Н.Мөнхсоёл гэхээр нуруулаг, царайлаг жүжигчин бүсгүйн дүр төрх хэн бүхний сэтгэлд бууна. Харин түүний амьдрал Солонгос улстай салшгүй холбоотой. Учир нь аав ээж нь тэнд карго, хоолны газар ажиллуулдаг тул тэднийхээ буянаар үеийнхнээ бодвол ажил хийж түүртэлгүй зөвхөн суралцахдаа анхаарч байсан гэнэ.
Солонгост урлагийн чиглэлээр үргэлжлүүлэн сурах бодолтой байсан ч эх орондоо урлагийн сургууль төгссөн, мэргэжлээрээ хоёр жил ажилласан байх шаардлагыг хангаагүй тул уг мөрөөдөл нь талаар болжээ.
Дараа нь Солонгосын нэгэн интертайнмент студи түүнд ажлын санал тавьсан байна. Энэ үед Мөнхсоёл сургуулиа төгсөөд хоёр жил мэргэжлээрээ ажиллачихсан, хэлний бэрхшээлгүй байх шаардлагуудыг хангасан ч олон жилээр зөвхөн Солонгост ажиллах ёстой, монгол уран бүтээлд тоглож болохгүй гэсэн хатуу шаардлагатай байсан гэнэ. Эцэст нь Монголдоо л ажилласан нь дээр гэсэн шийдвэрийг гаргажээ.
“Скай Перамид” пикчерс болон А.Батбаатар найруулагчийн хамтын бүтээл “Зангараг” кинонд тоглосон тухайгаа тэрээр “Энэ бол акшн төрлийн кино, ганцхан эмэгтэй гол дүртэй. Энэ дүр дээр маш олон хувиралт гаргах шаардлагатай болсон. Секси, хэнийг ч уургалж чадах эмэгтэй, эсвэл хүн алахаас ч буцахааргүй ширүүн догшин эмэгтэйн дүр байв. Харин Ц.Төмөрбаатар гуайг урхиддаг хэсгийг авахуулахад их хэцүү байсан. Тийм мундаг хүний өөдөөс секси, аальгүйтэхэд хүндрэлтэй байсан ч Төмөрбаатар гуай өөрөө их гоё эерэг хүн учир жүжигчин хүн ямар ч дүрийг бүтээж чадах ёстой гэдгийг надад зөвөөр ойлгуулсан” хэмээжээ.
Мөн “Мөрдөгч” олон ангит киноны мөрдөгч бүсгүйн дүр үзэгчдийн таашаалд нийцсэн гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй биз. Тус киноны зураг авалт хийгдэж байх тэр үед цагдаагийн дүрэмт хувцас ид шинэчлэгдэж байжээ. Хувцас нь сайхан зохисныг цагдаа бүсгүйчүүд цахим мессежээр хэлдэг байсан гэнэ.
Тэр ч байтугай “Мөрдөгч” киноны нээлтэн дээр уригдан ирсэн Хуульзүйн яамны сайд асан Х.Тэмүүжин “Цагдаагийн байгууллагын ажилтан бүсгүйчүүд шинэчлэгдсэн хувцсандаа дургүй, голдуу цагаан цамц, хар юбкатай ирдэг байсан. Харин энэ киног гарч эхэлснээс хойш бүгдээрээ дүрэмт хувцсандаа дуртай болж өмсдөг болсон” гэж наргиан болгож хэлж байсан гэнэ.
Мөн цагдаагийн хувцсыг олон ангит киноны зураг авалтын турш өмссөн жүжигчин бүсгүйн хувьд төрийн хувцас их сайхан, галд шатдаггүй, бороонд нордоггүй, сайн материалаар хийгдсэн хувцас шиг санагдсан байна.
Эх сурвалж: Breakingnews.mn