Хөх луу жил хоёр сонгууль зэрэг болж, 600 орчим хүн өрсөлдөж байгаа тул нутаг усныхан байтугай хамаатан садан, эхнэр нөхрүүд сонгуулийн салбарт таарч байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр хүү Э.Батшугартайгаа хамт намын листнээс нэр дэвшиж байгаа. УИХ-ын гишүүн Э.Балдан-Очир МАН-аас УИХ-д нэр дэвшиж байгаа бол түүний гэргий С.Намсрайжав мөн тус намаас НИТХ сонгуульд өрсөлдөж байгаа юм. Нэг гэр бүлийнхэн үзэл бодол, үнэт зүйл, зорьсон зорилго нэгтэй тул үүнийг яахан буруутгаж болох. Харин тоонот гэрт толгой холбосон, ураг төрлийн холбоотой зарим нь өөр өөр, өрсөлдөгч намуудаас сонгуульд нэр дэвшиж байгаад цөөнгүй хүн хачирхаж байна.
МоАХ-ны тэргүүн Х.Баттулга энэ жил дахин Баянхонгор аймгаас өрсөлдөж байна. Түүнийг яаж ч байсан суудал авах чансаатай нэгэн гэж үнэлж байгаа юм. Харин түүний эхнэр Ц.Энхтуяа нөхрийнхөө олон жил зүтгэсэн АН-аас биш гуравдагч хүчин болох ИЗНН-ын мөрийн хөтөлбөрийг сурталчилан НИТХ-д нэр дэвшээд байна. Тэрбээр ИЗНН-ын намын листийн есд бичигджээ. Ц.Энхтуяа бол нөхрийгөө дагаад бизнес сэтгэлгээтэй хүн. Дэлхий даяар сүлжээтэй “Орифлэйм”-ийн гайгүй сайн ажилтан. Монголд Г.Оюунгэрэл захирлын дараа орохоор “том” хүн гэнэ. Гэхдээ “Орифлэйм”-д улс төрд хөл тавихаар шийдсэн бол энэ сүлжээнээс заавал гарах дүрэмтэй байдаг аж. Энэ дагуу Г.Оюунгэрэл хатагтай Н.Энхбаярыг АТГ-аас баривчилсны дараа гэнэт мэдэгдэл хийж, МАХН-д элссэнээр “Орифлэйм”-ийн карьераа орхиод байгаа. Х.Баттулгын эхнэр Ц.Энхтуяа ч мөн дээрх дүрмийн дагуу ашигтай наймаанаасаа гарах шаардлагатай болжээ. Мэдлэг, чадвараараа хэнээс ч дутахгүй энэ эмэгтэй улс төрд хөл тавьж байгааг буруутгах хүн байхгүй. Харин гэрийн хүн нь АН-д ийм хүчтэй нөлөөтэй байхад яагаад заавал ИЗНН-ыг сонгосон нь олон хүнд хачирхалтай санагдаж байгаа юм.
Мөн АН-аас Дундговь аймгийн ганц мандатыг “сугалж” чадсан “Мон-Уран” компаний захирал Б.Наранхүүгийн эгч өрсөлдөгч хүчийн болох МАН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшээд байгаа. Б.Саранчимэг нь МАН-ын дэргэдэх Нийслэлийн НАМЭХ-ны дарга, намдаа бас ч гэж байр сууриа эзэлсэн эмэгтэй байдаг. Тиймээс ч энэ жил НИТХ-ын нэр дэвшигчдийн намын листийн дөрөвт бичигдсэн байна. Уг нь дүү Б.Наранхүүгээ МАН-аас сонгульл өрсөлдүүлэх хүсэлтэй байсан ч МАН-ын удирдлагууд “нэр хүндэд муу” гэсэн шалтгаанаар татгалзсан юм.
Харин иргэний нийгмийн төлөөлөгч гэгдэж байгаад АН-д орсон Ж.Батзандангийн төрсөн ах МАН дотор тун амжилттай дээшилж явааг хүмүүс тэр болгон мэддэггүй. Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргаар ажилладаг. Түүнийг дараагийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн тоонд нам нь бүртгэж байгаа сурагтай.
Энэ мэт өрсөлдөгч намуудад гэр бүлээрээ хуваагдан орсон тохиолдол цөөнгүй байгаа аж. Сонгуулийн эрх аваад гараад ирсэн тохиолдолд хэн хэн нь намынхаа эрх ашгийг харах уу, гэрийн хүнээ дэмжих үү гэсэн сонирхолтой асуудал гарч ирж байна.
Т.Гэрэл