Одоо 19 настай И.Төгсөөг ганц үгээр дүгнээч гэвэл тэрээр хөгшчүүдийн хэлдгээр ёстой л “эвдрээгүй охин”. Тэрээр 180 см-ийн өндөртэй, биеийн харьцаа нь 92х64х93. Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, эдийн засгийн II курсын оюутан. “Үнсгэлжин”, “Монголжингоо” гээд уралдаан тэмцээнд оролцдог байсан И.Төгсөө 12 настайгаасаа загвар өмсөж ирсэн. Анх “Miss international-2005″ тэмцээнд оролцож, гуравдугаар байр буюу фото миссийн өргөмжлөл, 2009 онд “Miss friendship international” гэх 70 орны гоо бүсгүйчүүд оролцсон уралдаанаас эхний байр, 2010 онд “Miss Global beauty Queen” олон улсын наадмын мөн тэргүүн байрын шагналыг тус бүр гардаж байсан.
Ингээд түүний ярилцлаганд анхаарлаа хандуулна уу.
-Удахгүй явах “Мисс интернэшнл 2011” тэмцээндээ хэр бэлтгэж байна?
-Энэ бол миний оролцох олон улсын миссийн гурав дахь тэмцээн болно. Аравдугаар сарын сүүлээр эхэлнэ гэсэн. Яг хугацаа нь тодорхой болоогүй л байна. Гэхдээ бэлтгэж байгаа. Хэлний болон бусад мэдлэгээ сайжруулж, гоо сайхнаа анхаарч, галбиржуулах дасгалд явж байгаа.
-Ямар амжилт үзүүлнэ гэж бодож байна?
-Олон улсын тэмцээнд орж байгаа болохоор шилдэг тавд багтчих юм сан гэсэн нууцхан хүсэл мэдээж бий.
-Одоо чи ердөө 19-тэй. Цаашдаа “Дэлхийн мисс” бол санаанд чинь багтаж байгаа байх?
-Байгаа, байгаа /инээв/. Ямар ч байсан энэ удаагийн тэмцээнд оролцсоныхоо дараа бодсон юм байгаа. Эхлээд Солонгост сурна. Тэнд сурахдаа хэлээ сайжруулж, хоёр хэл дээрээ дахин хэл сурахыг хүсч байна. Мөн нүүр, бие хаа гээд гоо сайхандаа ихээхэн анхаарна. Тэгээд 2013 оны “Дэлхийн мисс” тэмцээнд орох юм сан гэсэн бодол бий.
-Монгол, гадаад охидтой өрсөлдөж үзсэн юм байна. Өрсөлдөгчдийн хувьд аль нь илүү вэ?
-Монгол охид илүү бүжгийн эвсэлтэй, хөдөлмөрч зантай. Бусад орны миссүүд янз бүрийн тэмцээн, уралдаан боллоо гэхэд оролцохгүй инээгээд л суугаад байдаг юм. Тэгэхэд манай охидууд бол өөр шд. 2009 онд Манжуурт нэг тэмцээнд орж байсан. Тэнд 15 охин Монголоос, 20 охин Хятадаас, Оросоос бас арав гаруй охин орж байсан юм. Тэгээд тэмцээн зохион байгуулахад Монгол охидууд л хүмүүсийгээ хөгжөөх гээд голд нь орчихсон байдаг. Гэтэл нөгөө хоёр орны охидууд инээгээд л суугаад үлдээд байдаг юм билээ. Тэгэхээр манайхан илүү дайчин, хөдөлмөрч байдаг.
-Гадаадад тэмцээн уралдаанд орохдоо эх орныхоо чухам юуг нь бахархан ярих дуртай байдаг вэ?
-Олон улсын тэмцээнд ороход И.Төгсөө гэх нэр биш Монгол гэх нэр гардаг. Тайзан дээр дуудахад хүртэл “Miss Mongolia” гэж дууддаг. Хамгийн их бахархдаг, ярих дуртай зүйл маань орчин үеийн залуусын хөгжил. Өнөөдөр залуус маань хоёроос дээш гадаад хэлтэй байна. Энэ мэтээр сүүлийн үеийн залуусынхаа мэдлэг боловсролыг гайхуулах дуртай.
-Гадагшаа тэмцээн уралдаанд явж оролцоход Монголчууд хэр ичимхий байдаг вэ. Чи ямар вэ?
-Би гайгүй ш дээ. 2009 онд “Miss friendship international” гэх 70 орны бүсгүйчүүд оролцсон тэмцээнд ороход миний хувьд гадаад хэлний бэлтгэл их муу байсан. Тийм болохоор бусадтайгаа харьцаж чаддаггүй. Харьцаж чадахгүй хүн чинь инээгээд л яваад байна шүү дээ. Эндээс явахдаа уг нь англи хэлний ярианы өврийн дэвтэр аваад явсан. Тэгээд яваандаа гайгүй болдог юм билээ. Хэл сайн байвал хүмүүстэй нээлттэй харилцаж чадна. Тиймээс энэ удаа хэлээ сайжруулъя гэж бодож байгаа. Тэгээд англи, солонгос хэлтэй бол гайгүй байх аа.
-Өөр юун дээр анхаармаар юм байна?
-Хувийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй юм билээ. Гэнэтийн хүлээн авалтууд их болдог. Тэр бүрт нэг хувцсаа өмсөөд байдаггүй байх хэрэгтэй. Хажуугаар нь зохион байгуулж байгаа бүхэнд нь оролцож, илүү идэвхтэй байх ёстой. Одоо болох гэж байгаа тэмцээнд би гүрийж байгаад, хамаг байдаг хүчээ шавхаад орно л гэж бодож байгаа.
-Аль 12 настайгаасаа тайзан дээр гарсан болохоор одоо бол сандрахаа больсон байх. Ер нь миссийн тэмцээнд оролцож байхад хамгийн хэцүү гараа нь юу байдаг вэ?
-Энэ удаагийн тэмцээнд ороход сандарсан. Надад хамгийн хэцүү нь шүүгч нарын өмнө асуултанд хариулах. Хэчнээн тэр асуултыг мэддэг ч гэсэн сандраад байдаг юм. Саяын тэмцээнд би сандраад асуултандаа бараг хариулж чадаагүй гэж боддог. Уг нь “та гоо сайхны мэс заслыг юу гэж боддог вэ” гэсэн их амархан асуулт ирсэн. “Хувийн дугаар 1” гээд хөтлөгч зарлангуут хүмүүс “энэ юу гэж хариулах нь вэ” гээд чив чимээгүй болчихсон. Би дотроо “буруу хариулвал хүмүүс шоолоод инээлдэх нь сонсогдоно доо” л гэж бодоод байсан. Ер нь нэг номер байх хэцүү юм билээ. Эхлээд гоё санагдаж байсан чинь сүүлдээ бүх тэмцээнд салхийг нь хагалаад эхлэхээр хэцүү ч юм уу гэж санагдсан.
-Миссийн тэмцээнд ороход багагүй зардал гаргадаг байх?
-Нуулгүй хэлэхэд нэг тэмцээнд ороход сая гаруй төгрөгийн зардал ордог. Гоёлын даашинзаа гэхэд л прокатнаас аваад өмсөх хэцүү. Тэгснээс өөртөө таалагдсан гоёыг авах хэрэг болно. Миний өмссөн ягаан даашинз гэхэд л 530 гаруй мянган төгрөг байсан. Гэрийнхэн маань “миний охин л хөөрхөн харагдаж байвал мөнгө нь хамаагүй ээ” л гэсэн. Тэгээд нааш, цаашаа явах машин тэрэгнээс эхлээд л, ер нь их зардалтай.
-Яагаад ер нь миссийн тэмцээнд ороод байя гэж боддог болсон юм бэ?
-Хүмүүс бас “Монголд хаана миссийн тэмцээн болно, тэнд Төгсөө ороод явж байна” гэж ярьдаг юм. Би өөрөө тайзан дээр инээгээд алхах их дуртай. Ер нь хүний өөдөөс инээх их дуртай. Хүн өдөр тутам инээж амьдрах гоё шүү дээ. Загвар өмсөх ч бас гоё л доо. Гэхдээ миссийн тэмцээнд орох нь илүү гоё.
-Шагналынхаа мөнгийг юунд зарцуулдаг вэ?
-Би уг нь авсан шагналаа гэрийнхэндээ зарцуулдаг байсан. Харин одоо бол өөртөө зарцуулж, мөнгөө хуримтлуулна гэж боддог. Хичээл рүүгээ явдаг унаатай болдог ч юм уу гэж бодож байгаа. Би хаустай болоод гэр бүлээрээ амьдрана гэж мөрөөддөг.
-Загвар өмсөгч, мисс хүмүүсийг янз бүрээр л хэлэх юм. Чи юу гэж бодож байна?
-Загвар өмсөгчдийг, миссийн тэмцээнд орж байгаа охидыг “тэрэнтэй явдаг, энэнтэй явдаг Мянгаагийн өвөрт орно доо” гээд л хүмүүс ярьдаг. Бүр сайтуудын мэдээний дор тэгээд сэтгэгдэл биччихсэн байна лээ. “Болиоч дээ, залуусаа” л гэж хэлмээр байна. Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах гэж зүтгэж яваа нэгийгээ ингэж бичих хэрэг байгаа ч юм уу. Тийм болохоор би иймэрхүү ярианд орохгүй гэж бодож явдаг даа.
-Ивээн тэтгэе гэдэг санал ер нь ирж байсан уу?
-Ирдэг байсан. Би хүлээн зөвшөөрч байгаагүй.
-Сая Монголын мисс тэмцээн дээр “Чи хэн бэ” гэдэг асуулт ирж байсан. Хэрвээ энэ асуулт чамд ирвэл?
-Их сайхан хариулт өгч байсан. Миний хувьд одоогийн байдлаар гэвэл би энэ дэлхий дээр амьдарч байгаа жирийн нэг Монгол бүсгүй, тавьсан зорилгынхоо төлөө явж байгаа охин доо.
-Чухам ямар зорилго?
-Ойрын зорилго маань гэвэл олон улсын тэмцээндээ амжилт үзүүлэх. Цаашлаад сургуулиа сайн төгсөж, мэргэжлээ сайн эзэмшээд эх орондоо хэрэгтэй хүн болно.
-Бага байхдаа ямар охин байв?
-Би өндөр охин байсан. Сургуульд байхдаа ч, одоо их сургуульдаа ч хамгийн өндөр нь. “Шонгийн мод”, “үлэмж биетэн” гээд л дуудахаар нь сүүлдээ нэрэндээ дасчихсан “айн” гээд л зогсож байдаг юм. Арван жилд “таван хуруу” гээд таван охин найзалдаг байсан. Солонгос кинон дээр гардаг шиг сүртэй явдаг байсан юм аа. Одоо болохоор хөвгүүдтэй нийлэхээр санаа нийлээд байгаа ч юм шиг санагдаад байдаг юм.
-Хичээлдээ хэр байв?
-“Гавал” бол байгаагүй ээ. Дундыг баримтлаад уначихалгүй шиг л явдаг байсан. Монгол хэлэндээ л сайн байсан даа.
-Ном уншдаг уу. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Хааяа уншдаг. Гэхдээ зузаан ном уншиж чаддаггүй юм аа. Хамгийн сүүлд “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” гэж номыг уншсан.
-Найзууд чинь яагаад чамтай нийлдэг гэж боддог вэ?
-Би хоёр нүүр гаргадаггүй. Байгаагаараа байдаг. Хэлэх гэсэн үгээ нүүрэн дээр нь л хэлдэг, шулуун шудрага зантай. Үнэнч, зиндаа гэж хамаарахгүй хүнтэй нөхөрлөдөг болохоор надтай найзалдаг юм болов уу.
-Хэр шоуддаг вэ?
-Ёстой гардаггүй ш дээ.
-Найз залуутай юу?
-Найз залуутай.
-Олон залуус гуйдаг байсан байх. Харин яагаад найз залуугаа сонгосон юм бол?
-Энэ бол миний анхны үерхэл. Манай найз барилддаг. Урьд нь нас болоогүй, үерхье гэж боддогүй байсан юм. Тэгээд жирийн Монгол эр хүний байдал нь таалагдсан.
-Барилддаг гэхээр хэр ирээдүйтэй бөх вэ, улсын цолтой юу?
-Ирээдүйтэй. Саяхан улсын цол авсан.
-Өө тийм үү, хэн гэдэг юм бол?
-Хэлэхгүй ээ, тэр нууц /инээв/.
-Спортоор хичээллэдэг үү?
-Фитнессээр хичээллэдэг. Хичээл эхэлчихсэн болохоор өдөр хоёр цаг хүртэл хичээлдээ явна. Дараа нь тэмцээндээ явах материалаа бүрдүүлнэ. Тэгээд орой таван цагаас эхлээд фитнесстээ явж байгаа.
-Жин барих тал дээр хэр анхаардаг вэ?
-Би хоолоо сойдоггүй юм. Идье гэсэн үедээ идээд л явдаг. Гэхдээ энэ буруу юм шиг байна лээ. Орой зургаан цагаас хойш идэхгүй гэж бодож байгаа. Би тэмцээнд орохоосоо хэд хоногийн өмнө хоолоо сойчихдог юм. Тэгээд сульдаад ирэхээр нь тэмцээний дараа идчихдэг.
-Ам бүл долуулаа гэж уншиж байсан юм байна. Хэр эрх охин бэ?
-Би аав, ээж, дөрвөн эгчтэйгээ амьдардаг. Айлын отгон нь болохоор ер нь эрх. Гэхдээ одоо гайгүй болж байгаа.
-Гэрийнхнээс нь хэн нь илүү их зааж, сургадаг вэ?
-Бүгдээрээ зөвлөдөг л дөө. Гэхдээ аав, ээжээс илүү эгч нар сургадаг. “Тийм хүнтэй нийлэв, тэгэв ингэв” гээд л. Нэг нэвтрүүлэг, хүлээн авалтанд орох болоход “тэгээрэй ингээрэй, гэдсээ татаарай” гээд л зөвлөдөг юм.
-Кинонд тоглох урилга ирж байсан уу. Кинонд тоглох бодол бий юу?
-Кинонд тоглоно гэж боддог. Надад хоёр, гурван санал ирж байсан. Гэхдээ туршлага суугаагүй гэж бодоод хойшлуулж байсан. Сурч боловсорсныхоо дараа болох байх. Эртний хатны юм уу, эсвэл орчин үеийн дүр бүтээвэл гоё санагддаг.
-Юунд дургүй вэ?
-Дургүй юм байхгүй дээ. Зарим амьтанд дургүй шд.
-Яагаад. Миссүүд чинь амьтанд хайртай байх ёстой биз дээ?
-Амьтан дотроо хөөрхөн, муухай гэж бас байдаг юм аа. Би муурыг үнэхээр үзэн яддаг. Багадаа нэг муурнаас айчихсан юм. Тэгээд бүр үзэн яддаг. Одоо бүр ярьсан чинь бие арзайчихлаа.
-Инээдтэй юм аа. Чи ер нь их хөгжилтэй хүн байх?
-Би хөгжилтэй байхад л дуртай. Найз нөхдөөрөө инээж, хөхрөлдөөд сууж байхдаа дуртай.
-Залуустаа хандаад юу гэж хэлэх вэ?
-Эцэг, эхээсээ мөнгө хараад байлгүй өөрсдөө хөдөлмөрлөх хэрэгтэй л гэж боддог. Эцэг, эхчүүд маань бидний сурлагын төлбөрийг өгчихөж байгаа юм чинь сайн сурцгааж, эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болцгооё. Хөдөлмөрлөж, ирээдүйн амьдрах гэр орноо өөрсдөө бий болгоцгооё гэж хэлмээр байна. Мөн энэ дашрамд загвар өмсөхөд анхны алхааг зааж өгсөн багш нартаа, гэрийнхэндээ, тэмцээнд ороход тусалсан байгууллагынхандаа баярлалаа гэж хэлье.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Ярилцсан О.Ариунбилэг