Дэлхийн хамгийн том хөгжмийн суваг “MTV”-гийн “MTV Video Music Awards 2016” 33 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Нью-Йорк хотод боллоо. Дэлхийн хөгжмийн шилдгүүдийг тодруулахаар Нью-Йоркийн Мэдисон сквер гарден одууд цугласан байна.
Уран бүтээлчид энэ жил 17 номинацийн төлөө өрсөлдсөн юм. Гурван цаг үргэлжилсэн шагнал гардуулах ёслолын үеэр Бейонсе, Рианна, Арианда Гранде, Ники Минаж зэрэг одууд ая дуугаа өргөв. Поп-дива Бритни Спирс мөн адил энэ үдэш ая дуугаа өргөсөн нь том сюрприз болов. Учир нь тэрээр есөн жилийн дараа MTV VMA-ийн тайзнаа эргэн гарч байгаа юм. Өдгөө 34 настай дуучин бүсгүй рэппер G-Eazy-тэй хамтран Make Me дуугаа дуулав.
Үдшийн хамгийн онцгой уран бүтээлч алдарт дуучин Бейонсе байлаа. Учир нь тэрээр MTV VMA шагнал гардуулах ёслолд 11 номинацид өрсөлдөн найман шагнал хүртлээ. Бейонсе тус наадмын хамгийн чухал шагнал болох “Оны шилдэг видео”-г “Formation” клипээрээ хүртжээ. Тэрээр Жастина Бибер (“Sorry”), Америкийн рэппера Канье Уэст (“Famous”), Дрейк (“Hotline Bling”) болон Их Британийн дуучин Адель (“Hello”) нарыг ардаа орхилоо.
Нийт долоон номинацид нэр дэвшсэн Их Британийн дуучин Адель нэг ч шагналгүй хоцорлоо.
“Шилдэг эрэгтэй уран бүтээлчийн видео” шагналыг Шотландын DJ Келвин Харрис “This Is What You Came For” дуугаараа хүртэв. Мөн “Шилдэг шинэ уран бүтээлч” номинацид Америкийн поп-рок DNCE хамтлаг түрүүлсэн бол “Шилдэг хип хоп видео” шагналыг Дрейк “Hotline Bling” дуугаараа хүртлээ.
Хөгжмийн ертөнцөд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгодог попын хаан Майкл Жексоны нэрэмжит тусгай шагналыг дуучин Рианна хүртлээ.
Эх сурвалж: MTV.COM