон хорт хавдрын хамаарлыг судалжээ. Ингэхдээ утасгүй интернэтээс ялгардаг радио долгионы давтамж ихтэй байгууламжид хулгануудыг оруулжээ. Гэтэл цацраг туяа тэдэнд ялгаатай нөлөөлж, зарим нь тархи, нөгөө хэсэг нь зүрхний хорт хавдартай болж, эмэгчингийнх нь үр зулбасан байна. Иан Филлипс шиг ниргэсэн хойно нь хашгиралгүй, бие болоод сэтгэлээрээ дэлгэцийн хамаарлаас ангижрах боломж бидэнд бий ч түүнээс салах тийм амар биш аж.
Пенсильвани мужийн Брэдфорд хотын төв эмнэлэгт интернэтэд донтсон өвчтөнүүдийг 1995 онд анх хэвтүүлж эхэлсэн түүхтэй. 2013 онд Америкийн сэтгэцийн эмч нарын холбооноос гаргасан Оюуны эмгэгийн онош зүйн бүртгэлд дэлгэцийн хамаарлын талаар бичээгүй ч олон эрдэмтний судалгаа үүнийг донтуулах нөлөөтэйг нотолж, тус номын хавсралтад багтаасан байна. Уг холбооноос компьютер тоглоомонд донтсон, эсэхийг шалгах сорил гаргасныг хүргэе. Одоогоор интернэт донтолтын талаарх албан ёсны сорил байхгүй тул үүнийг ашиглан компьютер, гар утасны хэрэглээнийхээ талаар баримжаалж болохыг СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга сануулсан.
- Компьютер тоглоомын тухай байнга бодох
- Уг тоглоомонд зарцуулж буй хугацаа хангалтгүй мэт санагдаж, аажмаар нэмэх
- Их тоглоод байна, хэрэглээгээ багасгая гэж бодсон ч бүтэлгүйтэх
- Урьд нь сонирхол татдаг байсан зүйлс ач холбогдолгүй санагдах (Сагс тоглох, найз нөхөдтэйгөө уулзах зэрэг)
- Сурлагандаа муудаж, ажилдаа ахиц гаргахаа больсон ч үргэлжлүүлэн удаан хугацаагаар тоглосоор байх
- Сэтгэл зүйн таагүй мэдрэмж, бухимдлаа тоглоомоор тайлах
- Компьютер тоглоом тоглох хугацааныхаа талаар бусдад худлаа хэлэх. Би бараг тоглоогүй, ганц цаг л болсон гэх мэт
- Тоглохоо болихоор оролдоход сэтгэлээр унах, тавгүйтэх, уур хүрч, амарч байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй байх
Эдгээрээс таваас доошгүй шинж сүүлийн нэг жилийн хугацаанд илэрсэн бол донтсон гэж үздэг байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан мэдээллээр бол 2015 оны байдлаар Монгол Улсын хүн амын тоо 3.079.120 байхад үүрэн холбооны дөрвөн компанид бүртгэлтэй дугаарын тоо 5.564.098, үүнээс идэвхтэй хэрэглэгддэг нь 3.068.156 байжээ. Эдгээрийн 1.927.797 нь ухаалаг гар утастай бол, хөдөлгөөнт өргөн зурвас буюу 3G хэрэглэгч 2.222.100. Монголд өнгөрсөн оны байдлаар 2.430.159 интернэт хэрэглэгч байгаагийн 91.4 хувь нь 3G, 6.47 хувь шилэн кабелиар, 0.68 хувь нь wi-fi-аар сүлжээнд холбогддог гэнэ. Хүн амынхаа тоотой харьцуулахад цахим сүлжээ, ухаалаг утас хэрэглэгчийн тоо ийм их байгаа нь манайд аюулын харанга дэлдэхэд ойрхон буйг илтгэх аж.
- Британийн нэгэн хуулийн фэрм долоон хос тутмын нэгийнх нь салах шалтгаан эхнэр, нөхрийн аль нэг цахим сүлжээнд донтсонтой холбоотой гэж үзжээ. Ютагийн Бригманы залуучуудын их сургуулийнхан гурван эмэгтэй тутмын нэг нь гар утас хайрынх нь харилцаанд хөндлөнгөөс нөлөөлж, найз залуу, нөхөртэйгөө байх цагийг нь хумсалдаг гэж дүгнэсэн байна.
- Өдөрт 1320 сая хүн фэйсбүүкт, 271 сая жиргээч твиттерт нэвтэрдэг бол 343 сая хүн хайлтын систем ашигладаг. Инстаграммд өдөрт таван сая зураг, твиттерт 500 сая жиргээ нийтлэгддэг.
- Лондонгийн эдийн засгийн сургуулийн эрдэмтэд 91 сургуулийн 130 гаруй мянган сурагчийг судалгаанд хамруулж, хичлээлийн үеэр утас хэрэглэхийг нь хязгаарлажээ. Өмнөх жилүүдийнх нь дүнтэй харьцуулахад сурлага нь дунджаар 6.4 хувиар дээшилсэн байна.
- Хятадад интернэт сүлжээнд донтогч 632 сая хүн байдгийн 24 сая нь өсвөр насныхан. Тэгвэл тус улс ийм хүүхдүүдийг цэргийн зохион байгуулалттай зусланд “хатуу гараар” хүмүүжүүлдэг аж. Армид алба хааж байсан хүмүүс тэднийг хянаж, сэтгэл зүйн туршилтад хамруулж, судлан, эмчлэхээс гадна үндэсний бүжиг, хөдөлмөр, ёс зүйн хичээл заадаг гэнэ.
- Уэйлсийн Нийгэм, эдийн засгийн судалгааны хүрээлэн өсвөрийн таван хүүхдийн нэг нь шөнө шалтгаангүйгээр сэрж, цахим хуудсаа шалгадаг талаар олж мэджээ. Сонирхуулахад, шөнө ассан утасны гэрлийг тархи нарны туяатай андуурдаг. Ингэснээр нойрны даавар ялгаруулахаа больдог. Нойрны мөчлөг алдагдсанаар ой тогтоолт, бүтээлч байдал муудаж, өлсгөлөнгөө хянах дааварт нөлөөлж таргалдаг байна. Мөн гар утасны гэрэл нүдний торлог бүрхэвчийг гэмтээж, болор цайхад нөлөөлдөг.
- Дублиний технологийн хүрээлэнгийнхэн өнгөрсөн онд 8-16 насны 500 хүүхдийг судалгаанд хамруулж, 46 хувь нь унтлагын өрөөнөөсөө интернэтэд холбогддог, 14 хувь нь 21 цаг болчихоод байхад цахим сүлжээгээр аялсаар байдгийг мэджээ.
- БНСУ-ын орон сууцны 90 хувь нь өндөр хурдны, хямд үнэтэй интернэтэд холбогдсон байдаг нь бусад орныхтой харьцуулахад өндөр үзүүлэлт аж. Засгийн газар нь интернэт донтогчдод зөвлөгөө өгөх 140 төв байгуулжээ. Тус улсын 100 гаруй эмнэлэгт энэ чиглэлийн эмчилгээ хийдэг.
Цаг хугацааны энэ хулгайчийн талаар дорвитой судалгаа Монголд байдаггүй тул бид 18-35 насны 30 хүнээс энэ хэрэглээнийх нь талаар асуусан юм. Ингэхэд тэдний 14 нь ажил болон хичээлийн шаардлагаар болон чөлөөт цагаа өнгөрүүлэхээр өдөрт долоогоос дээш цаг компьютерын ард суудаг гэсэн бол ердөө гурав нь хоёр цагаас хэтэрдэггүй гэсэн. Харин бүгд шахам утсаа цаг тутамд оролддог хэмээсэн. Дүү болон хүүхдийнхээ компьютер, гар утасны хэрэглээг хянадаг, эсэхийг нь лавлахад 20 гаруй нь 4-12 насныхныг ганц цаг тоглохыг зөвшөөрдөг хэмээсэн бол тав нь 10-аас дээш настнуудыг гурваас олон цаг тоглоход нь хориглодоггүй гэлээ.
Судалгаанд оролцогчид бараг бүгд компьютер, гар утас, телевизийн хор хөнөөлийн талаар мэддэг гэсэн ч үүний эсрэг арга хэмжээ авдаг нь дөрөвхөн байна. Тодруулбал, нэгэн бүсгүй утас болон компьютерынхоо дэлгэцэн дээр аалз, могой зэрэг жихүүдэс хүргэм амьтан, шавьжны зургийг тавибал охин нь ойртдоггүй гэсэн бол нэг эр дээрх хэрэгслүүддээ хүүхдийн сонирхлыг татах тоглоом байршуулдаггүй, анхнаас нь зааж ч өгөөгүй хэмээсэн.
Тэдний нэг нь гэр бүлээрээ бямба гаригийг үргэлж утасгүй, интернэтгүй, телевизгүйгээр өнгөрүүлж, бие биетэйгээ халуун дотно яриа өрнүүлдэг хэмээсэн бол нөгөө нь гэртээ зориуд интернэт тавиулаагүй аж. Ингэснээр гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх, үр бүтээлтэй өөр зүйлд зарцуулах цаг нэмэгдэж, харилцаанд ч эерэг өөрчлөлт гардаг гэнэ.
СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулгатай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Танайд дэлгэцийн хамаарлаас болж хэчнээн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан олон улсын өвчний 10 дугаар ангилалд энэ талаар багтдаг. Гэхдээ компьютер тоглоомд донтох шалгуураар бус, төрөх үйлийн өөрчлөлт гэдгээр багтсан. Одоогоор манайд интернэтэд донтох эмгэгийн улмаас эмчлүүлж буй хүн байхгүй. Манай Хүүхэд, өсвөр үеийн клиникт компьютер тоглоомонд донтсон хүүхдүүд хэвтэж буй. 2009 онд хэвтсэн хүүхдүүдийн тоог 2014 оныхтой харьцуулахад дөрөв дахин нэмэгджээ.
Ухаалаг гар утас твиттер, фэйсбүүкийн хэрэглээний талаар албан ёсоор заагласан баримт байхгүй. Гэхдээ амьдралд тань сөрөг нөлөө үзүүлээгүй бол хэрэглээгээ хэвийн гэж үзэж болно. Сурагчид хичээлээ хийхгүй, насанд хүрэгчид интернэт орчинд өөр зүйлд сатаарсаар үр дүнтэй бүтээмжтэй ажиллаагүйгээсээ болж оройтож таран, гэр бүлдээ зарцуулах цагаа багасгавал сөрөг нөлөө илэрч байна гэж үзнэ. Өдөрт хоёроос дээш цаг компьютерын тоглоом тоглож байвал хэтрүүлж байна гэж бодох хэрэгтэй.
Хэрэв хэрэглээгээ эртнээс зохистой төлөвшүүлбэл айх зүйлгүй. Фэйсбүүк хаяг руугаа эхлээд зорилготой нэвтэрдэг байсан бол яваандаа өөрийн мэдэлгүй шалгаж, энэ нь ухамсаргүй үйлдэл болж хувирдаг. Донтолтын үед тархины бүтцэд өөрчлөлт орж, голомт үүсдэг. Энэ нь идэвхжсээр донгийн хэлбэртэй болбол үүнийг оюунаараа удирдаж, зохицуулахад хэцүү болно. Интернэт, гар утасны хэт их хэрэглээ даамжирвал тэдэнд туслах манай эмч нарын нөөц бололцоо тааруухан.
-Хүүхдийн эрүүл мэндэд гар утас, компьютер нөлөөлж буйг хэрхэн мэдэх вэ?
-Багачууд аав, ээжтэйгээ тоглож, юм асуух гэхээр утсаа бариулчихдаг. Энэ нь хүүхдийн хөгжих, сэтгэн бодоход сайнаар нөлөөлөхгүй. Хүүхдэд донтох эмгэг үүсэх нь илүү хялбар байдаг. Утас, компьютерын дэлгэцнээс ялгарч байгаа туяа тархийг нь цочроож, амраадаггүй. Ядарч сульдах, толгой өвдөх, хараа муудах, хүзүү хөших, нурууны хэлбэр өөрчлөгдөх, хуруу мойног болох, ээрэх, булчин татваганах, үс халцрах, огцом уурлах, ой тогтоолт, анхаарал төвлөрүүлэх нь муудах, нойргүйдэж, хар даран, зүүдэндээ ярих, явах, хий юм сонсох, мартамхай болох зэрэг шинж тэмдэг компьютерын тоглоомонд донтогчдод илэрдэг.
Энэ нь мэдрэлийн ядаргааны үед илэрдэг шинж тэмдгүүдтэй ижил. Компьютерын тоглоом, цахим сүлжээнд холбогдох нь хамгийн сонирхолтой зүйл мэт санагдахаар хичээлдээ амжилт үзүүлэх ёстойгоо ухаарахаа больж, улс эх орныхоо төлөө хийж бүтээх ирмүүн хүсэл мөрөөдөлгүй болдог.
-Эцэг эхчүүд, багш нар болон хууль тогтоогчид үүний эсрэг ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Эцэг эхчүүд өөрсдөө зөв хэрэглээ хэвшүүлж, хүүхдүүддээ үүний уршгийн талаарх мэдээлэх хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцаж, урамшуулж, магтаж, дуртай дугуйланд нь элсүүлж, компьютерыг хязгаартай хэрэглүүлж, тав тухтай амьдрах орчин бүрдүүлж, хараа хяналтаа сайжруулах нь чухал. Компьютер тоглоомонд донтох эмгэгтэй хүүхэд манайд 2000-аад оны дунд үеэс анх хэвтсэн юм билээ. Энэ үеэс үүнд анхаарлаа хандуулж, жижиг судалгаанууд хийсэн.
БНСУ-д эцэг эх нь ажиллаж байгаа хүүхдүүд компьютер тоглоом их тоглодог гэсэн дүгнэлтэд тухайн үед хүрсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд сэтгэл санаагаа хуваалцдаг, тэднийг ойлгодог хүн байхгүй бол уудалмаар байгаа зүйлс нь хуримтлагдаж таагүй мэдрэмж төрүүлдэг. Компьютер тоглохоор нөгөө асуудлуудаа түр хугацаанд мартагнадаг. Тиймээс хүүхэд тань ийм зүйлд дурлаад байвал сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй.
Манай зарим сургуульд хичээлийн цагаар утас ашиглуулахгүй байгаа нь их зөв арга хэмжээ. Бага ангийнханд товчлууртай утас хэрэглүүлж болно шүү дээ. Гэхдээ юмыг хорих тусам сонирхол улам татдаг. Монголчуудын интернэт хэрэглээний талаар том судалгаа хийх шаардлагатай байна. Тэгж байж бид аль түвшинд яваагаа мэдэж, ямар арга хэмжээ авах ёстойгоо мэднэ.
Б.Дөлгөөн