Гадаад хэл сурахад гаргадаг түгээмэл 10 алдаа

28h2glls828p3dp4a8aip2qnrp_bӨнөө цагт хэлгүй бол хөлгүй гэх үг үйлчилж, хүн бүр л хэл сурахаар хэрэндээ хичээцгээж байна. Энгийн ажлын байранд хүртэл хэлний мэдлэг шаардах болсон тул сурахгүй гээд ч хаачих билээ. Гэхдээ олон жилийг хэл сурахад зарцуулсан боловч олигтой сурсан зүйлгүй, толгойгоо гашилгаж буй хүмүүс өч төчнөөнөөр байдаг. Харин бид та бүхэндээ хэл сурахад гаргадаг түгээмэл алдаануудыг танилцуулахаар бэлтгэлээ. Хэрэв танд тус шинж чанар байдаг бол яаралтай засахыг зөвлөе.

1. Яг л гэрийн даалгавар мэт хүлээж авдаг

Хүн хийж байгаа зүйлдээ дуртай байж л өсөн дэвшиж, өөдлөн манддаг юм шүү. Харин хүмүүс хэл сурахыг гэрийн даалгавар мэт үзэж, ял аятай тусгаж авдаг. Энэ нь маш буруу хандлага юм. Тухайн хэлэнд шунан дурлаж, улам ихийг мэдэхийг хүсэх зэрэг нь л таныг амжилтад хүргэнэ. Ямарваа зүйлсийг хүчээр бус хүслээр сурах нь илүүтэй үр дүн үзүүлдэг шүү дээ. Харин хэрхэн тухайн хэлэнд дурлах вэ? Эхлээд тус улсынхаа үүх түүхийг судалж, давуу чанаруудыг мэдэж ав, цаашлаад хамгийн дуртай гадаад киногоо эх хэлээр нь үз. Энэ мэтчилэн явсаар нэг л мэдэхэд та өнөөх дургүй байсан хэлтэйгээ салж чадахааргүй холбоотой болсон байх төдийгүй дүрэм, шинэ үгс зэргийг ч нэг л мэдэхэд төвөггүйгэх сурчихсан байх болно.

2. Ганц аргаар сурах гэж хичээдэг

Гадаад хэлийг ганцхан аргаар сурах гэж хүчлэх нь хамгийн буруу алхам юм. Хэдийгээр та олон жилийг гадаад хэл сурахад зарцуулсан байлаа ч зөв арга барил эзэмшээгүй тохиолдолд тухайн хэлээ төгс эзэмшинэ гэдэг юу л бол… Ямар ч хэлийг сурахдаа маш олон аргыг туршиж үзэх хэрэгтэй. Эдгээрийг ээлжлэн туршиж, өөрт хамгийн тохирох 2-3 аргыг сонгон хэрэглэж үзээрэй. Жишээлбэл шинэ үг сурахдаа үүнийгээ өдөр тутмын амьдралтайгаа хослуулж, аль болох эерэг гэгээтэй талаас нь хар. Мөн интернэттэй холбогдож, гадаад хүмүүстэй санал бодлоо байнга хуваалцаж, зөвлөгөө тусламж хүсээрэй.

3. Огцом эхлэл

“Яанаа би одоо хэл сурахгүй бол болохгүй нь ээ, маргаашнаас эхлэе” гэхчлэн гэнэт л хэл сурахаар болж, богино хугацаанд бүхнийг мэдэхийг зорих хүмүүс олон. Харин энэ нь амжилтад хүргэнэ гэж бүү эндүүрээрэй. Дээр дурдсанчлан эхлээд тухайн хэлэндээ дурлаж гэмээнэ хэл сурах сонирхол төрдөг юм шүү. Харин зөвхөн шаардлагаар сурах нь толгойд тань удаан тогтохгүй. Бүхэл бүтэн улс орны, хэдэн мянган жилийн түүхтэй эх хэлийг судлана гэдэг тийм ч амар эд биш. Хүмүүс хэлний сургалтанд суугаад л мундаг хэлтэй болчихно гэж буруу ойлгодог. Хамгийн гол нь таны хүсэл, эрмэлзлэлд бүх зүйл бий.

4.  Ярихаасаа өмнө хэт их боддог

Гадаад хэлээр тухайн орны хүнтэй ямар ч сэдвээр ярьсан, чөлөөтэй ойлголцдог байх нь хэл сурахын гол зорилго билээ. Гэтэл бид ярих гэж тэвдэж сандран, уйлахаас наахнуур л юм болдог. Хэлэх гэсэн үгээ бүгдийг нь бодож, дүрмээ эвлүүлэх гэж хичээдэг. Харин энэ нь маш буруу үйлдэл юм шүү. Юу ч бодох хэрэггүй зүгээр л ярь. Бүр юу ч хамаагүй ярь, яриад л бай. Ингэж байж л тухайн хэлээр төгс ярьдаг болно. Хэрэв дотроо бодоод, төсөөлөөд л байвал та хэзээ ч гадаад хэлээр ярьж сурахгүй гэдгийг хатуухан зөвлөх байна.

5.  Хангалттай сонсдоггүй

Хэл сурахад хамгийн чухал зүйлсийн нэг бол сонсох дасгал юм. Бид тухайн хэлийг байнга сонсож, хар яриагаар бол өөртөө “нааж өгөх” хэрэгтэй. Ингэснээр таны дуудлага засарч, дээрээс нь сонгол сайжрах бөгөөд шинэ үгсийг ч төвөггүй сурна. Хэрэв та дөнгөж хэл сурч байгаа бол эхлээд тухайн хэл дээрх ярилцлага, дуу, кино зэргийг тогтмол сонсож байхыг зөвлөе. Өдгөө хэл сурч байгаа хүмүүсийн ихэнхи нь номтой зууралдаж, дүрмийг голчилж үздэг нь буруу баримтлал юм.

6.  Өөрийгөө голдог

Бидэнд өдөр бүр үл мэдэх гадаад үг тааралддаг. Харин тус үгийг мэдэхгүй тохиолдолд өөртөө гутарч, бухимдаж, толио гарган, үгсээ цээжилж эхэлдэг. Гэхдээ тухайн мөчид цээжилсэн үгс толгойд тань удаан тогтохгүй гэдгийг хэлье. Мэдээж бид бүх үгсийг цээжлэнэ гэж байхгүй. Тэрхүү тоо томшгүй үгс дотроос 50 гаруй хувийг мэдэж байна гэдэг таны хувьд гайхалтай амжилт юм шүү. Мөн үгийг шууд хүчээр цээжилнэ гэдэг бүтэхгүй зүйл бөгөөд ямар нэгэн жишээ, яриан дээр тулгуурлах нь илүү үр дүнтэй.

7.  Нэгтгэж судалдаггүй

Мянга үг цээжилж, дүрэм үзлээ гээд ганц өгүүлбэр гүйцээн хэлж, бичиж чадахгүй бол үүнийг хэл сурсан гэхэд хэцүү. Хэл сурна гэдэг нь яг л эвлүүлдэг тоглоом эвлүүлж, дүрс бүтээхтэй ижил юм. Олон үг мэддэг, дүрмийн мэдлэг өндөр, чөлөөтэй ярьж чаддаг, хэлэхийг хүссэн зүйлсээ гадаад хэлээр цаасан дээр буулгадаг байх хэрэгтэй. Бүхий л зүйлдээ сайн байж гэмээн тухайн хэлийг чадан ядан сурч явна гэж ойлгоорой. Харин бид нарын тухайд хэлийг хэсэгчлэн хувааж авч судалдаг боловч нийлүүлэн, нэгтгэж чаддаггүй сул талтай. Энэхүү алдаагаа яаралтай засч, бүх чадварыг өөртөө суурилуулахгүй бол та шал дэмий цагаа үрж байна гэсэн үг.

8. Үгчилж орчуулдаг

Бидний гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол үгчилсэн орчуулга. Мэдээж орон орны хэл, болон хэлний онцлог өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Тиймээс аль орны хэл рүү орчуулж байгаа гэдгээ сайтар бодож, тухайн орны хүмүүсийн сэтгэхүй, нийгмийн байдал зэрэг нь тааруулан хөрвүүлэх нь зүйтэй. Эхлээд тухайн орчуулгын хэлэх гэсэн санааг ойлгоод, өөрийн үгсийг хавчуулан бичих хэрэгтэй байдаг боловч бид тухайн хэлнээс шууд үгчлэн буулгах нь элбэг. Энэ нь хүмүүсийн чихэнд огтхон ч наалдаггүй бөгөөд тааруу орчуулга гэсэн шүүмжлэлийг хүлээх аюултай.

9. Өргөлтийг мартаж орхидог

Тухайн гадаад үгийг зөв дуудаж уншина гэдэг маш чухал. Хэрэв өргөлтийг буруу хэлвэл тус үг шал өөр утгыг ч илэрхийлж мэднэ. Тиймээс тухайн үгийн өргөлтийг зөв дуудах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь бүр дуудлагаас илүү чухал юм шүү. Та үгийн өргөлтийг зөв хэлж сурахын тулд авиа дуудлагыг сайн судлах хэрэгтэй бөгөөд үг бүрийн өргөлтийг анзаарч цээжлэх ёстой.

10. Итгэл дутмаг

Хүн бүр англи хэлийг сурч эхэлж байсан гэхэд би хувьдаа эргэлзэхгүй байна. Гэхдээ тэдний ердөө 30 хувь нь л цаашид сурах эрмэлзлэлдээ хөтлөгдөж, англи хэлийг төгс эзэмшдэг юм шүү. Үүнээс харахад бид маш шантрамтгай бөгөөд өөртөө итгэх итгэл бага байдаг нь анзаарагдана. Энэхүү дутагдлаа засч, хүрэхийг хүссэн зүйлдээ тууштай хандах нь таныг ямар ч өндөрлөгт гаргаж чаддаг юм.

everyday.mn


Гадаад хэл сурахад гаргадаг түгээмэл 10 алдаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.