Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа зургаа дахь тивийн ноён оргил Карстенз Пирамид буюу Пункак Жаяа оргилд төрийн далбаагаа мандууллаа.
Карстенз нь дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг бөгөөд далайн төвшинөөс 4884 метрт өргөгдсөн хадан уул юм. Энэ оргилд урьд өмнө Монгол хүн авирч байгаагүй аж.
Б.Гангаамаа энэ талаар “Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2010 оны тавдугаар сарын 25-нд анхны тив болох Европ тивийн ноён оргил Эльбрус уулын авиралтыг Эрдэнэт хотынхоо уулчид Тэрбиш, Бат-эрдэнэ, Одончимэн, Наран нартайгаа хамт амжилттай хийсэн юм. Тэр цагаас хойш таван жилийн дотор дэлхийн таван тивийн торгон зулайд хөл тавьж, төрийн далбаагаа барин огшиж, омогшиж явсан он жилүүд өнгөрөн одлоо. Тэгвэл энэ түүхэн өдөр та бүхэндээ нэгэн шинэ амжилтын төлөө тун удахгүй мордох болсноо дуулгахад таатай байна” хэмээн аялалынхаа өмнө ярьж байсан юм.
Харин тэрээр өнөөдөр өөрийэ цахим хуудаснаа “Миний бие энэхүү чин сэтгэлийн талархалаа илэрхийлэн 20 хоногийн өмнө нэгэн үйл хэргийн төлөө эх орноосоо мордож байсан. Тэгвэл их хэрэг бүтэж анхны Монгол хүн ” Далай” хэмээх нэгэн тивийг хураалаа. Карстенз Пирамид буюу Пункак Жаяа/ Puncak Jaya / гэгч энэ эрхэмсэг эрдэнэсийн оргилыг яагаад ийм их үнэ цэнэтэй бас яагаад ийм их нэр хүндтэй болохыг өөрийн биеэр үзэж туулж байж ойлгож мэдэрлээ.
2016.07.08-ны өглөөний 10:01 цагт гарлаа.
Эрдэнэсийн оргил Их хайрхандаа баярлалаа” хэмээн нийтэлжээ.
TЭх сурвалжий линк: http://eagle.mn/r/14038 Г.Даша