М.Нарантуяа: Сонгууль надад маш өөр ертөнцийг нээж өгсөн

Өнгөрсөн сонгуульд нэр дэвшиж, Монголын ард түмэнд өөрийгөө зөвхөн дуучин байгаад зогсохгүй, ямархуу “дайчин эмэгтэй” гэдгээ харуулсан Нара буюу М.Нарантуяатай ярилцсанаа хүргэе. 

2020 ОНЫ СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨНӨ

Намар цаг ирсэн байна.Намрын ажил хэр ундарч байна даа. Сургууль, соёл гээд л…

Хүүгийнхээ цэцэрлэгийн бэлтгэлийг хийгээд нэг хэсэг завгүй байлаа.Бунжаагаа цэцэрлэгт өгөөд ойрдоо хувийн ажлуудаа л амжуулж явна даа.

Нара ер нь ямархуу сурагч байсан бэ?

Маш идэвхитэй сурагч байлаа. Урлаг соёлын наадам, олныг хамарсан үйл ажиллагаа гээд нийгмийн бүхий л төрлийн үйл ажиллагаанд гүйгээд ордог байсан. Одоо нэг их өөрчлөгдөөгүй ээ.

Хүн ер нь нас нэмэхийн хэрээр ухаан сууж аливаад зоримог шийд гаргадаг гэдэг. Тэгвэл таны хамгийн анхны зоримог шийдвэр юу байсан бэ?

Ер нь би өөрөө их сонин хүн. Нэгэн хэвийн юманд огтоосоо дургүй. Үргэлж л шинийг эрэлхийлж өөрийгөө нээж, аз сорих дуртай. Хамгийн сүүлийн шийдвэр гэвэл сонгуульд өрсөлдөх байсан. Өөрийнхөө нөөц боломж, чадварын хүрээнд чадна гэж бодсон юм. Сонгуульд өрсөлдөх шийдвэр маань үнэхээр том байлаа. Зарим хүмүүс их цочирдож хүлээж авсан.

Нэг хэсэг улс төрөөр амьсгаллаа. Одоо юу хийхээр төлөвлөж байна?

Ерөнхийдөө хийх ажлуудаа бол төлөвлөсөн байгаа. Хэд хэдэн зүйл байна. Улс төр, нийгмийн чиглэлээр суралцана. Энэ салбарт өөрийн орон зайг бий болгоход надад ямар мэдлэг боловсрол, хэрэгтэй юм, юу байна тэр бүгдийг нь сурнаа.

Олон хүмүүс Нараг өрх толгойлох болсноор улс төрийн карьер хөөхөөр зүтгэж байна гэж ярихыг сонслоо. Юу таныг тэгтэл их өдөөгөө вэ?

Өрх толгойлох маань сонгуультай огт хамаагүй. Сонгуульд өрсөлдөх болсон миний шалтгаан бол ердөө л энэ нийгмийн амьдралд сэтгэл хангалуун биш байгаа иргэн хүний л тэсрэлт.  Өөрсдөө оролцоогооо бий болгоё, ирээдүй хойч үеэ зөв сайхан байлгахыг л хүссэн. Би одоогийн нийгэмд маш их санаа зовдог. Санаа зовохынхоо хэрээр асуудлаас гарч болох боломжыг ч харж чаддаг. Тийм учраас шийдвэр гаргах түвшинд хүрч чадвал энэ бүгдэд миний хувь нэмэр орно гэж бодож  улс төрд хүч үзье гэж шийдсэн. Өрх толгойлох болсон маань надад асуудал биш. Харин ч зуу гаран мянган өрх толгойлсон эмэгтэйтэй Монгол Улсын хувьд энэ бол асуудал гэж би хараад байгаа.

2020 оны сонгуульд зүтгэнэ биздээ. Энэ удаад бол та цахим орчинд маш их дэмжлэгтэй байлаа.

Мэдээж оролгүй яахав. Өнгөрсөн сонгуулиас би маш том туршлага хуримтлуулж чадсан. Эхэндээ ч сүрдэж байсан шүү. Хүчтэй нам, зарим нь бүр “хаан суучихсан”учраас жирийн нэг охин дийлнэ гэдэг хэцүүгч бас тооцоолж байсан. Энэ жилийн сонгуулиар гараагүй минь ч болсон юм. Зарим хүмүүс намайг учраа мэдэхгүй юуг, яаж хийхээ мэдэхгүй дөрвөн жил суудал бөглөөд эсвэл парламентийг сургалтын талбар болгох нь гэж ярьж байсан. Одоо бол би юуг сурах ёстой, юуг мэдэж байх хэрэгтэй гэдгээ ойлгочихсон. Ирэх дөрвөн жил нийгэмрүүгээ хандсан олон зүйлийг хийх болно. Ямартайч энэ сонгууль надад маш өөр ертөнцийг нээж өгсөн.

Сонгуулийн дүнг сонсоод өөрийгөө хэрхэн зоригжуулав?

Сонгуулийн дүнг сонсоод гутарч гонсойгоод байх юм байгаагүй ээ. Харин ч баярласан, талархсан, суралцсан, илүү их ирээдүйдээ итгэж найдсан. Хүн үнэхээр зориглоод тэмүүлэх юм бол өөрийнхөө болон өрөөл бусдын амьдралыг өөрчилж болох юм байна гэсэн итгэлийг минь илүү батласан. Би том зүйлрүү дэндүү том зориг гаргаж өөрийгөө сорьсон. Үүгээрээ ч 3000 гаруй хүний санал авна гэдэг үнэхээр чамлахааргүй том ажил байлаа. Хамгийн гол нь хүмүүс надад итгэл найдвараа өгч сонголтоо өгсөн.

Анхны сонгуулиасаа та юу суралцав?

Би нэг зүйлийг маш сайн ойлгосон. Эмэгтэйчүүдийгээ аливаа юмны бай болгож чаддаг юм байна. Өч төчнөөн авгай сольсон, өөрийнхөө охин шиг хүнтэй суусан ч хүмүүс байна. Эмэгтэйчүүдийгээ чичилж чадаж байна. Нэг талаараа эмэгтэйчүүд нь илүү хүчтэй байгаа байх л даа. Нөгөө эрх тэгш эрх нь хаа байна. Яагаад дөрөв таван авгай сольчихоод Их хуралд сууж болоод байхад Нарантуяа гэдэг эмэгтэй босгож чадаагүй амьдралынхаа өмнө золиос болж чичүүлэх ёстой юм. Тийм биздээ?

УРАН БҮТЭЭЛ ХИЙЕ ГЭСЭН СОНИРХОЛ НАДАД ҮНЭХЭЭР АЛГА

Уран бүтээлдээ эргэн оръё гэсэн бодол байна уу?

Уран бүтээл хийе гэсэн сонирхол надад үнэхээр алга. Сурах боловсрох, өөрийгөө хөгжүүлэх тал дээр л илүү тулж ажиллана.

Ертөнцийг үзэх үзэл, амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?

Би хүүхэд байхаасаа л “Хүнд тусалж чадахгүй бол битгий гай бол” гэсэн зарчимтай. Би гэртээ олуулаа өссөн. Энэ магадгүй манай гэрийн зарчим байх. Хүнд тусалъя л гэж боддог. Харин чадахгүйгээ мэдвэл гай болохгүй л байхыг хичээдэг.

Нара их дайчин эмэгтэй санагддаг. Ийм дайчин болоход юу нөлөөлсөн бэ?

Яахавдээ би өөртөө хэтэрхий их тэмцэлтэй амьдардаг хүн. Надад дайчин чанар бий. Энэ бол эцэг эхээсээ заяасан төрөлх зан авир болоод амьдралаас цуглуулсан туршлага ч байх. Өөрөө сайн сайханд хүрье, болгоё, бүтээе гэсэн сэтгэл маань дайчин болгосон юм болов уу?

Нараг хурц хэл үгтэй гэх нь бий.Энэ тал дээр?

Тэрийгээ бас гадарлаад байгаа шүү. Би улс төр нийгмийн амьдралын тухай ярих гэхээр бүр нэг хурц давшингуй, болдгоо мэдэрсэн. Тэр бол улс төрч хүний нэг хэв шинж байх аа. Шудрага бус юмны хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй хүн дээ. Ер нь тэгээд наалинхай зан гаргаж улс төр хийдэг эмэгтэй гэж байхгүй шт. Би болохгүй зүйлтэй эвлэрч чаддаггүй зантай.

Хүүхдээ ганцаараа өсгөнө гэдэг амаргүй. Энэ хүнд давааг хэрхэн туулж байна?

Миний хувьд ганцаараа өсгөж байна гээд ядарч зүдрэх юм алга. Аав ээж, эгч дүү нар маань надад тусалж байгаа. Мэдээж заримдаа хэцүү зүйл тохиолддог. Тэглээ гээд хэцүү байна, гэж зовлон тоочиж яах юм.

ХЭН НЭГНЭЭР ХАТГУУЛЖ, ЯТГУУЛЖ БАЙЖ АЛИВАА ЮМАНД ОРДОГ ХҮН БИ БИШ

Саяхан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг түдгэлзүүллээ. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

Улс төрд гарсан зарим хүн өмнөх засгийн газарт ч бас байсан. Бүгд баталчихаад одоо болохоор дутуу дулимаг байна гээд батлахаа болино гэхээр гайхах юм. Миний бодлоор намуудын хоорондын асуудал яваад байх шиг санагдаад байна. Заавал нэгнийхээ юмыг үгүйгэх юм. Ямар нэг юмыг хэрэгжүүлээд тэр дундаасаа алдаа гарвал засаад явна уу гэхээс энэ нийгмийг төгс болгох гэж хүлээгээд байвал хэзээч бүтэхгүй. Зүгээр л алдаан дээрээсээ суралцаад засах боломжтойгоо засаад явах л хэрэгтэй. Би хүчирхийллийн эсрэг 2011 оноос эхэлж тэмцэж эхэлсэн. Эсэргүүцлийн ямар л арга хэмжээ болж байна тэр болгонд өөрийн дуу хоолойгоо ч хүргэж байсан. Өнгөрсөн долоо хоногт мөн ардчилсан шинэчлэлийн хөдөлгөөнөөс зохион байгуулсан үйл ажиллагаан дээр очсон. Намайг хүмүүс нам дагалаа л гэж хардаад байх шиг байна. Аль ч нам бай нийгмийн сайн сайхны төлөө зорилготой байвал иргэд санал бодлоо илэрхийлж байх хэрэгтэй. Тэр ч утгаараа би очсон. Дараа нь надад тодорхойгүй дугааруудаас дуудлага ирж чи Ардчилсан намд элсээд дэмий гэх мэт юм ярьсан. Нарантуяа гэдэг хүн, хэн нэгнээр хатгуулж, ятгуулж байж аливаа юманд ордог хүн биш. Цаашид ч тийм байх болно. Хүчирхийллийн эсрэг хуулийг хуулийн төслийг үнэхээр дэмжиж байлаа. Нэгхэн жилийн хугацаанд 90 гаруй эмэгтэй хүчирхийллийн улмаас нас барна гэдэг чинь гуравхан сая хүн амтай манай улсын хувьд маш том золиос. Нийгэм ийм байхад бушуухан хуулиа батлах хэрэгтэй.Энэ дунд хүүхэд хүртэл хэлмэгдсээр байна.

Ингэхэд Нара та өөрөө ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байв уу?

Хүчирхийлэл гэхээрээ зөвхөн бэлгийн хүчирхийлэл биш гэдгийг ойлгож байгаа байх. Би өнөөдрийг хүртэл хүчирхийлэлд өртсөн, өртөж байгаа эмэгтэйчүүдийн л нэг. Цахимаар гэхэд хүчирхийлж л байна. Олны танил хүний зовлон ч юмуу. Сая сонгуулиар л гэхэд надруу ямар муухай дайрч давшилсныг мэдэх нь мэдэж л байгаа. Би яахав даагаад байгаа юм. Үүнийг дааж чадахгүй маш олон эмэгтэй байгаа. Ил гарч чадахгүй, хүний нүдрүү нүүррүү эгцлээд харж чадахгүй олон эмэгтэй байна.

Би нэг судалгаа харж байсан юм байна. Гурван эмэгтэй тутмын нэг нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн байдаг гэж. Энэ судалгаатай хэр санал нийлэх вэ?

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дунд нэгнээ өмчилж өмчирхсөн хандлага их бий. Найз бүсгүй залуу хоёр нэгнээ хардаж харамлаад л, хэрэлдэж зодолдож байгаа хүмүүс зөндөө л бий. Хэн хэндээ өөрийн өмч мэт хандана гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэгэхээр энэ судалгаатай санал зөрөлдөөд байх юм алга.

“Happy single mommy” гэх группийн талаар мэднэ. Олон сайхан ээжүүд үр хүүхэдтэйгээ өнчирч үлдсэн байдаг. Ер нь таныхаар гэр бүл салалт юунаас үүдээд байна гэж та харж байна?

Би аль болох өөдрөг байхыг хичээдэг. Тэр ч утгаараа итгэл найдвараа алдсан, үр хүүхэдтэйгээ үлдсэн тэр олон эмэгтэйчүүддээ урам зориг өгье л гэж боддог. Амь нас эрүүл мэндээ алдчихаагүй бол энэ амьдралын төлөө тэмцэх л хэрэгтэй. Адилхан л хэцүү асуудал байна. Уйллаа, гутарлаа гээд юуг ч өөрчилж чадахгүй. Тийм болохоор давшлаад л байх хэрэгтэй. Дандаа зовно жаргана гэж юу байхав. Хэсэг зуурын зовлонгоо тэсээд л гарах нь зөв. Хүмүүжил эдийн засаг гээд олон зүйлээс салалт үүсч байгаа байх.

Хань ижилтэй болъё гэсэн бодол байна уу?

Мэдээж байлгүй яахав. Гэхдээ төвөгтэй асуудал л даа. Хүмүүсийн хамтын амьдрал нэг чиглэлрүү тэмүүлж, харилцан нэгнээ хүндэлдэг, ойлгодог, мэдэрдэг, өнгөрсөн амьдралаас нь хайрлахыг нь хайрлаад уучлахыг нь уучилдаг байж чадсан цагт хүмүүс хоорондоо амьдарч болох байх. Одоохондоо надад нэг их яарсан юм алга. Гэхдээ энэ амьдралд сайхан хүмүүс олон байдаг гэдгийг мэдэрч явна.

Хүү нь аав нэхэх юм уу?

Заримдаа би хүүгээ буруу юм хийхээр загнана. Тэгэхээр хааяа ааваа гээд уйлдаг.Цэцэрлэгт явж байгаа болохоор ангийнхнаасаа “ааваа” гэж дуудахыг сурсан юм болов уу, уйлахаараа л их “ааваа” гэх юм.

Таны хүсэл, тэмүүлэл юу вэ?

Ирээдүйн сайн сайхны төлөө ирээдүйн амьдралаа зориулна гэж шийдсэн. Миний хүүгийн үед улс орон минь сайхан хөгжчихсөн байгаасаа л гэж хүсдэг юм. Түүний төлөө л зүтгэнэ дээ. Түүнээс биш тансаг байшин, гоё ганганд дурлахаас илүүтэй үр хүүхдийн минь амьдрах орчин болоод нийгэм надад чухал байна.

Ингэхэд ер нь бие галбиртайгаа хэрхэн хүч үзэж байна вэ?

Сая сонгуулийн үеэр их жин нэмсэн. Хүмүүст чичлүүлж, элдвээрээ дуудуулаад тэр болгонд сртессдэж байсан. Тэр үеэ идэх юмтай л өнгөрөөх шив дээ. Нэмж чадсан юм чинь хасч чадна даа.

Ярилцсанд баярлалаа.

Э.Сайнзаяа

time.mn


М.Нарантуяа: Сонгууль надад маш өөр ертөнцийг нээж өгсөн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.