Эмэгтэйчүүд амьдралын нарийн асуудлыг олж харж чаддаг
УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол:
-2012 оны сонгуулийн хууль нэлээд өөрчлөлт орж, сонгуулийн шинэчлэлийг Монгол Улс анх удаа хийсэн. Улстөрийн намуудыг хариуцлагатай болгох, төлөөллийн ардчиллыг улстөрд оруулж ирэх боломжийг олгосон. Энэ утгаараа Монголын улстөрийн намууд нэр дэвшигчдийнхээ 20 хувь буюу 16 эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Манай нам ч 16 эмэгтэйг дэвшүүлсэн.
Одоо ард түмнээс өгсөн итгэлийг ялалт болгож ирэх нь УИХ-д нэр дэвшигч эмэгтэйчүүдийн хувьд үүрэг гэж ойлгож байгаа. Жижиг гэж орхилгүй эрчүүдийн олж хараагүй асуудлуудыг эмэгтэйчүүд харж шийдвэрлүүлэхийн төлөө зүтгэдэг. Эмэгтэйчүүд амьдралд ойрхон асуудалд ханддаг. Улстөрд төр шударга, цэвэр байгаасай гэдэг нийгмийн захиалга, хүсэлт, хүлээлт байна. Монголын эмэгтэйчүүд үүнд хариулт өгч чадна. Ардчилсан нийгэм байгуулагдсан сүүлийн 20 жилд Монголын улстөрд оролцож явсан олон бүсгүйчүүд бий. Улстөрийн албан тушаал хашсан ямар ч эмэгтэй хүн албан тушаалын болон авлига, хээл хахуулийн хэрэгт орооцолдож байгаагүй. Өнөөдөр эмэгтэйчүүд тухайн салбартаа хамгийн найдвартай, хариуцлагатай ажил хийж байна. Монгол Улсын бүхий л ачааны хүндийг эмэгтэйчүүд үүрч байгаа гэдэгтэй маргах хүн байхгүй.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал: Улс төрийн шилэн таазыг эмэгтэйчүүд бид өөрсдөө сэтэлнэ
Улс төрд бол эмэгтэйчүүдэд дүрэм байдаггүй. Тэд эрчүүдийн тогтоосон дүрмээр тоглодог. Тоглоомынхоо дүрмийг эмэгтэйчүүд өөрсдөө мэддэггүй учраас хаа нэгэн газар хаягддаг. Тэгээд өөрөө дүрэмтэй өөртөө зориулсан дүрмээ тогтоогоод улс төрд эр хүн шиг тоглож, эмэгтэй хүн шиг ялах боломжийг бий болгох ёстой. Үүнд эмэгтэй хувь хүний хүчин зүйл байгаа. Эмэгтэй хүнийг хувь хүний хөгжлийн хувьд нь авгай, гэргий, хатан ухаан гэж ангилан үздэг. Авгай гэдэг нь биологи болон нийгэмдээ богинохон ухаантай хүнийг хэлнэ. Харин гэргий гэдэг нь үр хүүхэд, хань ижил, орчин тойрондоо дандаа сайн сайхан үйлийг хийж гийсэн ухаантай бүсгүй хүнийг хэлнэ.
Хатан ухаан -орон нутаг, хань ижил, нийгэм төрийн асуудлыг сэтгэх чадвартай хүнийг хатан ухаантай бүсгүй хүн гэж байгаа юм. Тийм учраас З.Бат-Отгоны яриад байгаа хатан ухаанд сургаж, хөгжүүлэх хэрэгтэй байна. Эмэгтэйчүүд тийм болж чадаагүй учраас улс төрд байр сууриа эзэлж чадахгүй, эмэгтэйчүүдээс өөрсдөөс нь шалтгаалах хүчин зүйлийг тооцох хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн загвар үлгэр жишээ болох хүн улс төрд хараахан төрөхгүй байна. Яагаад гэвэл эмэгтэй хүн улс төрд байснаар үнэхээр хэрэгтэй юм байна гэсэн бодол сонгогчдод бий болоогүй.
Түрүүнд нь байсан эмэгтэй улс төрчид бол дандаа эр хүн дагасан, тэдний нөлөө, нөмөр нөөлөгт чирэгдэж явсан ийм л хүмүүс байдаг. Бид үүнийг засах хэрэтэй, шинэчлэх хэрэгтэй.Тийм болохоор улс төрд эмэгтэй хүн өөрийн гэсэн дүрэм журамтай байх ёстой.
Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Баярсайхан: Эмэгтэйчүүд нийгэм руу чиглэсэн бодлого гаргана
–Эмэгтэй хүн шийдвэр гаргах түвшинд түлхүү орж ирвэл айл гэрт орсон бодлого гарч ирнэ. Өглөө эрэгтэй хүн гэрээс гарахдаа ажлаа бодоод л гараад явдаг. Харин эмэгтэй хүн хүүхдийн маань оймс нь цоорхой билүү, дэвтэр номтой бил үү талх мах юу билээ гэдгийг давхар бодож явдаг. Ийм торгон ухаан эмэгтэй хүнд л байдаг. Уул уурхайн нэг хуулийн төсөл ороод ирлээ гэхэд эндээс яг өрх гэрт орох нь хэд байх бол гэдгийг эмэгтэй хүн л тооцно. Тийм учраас төрийн бодлогод хатан ухаан зайлшгүй хэрэгтэй. Эмэгтэй хүний уян хатан, цагаан сэтгэл төрд байх нь хэрэгтэй. Эмэгтэй хүн аливааг эвлэрүүлж зөөлрүүлж байдаг төрөлхийн зантай. Наад зах нь улс төрч эрчүүд намаараа талцаад хар яр гээд хэрэлдээд унахад эмэгтэй хүн тэрийг зөөллөнө шүү дээ. Эмэгтэй хүн зөөлөн атлаа аливааг давхар бодож явдаг ухаантай хүмүүс. Гэр бүл гэдэг бол нэг л улс гэсэн үг. Гэр бүлээ авч явж чадаж байгаа хүүхнүүд төр засгийг засаад явж чадна гэдэгт би итгэдэг. Энэ жилийн сонгуулиар улстөрч эмэгтэйчүүд тодорхой квотоор орж ирлээ. Эмэгтэйчүүдээ сонгогч эмэгтэйчүүд маань дэмжих ёстой шүү гэдгийг би зориуд тэмдэглэж хэлмээр байна.
Ч.БАЗАР: ПАРЛАМЕНТАД ЭХИЙН СЭТГЭЛ, ЭХ ХҮНИЙ НҮДЭЭР ХАРСАН БОДЛОГО ДУТАЖ БАЙНА
Монгол улсад маань шийдвэрлэх олон асуудал байхад хүн амын тал илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүд бид зөвхөн бор гэртээ л бор ходоодоо болгоод сууна гэдэг үнэхээр сэтгэл өвтгөдөг. Монголын эмэгтэйчүүд боловсролтой, үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй л юм бол бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж, хөгжил дэвшлийн төлөө зүтгэх ёстой юм. Ганцхан жишээ хэлэхэд л эмэгтэйчүүд бид парламентад олноор сонгогдчихвол өөрсөддөө тэрбум, тэрбум хувиарлан суудаг өнөөгийн тогтолцоог өөрчилж чадна шүү дээ. Гэтэл зөвхөн нэгхэн жилд цацагдаад алга болчихдог 76 тэрбумаар төрөх эмнэлэг, цэцэрлэг, сургууль хэдийг барих вэ? Энэ 2012 оны төсөвт нэг гишүүний 1 тэрбум 3 тэрбум болж, орон нутгийн хөгжлийн сан нэрээр хувиарлагдсан байдаг. Энэ 228 тэрбум төгрөгөөр тэд юу хийх бол? Эмэгтэй гишүүд олноор сонгогдвол татвар төлөгчдийн энэ их мөнгийг ингэж дураар үрэн таран хийхгүй. Эмэгтэйчүүд улс төрийг ёс зүйтэй болгодог.
Түүнчлэн, хүний эрхийг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэхэд, хүний эрхийг хамгаалахад эмэгтэй улс төрчдийн дуу хоолой маш их чухал байна.