Хэлли Бэрри: Ганцаараа байхдаа илүү их амжилт олдог

Холливуудын нэрт жүжигчин Хэлли Бэрри “ABS сувгийн “Оддын үдэш” шоунд оролцож ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Kidnapped” кинонд тоглосон юм.

-Таны тоглосон кинонуудыг үзэхэд их сэтгэл хөдөлдөг. Таны бүтээж буй дүрүүд их хэцүү бас амаргүй харагддаг.

-Тиймээ. Би дүрдээ бэлдэхийн тулд тодорхой хугацаанд гэр бүлээсээ хол байх шаардлагатай байдаг. Миний дутагдал бол ганцаараа байхдаа л амжилттай байдаг. Ганцаараа байхдаа илүү их амжилт олдог. Тийм учраас дүрээ бүтээх, зохиол дээр бичсэн нэгнийг амьдруулахын тулд их хичээллэдэг.

-Ихэвчлэн хаана бэлтгэлээ хийдэг вэ?

-Бүжгийн зааланд бэлтгэлээ хийдэг. Хананд нь олон толь байдаг. Би бүжиглэх дуртай. Дасгал сургуулилт хийх үедээ дуртай бүжгээ бүжиглэдэг. Бүжиг бүжиглэхэд хормын төдийд эрч хүч минь цэнэглэгддэг. Үнэхээр гайхалтай. Мэдээж хэрэг гэр бүлээсээ хол байх хэцүү. Гэхдээ би уран бүтээлээ амжилттай байлгахыг хүсдэг. Надад итгэл хүлээлгэсэн бүхний итгэлийг алдахыг хүсдэггүй.

-Кино зураг авалт эхлэхээс өмнө та тусгай сургуулилт хийгээд үндсэн зураг авалтадаа ордог гэсэн үг үү?

-Тийм ээ та зөв ойлгож. Ихэнх жүжигчин л иймэрхүү зан үйл хийдэг.

-Тэгвэл та дээрх сургуулилт хийлгүйгээр кино зураг авалтад орж байсан уу?

-Тийм ээ, орж байсан. Ерөнхийдөө “Оскар”-ын эзэн болоод л илүү их хичээх хүсэл зориг төрсөн.

-Хэрвээ нэг найруулагч танд ярьж чаддаггүй эмэгтэйн дүр өгвөл та хэр удаан хугацаанд бусадтай ярилцахгүй вэ. Та хэр тэвчээртэй нэгэн вэ?

-Ёстой энэ талаар бодож байгаагүй юм. Гэхдээ би зураг авалт эхлэхээс хоёр сарын өмнөөс тусгай сургуулилт хийж, зохиолоо, дүрээ судалж эхэлдэг. Сүүлийн 14 хоногт нь би өөрийнхөө бүтээх дүр дээрээ ажиллаж, үг хэллэгт зэрэгтээ анхаарлаа хандуулдаг. Хэрвээ надад хэлгүй эмэгтэйн дүрийг өгвөл 14 хоног орчим хэн нэгэнтэй  харилцахгүй байх. Мэдээж хэрэг нөхцөл байдал ямар байхыг би мэдэхгүй байна. Жүжигчин Жессика Алба “Нүд” кинонд хараагүй хийлчин эмэгтэйн дүр бүтээдэг. Алба энэ дүрээ бүтээхийн тулд 10 хоног алчуураар нүдээ боосон гэж сонссон. Ер нь сайн бүтээл төрнө гэдэг жүжигчнээс 100 хувь хамааралтай. Бид хичээх тусам кино улам их амжилт олдог. Тэвчээрийн тухайд би тийм ч тэвчээртэй нэгэн биш.

-Та супер баатар, муур эмэгтэй, ээж, эгч, нууц амраг гэх мэт маш олон дүр бүтээсэн. Эдгээр дүрээс бүтээхэд хамгийн хэцүү нь аль байсан вэ?

-Бүгд л хэцүү. Амархан дүр гэж байхгүй ээ. “Амархан юм зөвхөн хавханд бий” гэх зүйр үг бий. Би эдгээр дүрийг бүтээхийн тулд өдөр, шөнөгүй хөдөлмөрлөсөн. Би магтуулах их дуртай. “Оскар”-ын эзэн болоод гэртээ харих үедээ илүү их амжилт олохыг хүсч байснаа нууж байгаагүй.

-Таны яриаг сонсохоор нэр алдарт дуртай мэт сонсогдох юм. Гэхдээ энэ бол миний бодол?

-Тийм ээ би эмзэглэхгүй байна. Учир нь үнэн.

-Танд хүсэл бий юу?

-Мэдээж хэрэг. Надад нэг бус олон хүсэл бий. Хүү минь “Бурхан таны нэг хүслийг биелүүлье гэвэл та ямар хүсэл хэлэх вэ” хэмээн асууж байсан. Тэр үед хүүгийн минь бие жоохон муу байсан юм. Хүүгээ тэгэж асуухад “Бурхан минь та хүүг минь эрүүл болгоод өг” гэж хариулсан. Бурхан хүслийг минь сонссон юм шиг хүү минь зүгээр болсон. Миний хамгийн том хүсэл бол хүүхдүүдийн минь эрүүл мэнд. Тэд минь эрүүл байхад би жаргалтай байж чадна.

-Саяхан та инстаграмдаа дотуур хувцастай зургаа нийтэлж, олныг гайхшруулсан шүү дээ?

-Тийм ээ. Би 2015 оны хоёрдугаар сард “Хэлли Бэрри” гэх инстаграм хуудастаа нийтэлсэн. Энэ хугацаанд намайг хагас сая хүн дагасан байсан. Би зүгээр л талархлаа илэрхийлэхийг хүссэн. Миний зураг бусдад их таалагдсан.

-Хэрвээ сая хүрвэл инстаграмдаа нүцгэн зургаа нийтлэх үү?

-100 сая хүрвэл… /инээв/

-Яагаад та дагагчдынхаа тоонд ийм их ач холбогдол өгөөд байгаа юм бэ?

-Зүгээр л хөгжилдөхийг хүссэн. Өөр зүйлгүй.

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn


Хэлли Бэрри: Ганцаараа байхдаа илүү их амжилт олдог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.