“Бүргэдтэй анчин охин” баримтат киноны найруулагч Отто Белл: Айшолпан охин бол XXI зуунд харж болох 2000 жилийн түүхийн гэрч

Монголын казах үндэстэн охин Айшолпан Нургайвын тухай “Бүргэдтэй анчин охин” баримтат кино өнгөрсөн нэгдүгээр сард болсон кино наадмад оролцсоноос хойш кино салбарынхны анхаарлыг ихээхэн татсан билээ. Энэхүү кинонд Монголын алс баруун  хязгаарт амьдардаг Айшолпан гэх 13 настай охин хэрхэн өөрийн бүргэдийг багаас нь анд сургаж байгаа, жил бүр болдог анчдын тэмцээнд 70 гаруй эрчүүдтэй хэрхэн өрсөлдөж байгаа зэргийг харуулдаг.

“Айшолпан охин бүргэдээр ан хийдэг анхны эмэгтэй биш бөгөөд Персд X дугаар зуунаас эхлээд эмэгтэй хүн бүргэдээр ан хийж эхэлжээ. Мөн 1932 онд Монголын Ниргидма гүнж бүргэдээр ан хийж байсан тухай зураг National geographic-ийн архивт хадгалагддаг. Харин Айшолпан охин “Алтан бүргэд” фестивалд оролцож байгаа анхны эмэгтэй анчин юм” хэмээн тус баримтат кинонд өгүүлнэ.


101_eagle_huntress.adapt.1190.1

Энэ зураг бол зурагчин Ашер Свиденскийгийн 2014 онд авсан зураг. Харин одоо Айшолпан охин “Бүргэдтэй анчин охин” баримтат киноны гол дүр. Тэгвэл уг киног Хойд Америк, Латин Америк, Герман, Скандинавийн орнууд болон Азийн кино зах зээлд гаргах эрхийг Sony Pictures Classic худалдан авсан билээ.
Ингээд тус киноны найруулагч Отто Беллийн Washington post сонинд өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
-Кино хэрхэн бүтсэн талаарх яриагаар ярилцлагаа эхэлье.
-2014 оны дөрөвдүгээр сард би интернэтээр зураг үзэж байгаад Ашер Свиденкийн авсан Айшолпан охины зургийг харсан юм. Тэр охин бүргэдтэйгээ байгаа байдал яг л уран зураг шиг байсан. Түүний царай, хүрээлэн буй байгаль орчин, гайхамшигт бүргэд гээд л. Тэгээд би Ашертай фэйсбүүкээр холбогдож, түүний зурагны талаар ярилцаж эхэлсэн юм. Хэрвээ бид энэ дүрсэнд дуу хөгжим, хөдөлгөөнийг хослуулж чадвал өөрсдийн гараар гайхалтай баримтат кино бүтээчихлээ гэсэн үг биз? гэж бодсон. Ингээд л бид Айшолпан болон түүний гэрийнхэнтэй уулзахаар яаран очсон юм.
-Бүргэдийн ан бол Монголын уламжлалт спортын төрөл шиг санагдсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Юун түрүүнд бүргэдээр ан хийх нь спорт биш уламжлалт ёс заншил юм билээ гэдгийг хэлье. Онцолж хэлэхэд, энэ уламжлал нь тэдэнтэй салшгүй холбоотой. Энэ бол тэдний нэг ёсондоо хобби гэж хэлж болохоор юм шиг санагдсан. Монгол нутгийн баруун хязгаарт орших Казак түмний өөрсдийгөө илэрхийлэх томоохон уламжлал нь бүргэдийн ан аж. Эндээс ан амьтан, хүн хоёр байгалийн ямар уялдаа холбоотой байдгийг харж болно. Энэ бол гайхалтай, итгэмээргүй хослол.
-Таныг баримтат киногоо хийхээс өмнө Айшолпан охин бүргэдээр ан хийдэг хэмээн олонд танигдчихсан байсан уу?
-Ашерын зураг аль хэдийнэ дэлхий даяар алдартай болж баримтат киноны маань гол дүр охин олны танил болчихсон, хүмүүсийн сонирхолыг их татчихсан байсан. Өөрөөр хэлбэл, энэ охин хаана хэрхэн амьдардаг, бүргэдээр хэрхэн ан хийдэг гээд л их зүйлийг сонирхсон байв. Би энэ киног хийснээрээ хамгийн азтай. Учир нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан Айшолпан охины түүхийг хэн ч мэдээгүй, хэнд ч үзүүлээгүй тэр л шинээр бид баримтжуулсан шүү дээ. Айшолпан охины амьдардаг, ан хийдэг Алтайн уулсын орчим 250 гаруй бүргэдтэй анчид байдаг ч 13 настай тэгээд эмэгтэй хүүхэд гэдгээрээ илүү содон байсан.
-Айшолпан охин кинод зураг авахуулах ямар ч туршлага байгаагүй гэхэд итгэмээргүй чадварлаг байсан. Түүний түүхийг бүтээхийн тулд хаана, хэрхэн зураг авалт хийж байв?
-Түүний дотор гайхалтай тэсвэр тэвчээр, зориг нуугдаж байсныг бид зураг авалтын үеэр олж мэдсэн. Би болон манай зураг авалтын жижиг групп хасах 50 хэмийн хүйтэнд уулын орой дээр хөлдөх гэж байсан. Гэтэл Айшолпан шагайгаар татсан гутал өмсчихөөд 15 паунд жинтэй бүргэдээ гар дээрээ суулгачихсан зүгээр л явж байгаа юм. Түүнийг өсгөн хүмүүжүүлж байгаа өвөг дээдэс, тэр уламжлал ямар гайхалтай гэдгийг ойлгоход тун бэрх. Энэ хосгүй уламжлалыг өвлөн авч байгаа энэ охин хэн юм бэ гэдгийг зураг авалтын үеэр ойлгож байлаа. Ямартай ч Алтайн уулс орчимд амьдарч байгаа иргэд мартагдашгүй амьдралын хэв маягтай юм билээ гэдгийг хэлье.
Ингэхэд, тэр ердөө 13 настай. Нууцхан инээмсэглэсэн, хөөрхөн, ичимхий охин. XXI зуунд харж болох 2000 жилийн түүхийн гэрч болсон охин юм. Эхэндээ зураг авалт хийж байх үед тэр ичээд бараг ярьдаггүй байсан. Тэгээд л “камерууд байгааг март, зүгээр л тайван энгийн бай” гэгчлэнгээр зааж зөвлөж байсан даа.
-Айшолпаны эцэг эх охиныгоо бүргэдээр ан хийхэд дэмжиж тусладаг гэсэн. Ялангуяа аав нь. Уламжлалт ёс заншилаа алдахгүй гэсэндээ эсвэл бүргэдээр ан хийдэг анхны эмэгтэй анчин болгох гэж тэгсэн юм болов уу?
-Айшолпан бол бүргэдээр ан хийдэг анхны эмэгтэй анчин биш гэдгийг хэлэх нь зүйтэй. Казак нутгийн Макпал Абдразакова хэмээх эмгэн түүнд бүргэдээр ан хийхийг хамгийн анх зааж өгсөн юм билээ. Гэхдээ Айшолпан бол “Алтан бүргэд” наадамд оролцсон анхны эмэгтэй анчин юм. Тэр өөрийн удмын 12 дахь үеийн бүргэдээр анх хийдэг чадварлаг эмэгтэй анчин болсон.
Түүний эцэг эх нь охиноо багаас нь л анчин болгосон мэт надад сэтгэгдэл төрсөн. Учир нь түүний ээж Алма “Манай охин балчир байхаасаа л аавынхаа бүргэдийг арчилж, тойглодог байсан. Тэр анхнаасаа л шувуутай амархан учраа олчихдог байлаа. Дараа нь байдал бүр ч тодорхой болсон. Ах нь цэрэгт мордож, Айшолпан ахынхаа хийдэг байсан бүхнийг хийх болсон. Охин маань эршүүд болсон л доо. Халуунд халдаггүй, хүйтэнд хөрдөггүй, яг л эрэгтэй хүн шиг их зоригтой болж байсан. Тэгээд би бодсон, охин маань аавыгаа дагаж анд явбал яадаг бол гэж. Миний нөхөр их шударга, бас их сайн анчин. Алдартай анчин. Тэгээд л охин маань өөрөө бүргэдэд хайртай юм чинь үндэснийхээ заншлыг яагаад уламжлан авч болохгүй гэж бодсон. Охин маань чадсан. “Алтан бүргэд” наадамд ч амжилттай оролцож чадна” хэмээн ярьсан юм. Анх бүргэдээр ан хийхийг ээж нь дэмжиж, аав нь зааж өгсөн гэсэн үг. Одоо ч аав нь заасаар байгаа.
-Монголын тал нутаг дахь аж амьдралын талаарх энэхүү киноноос яг юуг голлон харуулахыг зорьсон бэ?
-Манай кино зургийн баг маш цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй. Ердөө дөрвүүлэхнээ. Гэхдээ бид энэхүү баримтат киногоороо Монгол орон ямар өргөн уудам юм бэ гэдгийг уран сайхны аргаар харуулахыг зорьсон. Зураг авалт нийт 3 талбарт хийгдсэн. Монгол-Хятад улсын хилийн ойролцоох хэсгүүд, өндөр уулын орой болон суурин газар зураг авалт явагдсан. Зураг авалт хийхэд нийт 22 өдрийг зарцуулсан. Цаг агаарын эрс тэрс нөхцөлд мөн байгалийн зэрлэг амьтантай шууд харилцаа тогтоон ажилласан нь бидний хувьд их туршлага болсон. Зарим үед бүргэд нь ан хийхгүй, бид хий хоосон бичлэг хийж сууна, бас их ярвигтай байлаа. Гэхдээ бид үнэхээр сэтгэл хангалуун буцсан шүү.
Э.Энхчимэг


“Бүргэдтэй анчин охин” баримтат киноны найруулагч Отто Белл: Айшолпан охин бол XXI зуунд харж болох 2000 жилийн түүхийн гэрч
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.