Т.Чингис: Тайландын Ерөнхий сайд эхнэрийнхээ хөргийг зуруулахаар захиалсан

22Энэ сарын 15- 16-нд Ази, Европын дээд хэмжээний уулзалт Улаанбаатарт болж өнгөрлөө. Энэ уулзалтын үеэр төрийн тэргүүнүүд, зочид төлөөлөгчдөд зориулсан “Pillars of ASEM” үзэсгэлэнг “Чингисийн хүрээ” цогцолборт дэлгэсэн юм. Уг үзэсгэлэнд дэлхийн 51 орны төрийн дээд албан тушаалтны хөргийг үзүүлжээ. Эдгээр хүндэт зочдын хөргийг бүтээсэн Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Т.Чингистэй ярилцлаа.

-Та 51 орны төрийн өндөр албан тушаалтны хөргөөр “Pillars of ASEM” үзэсгэлэн гаргалаа. Таны гаргасан хэд дэх үзэсгэлэн бэ?

-Миний гаргасан тав дахь бие даасан үзэсгэлэн энэ. Өмнө нь хөргөөр дагнасан гурав, зургийн олон төрөлд өөрийгөө сорьсон холимог зургийн үзэсгэлэн бас гаргасан. УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр ах надад ийм үзэсгэлэн гаргах санал тавьсан юм. Өнгөрсөн оны есдүгээр сараас зургуудаа зурж эхэлсэн. Нийт 56 хөрөг зурсны 53-ыг нь уг үзэсгэлэндээ үзүүллээ. Хөргүүдээ зурж байх хугацаанд Лаос, Португал улсын Ерөнхийлөгч солигдсон. Бас өөр гурван улсын Ерөнхийлөгчийг хоёр дахин зурсан.

-Зургуудын зохиомж, хэмжээ, хэрхэн байрлуулахаа хүртэл анхнаасаа төлөвлөсөн үү. Үзэсгэлэн гаргасан том гэрт бүх зургаа яг тааруулж өлгөсөн байсан.

-Бүх хөргүүдийг тус тусад нь салгаж үзвэл бүтээл болохгүй. Бүгд хоорондоо жаазгүйгээр нийлж бүтээл болж байгаа юм. Зурж эхлэхээсээ өмнө санаагаа их удаан бодсон. Монгол Улс, ЗХУ-ын баатар, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа гуай “Сансраас манай дэлхий нэг агаар мандалтай, үзэсгэлэнтэй, жижигхэн гариг харагддаг” гэж хэлсэн байдаг. Тийм учраас “Хүн төрөлхтөн нэг л дээвэртэй” гэсэн утга илэрхийлж хөх тэнгэр дүрсэлсэн. Харин төрийн тэргүүнүүдийг арьс өнгө, үндэс угсаагаар нь ялгахгүй гэсэндээ хар, цагаан өнгөөр зурсан. Хөрөг бүр 93:39 см-ын хэмжээтэй. Дан тосон будгаар зурсан. Хүмүүсийнхээ сэтгэл зүйн байдал, дүрийг тод гаргахыг хичээж, бас аль болох инээмсэглэсэн байдлаар зурахыг хичээсэн дээ.

28

29

-АСЕМ-ын зочид, төлөөлөгчид таны үзэсгэлэнг үзээд ямар сэтгэгдэлтэй байв?

-Давгүй шүү. Жишээлбэл, Тайландын Ерөнхий сайд орж ирж үзээд хөргийнхөө өмнө зургаа авахуулсан. Бас надаар гэргийнхээ хөргийг зуруулах хүсэлтэй байгаагаа хэлж, захиалга өгсөн. Үзэсгэлэнг үзсэн бүх хүн төрийн тэргүүнийхээ хөргийн өмнө зургаа авахуулсан байх.

-Хөрөг зураад хэр удаж буй вэ?

-11 жил болж байна. Дүрслэх урлагийн дээд сургуулийн оюутан байхаасаа л натюрморт, натур их сайн зурдаг байсан. Өөрөө ч үүндээ сонирхолтой болохоор илүү цаг зарцуулдаг байлаа. Би 2008 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэл багшийнхаа удирлаганд монументаль уран зургийн анги төгссөн. Манай багш чинь Монголдоо л байгалийн зургийн ганц мастер шүү дээ.

23

24

25

26

27

-Энэ хугацаанд нийт хэчнээн хүний хөрөг зурав?

-600 орчим хүний хөрөг зуржээ. Улс төр, урлаг соёл, спортын гээд бүхий л мэргэжлийн хүмүүсийг багтаахыг хичээсэн.

-Хамгийн анх ямар хүний хөрөг зурсан бэ?

-Оюутан байхдаа анхны хөргөө зурсан. Гуравдугаар курст байсан байх. Миний багшийн найз Гадаад харилцааны сайд асан Ш.Алтангэрэл ах, түүний эхнэр, Ардын жүжигчин, төгөлдөр хуурч Т.Цолмон эгчийн хөргийг зурсан даа. Анхны захиалгаар зурсан зураг минь тэр. Тэрнээс хойш тасралтгүй хөрөг зурж байна.

-Хөрөг зураач Ц.Болдбаатар ах гэхэд Урлагийн гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Б.Долгионы зургийг их олон янзаар зурсан байдаг. Харин та хэний хөргийг хамгийн олон удаа зурсан вэ?

-Эхнэрээ л их олон зурсан даа. Оюутан байхдаа эхнэрээ үндэсний хувцастайгаар олон янзаар зурж, 15-аар нь үзэсгэлэн гаргаж байлаа. Тэдгээрийн гурав нь миний сургуулиа төгсөх дипломын ажил байсан юм.

-Хөрөг бол уран зургийн хамгийн хүнд төрөл. Яагаад энэ төрлөөр дагнаж зурдаг юм бэ?

-Дуртай, бас энэ төрлөөр хүмүүс ихэвчлэн захиалга өгдөг болохоор тэр. Хөрөг хамгийн хэцүү төрөл гэдэг нь үнэн. Харин би энэ хэцүү төрөлд өөрийнхөө хүчийг соримоор байна. Ихэнх хөрөг захиалгынх. Тэгэхээр захиалагчийн хүсэлд нийцүүлэх шаардлагатай болохоор өөрийгөө бүрэн илэрхийлж зурахад хэцүү. Гэхдээ би дандаа хөрөг зурдаггүй шүү дээ. Хувь уран бүтээлч Т.Чингисийг илэрхийлэх, зөвхөн миний мэдрэмжээр бүтсэн бүтээлүүд надад зөндөө бий. Сүүлийн үед толгойтой болгон л модерн, абстракт гээд хошуурч байна шүү дээ. Би аль алийг нь хослуулах гээд л хичээж байна.

-Хүний хөрөг зурахад арьсны өнгө, нүдний харц, биеийн болон нүүрний хөдөлгөөнийг нэг бүрчлэн гаргаж зурдаг. Алийг нь гаргахад хамгийн хэцүү бол?

-Мэдээж харц. Хоёр нүдийг нь л яг гаргавал тэр хүний ерөнхий төрхийг аяндаа л зурчихдаг. Нүд зурахад л хамаг цагаа бардаг юм байна. Зөвхөн нүдийг нь зурах гэж хэд хоног оролдсон тохиолдол бий. Ялангуяа эмэгтэй хүний нүд, харцыг зурах их ярвигтай.

-УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр танд их олон удаа хөрөг зуруулах захиалга өгсөн гэдэг юм билээ. Уран зураг цуглуулагч юм уу?

-Үгүй ээ. Миний жаахан авьяасыг үнэлдэг л хүн байхгүй юү. Н.Батбаяр ах хүмүүст баяр ёслол, тэмдэглэлт өдрөөр нь хөрөг зургийг нь бэлэглэдэг юм. Намайг анх хөрөг зурж эхлэх үеэс л тийм зургуудаа надаар зуруулсан. Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд, урлаг, улс төрийн өөрийнхөө дотны хүмүүсийн зургийг надаар зуруулж, тэдэнд бэлэглэсэн. Төрийн ордонд байдаг Тэмүүжиний хөргийг ч Н.Батбаяр ах надаар зуруулсан шүү дээ.

-Таны бүтээлүүдийг харсан зарим хүн “Гэрэл зургийг нь хэвлэчихээд дээр нь давхарлаж будсан байна, яг л гэрэл зураг мэт харагдаж байна” гэхчлэн ярилцаж байсан. Та ямар аргаар зурдаг юм бэ?

-Энгийн үзэгч битгий хэл, мэргэжил нэгтнүүд маань ч надад тийм үг хэлж, гүтгэсэн удаатай. Би хөрөг зурахдаа эхлээд тухай хүнийхээ гэрэл зургийг авдаг. Дараа нь түүнийгээ зохиомжлон зурж эхэлдэг. Эхлээд маш цайвар өнгөөр ерөнхий дүрслэлээ гаргаж, түүнийгээ арай тодруулж, бүр сүүлд нь тод өнгөө тавьдаг. Тэгэж аль болох нямбай, сэтгэл зүрхээ зориулж зурахыг хичээдэг. Нэг хөргийг 1-3 долоо хоногт зурдаг.

-Нэг хөргийг ямар үнээр зурдаг вэ. Хэмжээ, зохиомжоосоо хамаараад харилцан адилгүй байдаг уу?

-Нэг дүртэй хөргийг 2.5 сая төгрөгөөр зурдаг. Хэмжээ, зохиомж хамаарахгүй.

-Тайландын Ерөнхий сайдын эхнэрийн зургийг зурахаар болсон гэсэн. Тэрийг арай өндөр үнээр зурж байгаа юу?

-Үгүй ээ. Яг л зурдаг үнээрээ л.

-Та олон улсын уралдаан, үзэсгэлэнд бүтээлүүдээсээ “сойж” байсан уу?

-Үгүй ээ. Огт оролцож байгаагүй. Цаг нь болоогүй. Яарах хэрэггүй л гэж боддог юм.

-Хүний хөргөөс гадна ямар сэдвээр зурах дуртай вэ?

-Сайхан энергитэй зүйл зурах их дуртай. Урлаг хүнд сайн сайхан мэдрэмжийг л өгөх ёстой шүү дээ. Сайхан бүсгүй, хөөрхөн хүүхэд, өхөөрдөм амьтад, үзэсгэлэнт байгаль гэх мэтчилэн. Ц.Нарангэрэл гэж хүний шавь юм чинь байгаль зурахгүй байна гэж байхгүй. Натур, этюд гайгүй хийчихдэг хүн хөргийг арай чамбай зурдаг юм шиг санагддаг шүү.

-Амьтны хөрөг бас зурдаг юм уу?

-Тэжээдэг нохойгоо их олон зурсан. Одоо зөвхөн хүүхэд болон амьтны хөргөөр үзэсгэлэн гаргах санаатай байгаа.

-Та багаасаа л зурдаг хүү байсан уу?

-Дунд сургуулийн ахлах ангид орох хүртлээ зураач болно гэж төсөөлөө ч үгүй явлаа. Би 33 дугаар сургуулийг төгссөн юм. Багш нар маань ч намайг их дэмжсэн.

-Гэр бүлийнхээ тухай ярихгүй юү?

-Би айлын дунд хүү. Хотын унаган хүүхэд. Одоо эхнэр, хоёр хүүтэйгээ амьдардаг.

-Эхнэрийг тань бас зураач мэргэжилтэй гэж сонссон. Нэг урланд ажилладаг уу?

-Миний ханийг Ц.Амаржаргал гэдэг. Их авьяаслаг зураач. Уран зураг сонирхогчид “Гүнж арт” гээд цахим хаягаар нь андахгүй. Дан цэцэг, байгаль зурдаг.

-Ханьтайгаа хамтарч үзэсгэлэн гаргавал сонирхолтой юм байна даа.

-Яваандаа болох байх. Одоохондоо тэгэж төлөвлөсөн зүйл байхгүй.

-Хөвгүүд нь хэдтэй вэ. Зурах авьяастай юу?

-Том нь зургаа, бага нь гуравтай. Аль аль нь л авьяастай юм шиг байна. Том нь одоо тосон будгаар зурдаг.

-Таны багш Ц.Нарангэрэл бүтээлүүддээ гэрлийг их хурцаар илэрхийлж зурдаг онцлогтой. Багшийн тань арга барилаас танд юу нь шингэж үлдсэн бэ?

-Тийм шүү. Гэрэл их хүчтэй өгдөг. Нарны гэрлийг их тусгадаг. Тэр хүний гарын шавь учраас тиймэрхүү арга барил нь бас миний бүтээлүүдэд харагддаг.

-Таны бүтээлүүдээс цуглуулагч нар хэр их авдаг вэ?

-Хөргүүд дандаа захиалагчтай учраас цуглуулагчдад бараг байхгүй байх. Харин өөр төрлийн бүтээлүүдээс маань авдаг шүү. Өөрийнхөө хөргийг захиалж зуруулсан цуглуулагч нар бол бий.

-Монголд уран зураг цуглуулагч хэр олон байдаг вэ?

-50-иад байгаа байх. Монголын дүрслэх урлагийн хөгжилд цуглуулагч нар их хувь нэмэр оруулдаг гэж боддог шүү. Уран зургийг зураач, сэдэв, урсгалаар нь ангилж цуглуулдаг хүмүүс ч байна. Ц.Нарангэрэл, Ц.Энхжаргал, До.Болд, Я.Оюунчимэг, Р.Дуйнхаржав, Ч.Ичинноров, Л.Ганболд, Ё.Өлзийхутаг гэхчлэн зураачийн бүтээлүүдийн цуглуулагчид их авдаг. Бүтэн үзэсгэлэнг нь худалдаж авдаг ч тохиолдол бий.

-Уран зурагт үнэхээр дуртай, ойлгодогтоо биш, зүгээр л дүр эсгэж цуглуулдаг хүмүүс ч байдаг.

-Мэр сэр байдаг л юм. Гэхдээ огт сонирхдоггүй хүн мөнгөө зурганд үрнэ гэж байхгүй. Жаахан ч гэсэн сонирхдог болоод л авдаг байх. Зураачдаас дутахгүй мэдлэг, мэдрэмжтэй цуглуулагч ч бий.

 32

33

34

35

36

37

39

40

41

42

43

44

45

 

-Та ямар үед зурах дуртай вэ?

-Өглөө, өдөр, орой гээд хүссэн үедээ л зурдаг. Би сахилга баттай, цагаа үр дүнтэй зөв зохион байгуулж ажиллах дуртай. Зургаа зурахдаа л би өөрөөрөө байж чаддаг болохоор хэчнээн цагаар ч хамаагүй суучихдаг. Хүн харахад уйтгартай харагддаг байх л даа. Гэхдээ зураач бидэнд тэр үе л хамгийн жаргалтай байдаг юм шүү дээ.

-Зурсан зургаа хүнд худалдахад “эвгүй” мэдрэмж төрдөг үү. Харамсах сэтгэгдэл төрдөг болов уу?

-Үгүй ээ. Тухайн хүнд таалагдсан болоод л авч байгаа. Тийм болохоор харин ч сэтгэл өег үлддэг. Тэгээд ч зураач, бүтээл хоёр өөр өөр амьдралтай. Зураач нэг зургаас нөгөө зурагт шилжиж, тэр хэрээрээ чадвар нь өсөж байдаг. Харин бүтээл эзнээс эзний гар дамжиж, очсон эзэндээ мэдрэмж төрүүлж амьдрах тавилантай.

 

А.Халиун  unuudur.mn


Т.Чингис: Тайландын Ерөнхий сайд эхнэрийнхээ хөргийг зуруулахаар захиалсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.