Хорвоод анх мэндлээд л хайр дүүрэн халуу дүүгсэн энгэрт нь тэврүүлдэг. Хүсэн хүлээсэн хүүхдээ өсгөх гэж эх хүн хэдэн арван шөнийн нойроо хугасалдаг. Хүүхдээ мөлхөж эхлэхэд ээж нь хамтдаа мөлхөж, хоёул хамт өдөржин шалны шороо арчдаг. Хоёр гурав алхаж хөлд ороход нь уначих вий гэж болгоомжлохдоо урд хойно нь ээж нь л гүйдэг. Хэдэн үг хэлж шулаганахад хамгийн түрүүнд ээж нь ойлгож хариуг нь хүүдээ хэлдэг, халуун цай татахад нь хамгийн түрүүнд гүйж очоод гараа түлэх тохиолдол бас бий. Томоогүй бяцхан хүү нь ээжийгээ морь болгон унаж, дайсан болгон буудна. А үсгийг анхлан зааж, эрдмийн замд ээж нь л хөтөлдөг. Айлын хүүхдүүдтэй зодолдож, буруу зүйл хийсэн хүүгээ бусдын нүднээс ээж нь л харамладаг.
Та гаднаа намайг зэмлэсэн ч, дотроо хайрлан өмөөрч байдаг. Харанхуй гудамжны үзүүрт хүүгээ хүлээн хүйтэн салхинд жиндэж, хөрч зогсдог нь эх хүн. Зовлонт амьдралын сүүдрийг үрдээ тусгахгүй гэсэндээ эх хүн тэр бүхнийг биеээрээ хааж зогсохдоо нүдэндээ нулимстай инээж чаддаг. Таны хийж өгсөн хоол , таны сүүний амт хамгийн амттай байдаг. Та миний хамгийн хэцүү хүнд үед тусалж дэмжиж чаддаг гэхдээ хэзээ ч эргээд хариу нэхдэггүй. Хорвоо дээр та ганцхан намайг л боддог. Хол ч байсан, ойр ч байсан та миний л хажууд байдаг. Бүдэрч босож явахад гараа өгдөг, би танд үргэлж хүүхдээрээ байдаг. Та надтай өмнө нь ч ярьдаг, дараа нь ч ярьдаг. Та намайг юу хүсэж байгааг хамгийн сайн мэддэг. Би таньтай бүх эд эсээрээ адилхан. Ярьж, дуулж, хөдөлж байгаа нь хүртэл. Би өвдөхөд та надаас илүү шаналдаг. Хорвоо дээр миний л ээж ганцхан. Энэ хорвоод хүн болсны утга учир эх хүнд л байдаг. ЭЭЖЭЭ таньдаа БАЯРЛАЛАА.
Та бүхэнд найруулагч Б.Чингүүний ээлжит богино хэмжээний киног хүргэж байна. Үзэж дуусаад сэтгэгдлээ. Энд эсвэл Youtube суваг дээр нь заавал үлдээж урмын үг хайрлаарай. Ойрд яриагүй бол ээж рүүгээ нэг залгаарай, ойрд уулзаагүй бол ээж дээрээ нэг очоорой.