Загвар өмсөгч Э.Энхболд гэхээр хэн хүнгүй “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын нэг хэмээн төвөггүйхэн хэлэх болов уу. Тэрээр зөвхөн загвар өмсөгч төдийгүй ямархан авьяастай хөдөлмөрч нэгэн болохоо “Яг түүн шиг” шоуны гурван сарын турш үзэгчдэд харуулсан билээ.
Тэгвэл энэ удаад бид түүнтэй загварын ертөнцийн талаар цөөн хором ярилцлаа. Тэрээр “Яг түүн шиг” шоугаа өндөрлүүлэн загварын ажилдаа ороод байгаа юм.
Э.Энхболд олон улсын томоохон загварын тэмцээн болох “International Fashion Super Model”-д оролцохоор бэлдэж байна. Тэрээр энэхүү тэмцээнийхээ бэлтгэл ажлын хангахаар өнгөрсөн амралтын өдөр Хонг Конгийг зорьсон билээ. Түүнтэй фейсбүүкээр холбогдонтэмцээний талаар цөөн хором ярилцсан юм.
-“International Fashion Super Model” тэмцээнд оролцохоор сонгогдсонд тань баяр хүргэе. Энэ тэмцээн оролцогчдоо хэрхэн сонгон шалгаруулдаг вэ. Монголоос нийт хэчнээн загвар өмсөгч оролцохоор сонгогдсон бол?
-Энэхүү тэмцээний урилга намайг “Яг түүн шиг” шоунд оролцож байхад “Монгол модель” агентлаг дээр ирсэн юм билээ. Түүний дагуу тодорхой моделиудын зураг танилцуулгыг явуулсан байсан. Тэгээд Хонг Конгийн зохион байгуулагч агентлаг нь сонгон шалгаруулалтаа хийгээд нэг эрэгтэй, хоёр эмэгтэйг сонгосон.
-Өөрөөс тань гадна ямар хоёр эмэгтэй загвар өмсөгч сонгогдсон юм бэ?
-Манай хоёр эмэгтэй моделийн хувьд монголдоо нэр хүндтэй гадаад дотоодын томоохон арга хэмжээнд оролцож байсан загварын чиглэлээр өсөж яваа туршлагатай моделиуд сонгогдсон байгаа. Б.Буджаргал бид хоёр чинь бараг нэг үеийн моделиуд гэж хэлж болно. Бид хоёр 2011 онд “Asian Star Model” авч байлаа. Мөн Будаа маань Сингапурт гэрээт моделиор ажиллаж байсан. Манай Ю.Балжидмаа бас л өсөх ирээдүйтэй модель охин байгаа. Мөн тэрээр миссийн чиглэлээр маш олон тэмцээн уралдаанд оролцож шагнал авч байсан. Бас өмнө нь БНХАУ-ын Гуанжоу, Сингапурт гэрээт моделиор ажиллаж байсан туршлагатай загвар өмсөгч.
-Тэмцээн хэзээ болох вэ. Ямар шалгуураар шилдгүүдээ тодруулдаг вэ?
-Тэмцээн маань ирэх есдүгээр сарын 8-12-нд болно. Бид Хонг Конгт энэхүү тэмцээнийхээ хэвлэлийн бага хуралд оролцсон. Мөн ирэх есдүгээр сард болох тэмцээнийхээ рекламны зураг авалт болон үүний хажуугаар Конгконгийн загварын долоо хоногийн сонгон шалгаруулалтад оролцох ажлын төлөвлөгөөтэй ирсэн.Шалгаруулах зарчим нь энгийн. Мэдээж загварын шилдэг моделийг шалгаруулах учраас зураг авалт, тайзны алхааг голчлон харна.
-Өөрийг тань Хонг Конгийн загварын долоо хоногийн сонгон шалгаруулалтад оролцоод тэнцсэн гэж сонслоо. Баяр хүргэе. Энэ тэмцээнд оролцсоноороо ямар боломжууд нээгддэг вэ?
-Баярлалаа. Энэхүү тэмцээнд оролцсонооро олон боломжууд нээгдэж байгаа. “Solid” fashion model management agency “Asian fashion model association”-аас зохион байгуулж буй энэхүү тэмцээний хэвлэлийн хурал, зураг авалт болон загварын долоо хоногийн сонгон шалгаруулалтад бид амжилттай оролцлоо. Ирэх есдүгээр сард зохион байгуулагдах тэмцээний шилдэг оролцогчдод зохион байгуулагчдын зүгээс Хонг Конгийн загварын зах зээлийн үүд хаалгыг нээж өгч байгаа. Түүнчлэн ирэх арваннэгдүгээр сард болох энэхүү тэмцээний дэлхийн хэмжээний том шалгаруулалт болно. Тэр тэмцээнд оролцох боломж бас нээгдэж байгаа.
Г.Даша Eagle.mn