Америкийн Юта мужийн Солк Лэйк хотын иргэн Жое Даргер ихэр эгч дүүс болон үеэлтэй нь гэрлэжээ. Гурван эхнэр, 24 хүүхэдтэй Жое Даргер амар жимэр, хэрүүл шуугиангүй амьдрах аргыг олсон нэгэн. Олон эхнэртэй байхыг АНУ-ын 50 мужийн алинд нь ч зөвшөөрдөггүй бөгөөд түүнийг дээрх шалтгаанаас болж Мормоны сүмээс хүртэл хөөжээ. Гэвч полигамист гэр бүлийн тав дахь төлөөлөгч Жое сонгосон амьдралаа зөв гэдэгт итгэдэг бөгөөд гэр бүлээ орчин үеийн нийгмээр хүлээн зөвшөөрүүлэх бодолтой аж. Жое саяхан Америкийн телевизийн нэгэн шоунд гурван эхнэрийнхээ хамт оролцжээ. Тэрбээр ихэр эгч дүүс 42 настай Вики, Валери болон үеэл 43 настай Алина нартай гэрлэсэн юм. Вики, Алина нар 18 настайгаасаа л Жоетэй үерхэж эхэлсэн бөгөөд түүнээс хойш 22 жил ханилж байгаа аж. Харин Викигийн ихэр Валери зургаан эхнэртэй эрээс салсныхаа дараа Жоетэй гэрлэсэн юм байна. Телевизийн шоунд Жоегийн эхнэрүүд олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг эртний уламжлалыг зөв гэж боддог хэмээн ярьжээ. Мужийн хууль сахиулагчид тэдний гэр бүлийн харилцааг хууль бус эсэхийг хэдэн жилийн өмнөөс мөрдөж эхэлснээс хойш гэрлэлтээ нууцлах болсон аж. Гэвч тэд гэрлэх эрхээ хууль ёсны болгохоор шийдсэн аж. АНУ-ын 50 мужид олон эхнэртэй байхыг хуулиар зөвшөөрдөггүй боловч ийм гэрлэлт хүчирхийлэл, залилан мэхлэлт, татвараас зайлсхийсэн асуудалтай холбоогүй л бол шийтгэлгүй өнгөрдөг аж.
Жое гурван эхнэрээ алагчлалгүй хайрладаг бөгөөд нэгийг нь нөгөөгөөр нь сольж чадахгүй гэж ярьдаг байна.
Н.Рэй