Г.Уянга: Намайг “алах” тийм ч амархан биш

95217ТТЭН-ын дарга Г.Уянгатай ярилцлаа

- СОНГУУЛЬ СОНГУУЛЬ БИШ, ПАРЛАМЕНТ ПАРЛАМЕНТ БИШ БОЛСОН-

-Өмнөх парламентад тодорхой чанга байр суурьтай, дуу хоолойтой байсан гишүүдийг иргэд үгүйлээд эхэлсэн. Сүүлийн үеийн засгийн газар, УИХ-ын шийдвэр хүмүүсийн бухимдлыг төрүүлж байгаа энэ үед та нарын дуу хоолой сонсогдохгүй байна?

-Уучлаарай, Монголын ард түмэн ээлжит сонголтоо хийгээд зуу ч хоноогүй байна шүү дээ. Ард түмний сонголт ард түмэнд таалагдахгүй байгаад өөрийгөө буруутай гэж бодохгүй байна. Би ард түмний сонголтод хүндэтгэлтэй хандаж байгаагаа сонгуулийн дүн гарсны маргааш шууд илэрхийлсэн.

-Танд сонгуулийн дүн гомдолтой байсан байж таарна. Та рейтингээрээ улстөрчдийг тэргүүлж явсан?

-Нэг бүрчлэн хариулъя. Жинхэнэ улстөрч хэнд ч гомдох учиргүй. Тэр тусмаа ард түмэнд. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл, хариуцлага зөвхөн улстөрчдөд байдаг юм биш. Ард түмэн ч хариуцлагатай байх ёстой. Сонгочихоод зуу ч хоноогүй байж толгойгоо шаах хэрэг юу байна. Тодорхой хувь нь худалдсан санал бүрийнхээ төлөө авсан 50 мянгаа үрээд дуусгачихсан байх. Тэдний энэ наймааны гай ч нийтэд нялзаж байна. Хариу нь дорхноо ирсэн. Гурван хүүхэдтэй айл нэг сарын хүүхдийн мөнгөөрөө худалдсан саналын ашгаа хүүтэй нь буцаагаад төлчихсөн. Ердөө л маргааш нь шүү дээ. Библид “Юу тарина түүнийгээ хураана”гэсэн байдаг. Зөвхөн саяын сонгуулийн үр дүнг шүүмжлэх нь явцуу ойр харсан хэрэг.

Олон нийтэд МАН-ын үйл ажил таалагдахгүй байна л даа, гэхдээ АН-ын үеийнхээс юугаараа өөр юм бэ? Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэгийн Засгийн газрууд ямар ялгаатай гэж? Ч.Сайханбилэг ч бас л ийм хэмнэлтийн бодлого гэгчийг оруулж ирээд дэвслүүлээд гарсан, сая ч бас тэглээ, эцэстээ аль аль нь өнөөх л гадаад зээл, “стэнд бай” хоёроо л ярьж байна. Үүнийг мартчихсан уу? Ялгаа нь магадгүй тэр үед миний гаргаж байсан саналууд, бодит санаачлагуудад байгаа учраас үгүйлэгдэж байгаа байх. Давтаж хэлээд яах вэ? Хэдэн арав, зуун тэрбумыг олох боломж байгааг хэлсээр л байсан. Одоо нуршаад яах вэ? Сонин, интернетэд байж л байгаа. Түүнийг харин хэн ч хэлэхгүй байгаа нь гайхалтай…

Парламентын тухайд шүүмжилж байсан, шүүмжлүүлж байсан хоёрын байр л солигдсон, нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр нь адил байдаг биз! Ерөнхийдөө бид 26 жилийн өмнө тарьснаа хураацгааж, төргүй болсон үйлийн үрээ эдэлцгээж байгаа улс. Гэхдээ ардчиллыг муу гэсэнгүй, гажуудлыг нь хэлж байна. Хэрэв ардчилал гэгч нэг намд илүү хамаатай гэж үздэг хүн байгаа бол тэр үнэт зүйлсээ хуучинсаг хүчинтэй уралдан дэвсэлж, худалдаж цусласан хариуцлага тэр намд хоёр нугарч оногдох ёстой доо. Оногдсон ч байх шиг байна.

Рейтингийн судалгаа бол харьцангуй зүйл. Пропорционал системд харгалзаж үзэж болох л байх. Харин мажоритар, ялангуяа жижиг мажоритар системд огт үйлчилдэггүй. Би өөрийгөө яриад яахав, АН-ын унасан, МАН-ын ялсан улстөрчдийг хар л даа, ялагчид нь ямар судалгаанд ямар рейтингтэй байсан юм?Улс даяар нэртэй хүн жижиг тойрогт ялах магадлал байхгүй. Ерөнхийлөгчид дэвшвэл юу юм гэхээс…

-Хэрэв саналыг хулгайлчихсан бол бас ингэж хэлэх нь хатуудах биш үү? Өнгөрсөн сонгууль ялагдсан, ялсан, сонгосон бүгд л нэг шоктой сонин сонгууль болчихсон шүү дээ.

-Саналаа луйвардуулчихаад тэмцэхээс айж байгаа бол, луйврыг хүлээн зөвшөөрч байгаа бол энэ үйлдэл бас л ирээдүйд ямар үр дагавартайг бодоцгооё л доо.Гэхдээ АН энэ луйврын эсрэг тэмцэхгүй, хошин урлагийнхны хэлдгээр “эмзэг нь МАН-ын сөрсөн базаанд” байгаа. Хулгайн саналаар хулгайн парламент байгуулагдаж байгаа бол 26 жил хамтарч хийсэн үйлийнх нь үр нэгэнд нь оногдсон болж таарна. Хулгайчдаа тулбал яг адилхан. Ялагдчихаараа ариусдаг байж болохгүй. Тийм л учраас түмний төлөө яваа төрийн хүн ард түмэнд гомдож болдоггүй гэж хэлээд байна л даа.

АН сумаа тавиад нумаа нуухдаа сайн. Хэрэв сонгуулийн дүнг эсэргүүцэх ямарваа алхам хийсэн бол юу ч болох юм билээ? Ялангуяа АН ингэж ялагдсан үед. Нэг амбаар шатаж, босож тэмцсэн ардын хүүхдүүд шорон дүүргэж хохироод, үр дүнд нь бас нэг “стандарт бус” гажиг үр хөврөл бүрдэж, нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь Ерөнхий сайд болоод, улсаа долоон байшингаар арилжаад дуусдаг учраас, хоёрт ард түмэнд хариуцлагыг нь мэдрүүлэх гэж сонгуулийн дүнг зөвшөөрч байгаагаа зарласан. Ард түмэн босохоор наад хоёр чинь тэврэлдээд МАНАН-таад нуугдчихдаг биз? Тиймээс сонгуулийн дүнг ард түмэн шийдээгүй. Бас намайг их өдөөн хатгасан. Штабуудаа татан буулгаж бослогод бэлтгэж байна гэсэн мэдээг манай ардчилсан Ерөнхийлөгчийн мэдлийн сайтууд цацаж, хөлснийхөн хангалттай тараасан. Саналын луйврыг хамгийн түрүүнд эсэргүүцэх хүн гэж үзэж урьдчилсан “вакцин тарьж” байна шүү дээ. Асуудал хаашаа эргэж байгааг сонгуулийн дүн гарахаас өмнө мэдсэн л дээ.

Миний хувьд олон жил тасралтгүй “Үндсэн хууль”-ийг, тогтолцоог өөрчлөх асуудлыг бөөсний үлгэр шиг л ярьж бичиж байна. Одоо энэ хүнд байдлаас сонгуулиар гарах боломж үнэхээр байхгүй. Зөвхөн тайван замын хувьсгал буюу олноороо хэлэлцэж шийдвэрлэсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр л эндээс гарах боломжтой. Нөхцөл байдал улам бүр Үндсэн хуулийн өөрчлөлтийн булан руу л биднийг шахаж байна.

-Үнэхээр таны тойрог дээр тухайлсан хууль бус үйлдлүүд гарсан  юм уу?

-Сонгуулийн асуултыг одоо цэглэмээр байнаа. Би дээр хэлсэнчлэн, ард түмнийхээ сонголтыг хүндэтгээд сонгосон төрийн нь ажлыг хийлгэх ёстой гэж бодож байна. Гэхдээ Засгийн газар солигдоод, МАН АН солигдоод Монгол Улсын өмнө тулгарсан ангалаас аварч чадахгүй гэдгийг тов тодорхой хэлж чадна. Миний тухайд, саяхан нэг ярилцлагадаа хэлчихсэн дээ, сонгуулийн кампанийн алдаанаас биш түүнээс өмнөх УИХ-ын гишүүн байхдаа хийсэн “алдаа”-наас болсон юмаа гэж. МАНАН бүлэглэлийн толгойтой ихээхэн нухацтай, баримттай, бас баггүй ноцолдохоор ингэдэг юм байна. Дараа дараагийн хүмүүст, их олон юм яриад байвал Уянга шиг болгоно гэж хэлж байгаа нь энэ л дээ. Түүгээрээ эд намайг их айлгана даа.

Хоёрт сонгууль сонгууль биш, парламент парламент биш болсон. Ер нь явж явж сонгууль гэдэг МАНАН хөшигний ард хуйвалдаад л, бид өрсөлдөж, хөтөлбөр боловсруулж, түүнийгээ сурталчилж иргэдтэй уулзаж баахан акц хийж  сонгуулийг нь сонгууль шиг, парламентыг нь парламент шиг харагдуулж ард олныг хуурахад оролцоод л байнаа даа.

-Л.ЭРДЭНЭЧИМЭГ ГИШҮҮН САНДАРСАНДАА Л НАМАЙГ ӨМНӨ БАРИАД…-

-Танай намаас сонгуулиар хичнээн хүн суудал авах боломжтой гэж харж байсан бэ, гуравдагч хүчний орон зайг үнэхээр ард түмэн өгсөнгүй юу, өөр хүчин зүйлс нөлөөлчихөв үү?

-Сонгуулийн санал хураалтаас хоёр сарын өмнө бараг цоо шинээр эмхлэн зохион байгуулагдаад, бас дотоод гадаад элдэв асуудлаа даваад, эвсэл зохион байгуулаад сонгуульд орж байгаа намын хувьд үнэнийг хэлэхэд парламентад суудалтай болох нь хамгийн чухал байсан. Энэ бол бидний өнгөрсөн сонгуулийн бодтой зорилго байсан. Олон түмний хүсээд байгаа өөр сонголтыг нь өгөх гэж ажилласан. Хоёр сар дэндүү ахар хугацаа байсан л даа. Гэвч зохион байгуулалтын тал дээр тун боломжийн ажилласан гэж үзэж байна. Бид сонгуулийн кампанийг олон түмний оюун санаанд, сонголтоо хийхэд нь дэм үзүүлж хийсэн. Ямар ч хоосон амлалт өгөөгүй, одоо байгаа Монгол орны нөхцөл байдлыг ойлгуулж, бид МАНАН-гаас өөр хүчин, өөр бодлогоо ярьж явсан. Харин мөнгө, сонгуулийн хар технологид гүйцэгдсэн. Гэхдээ нэг сонгуулийн ялагдал түр зуурын үзэгдэл, манан арилж тэнгэр цэлмэдгийн адил дахиад л өөр мөчлөг эхэлнэ. Халаглаад уйлагнаад байх юм алга. Гэвч ирж яваа цаг шүү дээ.

Харин одоо хов хоосон онгойж байгаа улстөрийн үзэл санааны орчинд байр сууриа эзлэх талаар илүү нухацтай, сайн ажиллах шаардлага байна.

-Сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн бичлэг таны гар утаснаас алдагдсан гэх мэдээлэл дуулиан тарьсан. Тэр үед та үнэхээр гар утсаа алдчихсан байсан юм уу?

-Бичлэг миний гар утсанд байгаагүй, харин Л.Эрдэнэчимэг гишүүний өөрийн нь гар утсанд байсан. Бичлэгийг гишүүний өөрөө хүсч өмнө хэлснээ дахин давтан хэлж бичүүлж байгаа юм. Мартсан үгийг нь өөрөөс нь түрүүлж сануулж байгаа эрэгтэй гишүүний үгнээс үүнийг төвөггүй ойлгож болно. Бичлэгийг түүнийг хорлохоор хэн нэг нь нууцаар хийгээгүй шүү дээ. Гишүүний гуйлт, хүсэлтээр л өөрийн нь утсанд бичсэн.

Л.Эрдэнэчимэг гишүүн сандарсандаа л намайг өмнөө бариад хамаг хэргийн эзэн болгож харуулж чадсаныг би хожим ойлгосон. Ичсэн хүн хүн ална гэдэг нь л болсон. Би гар утсаа алдсан нь үнэн ч тийм бичлэг миний утсанд байхгүй. Гар утсаа алдсан талаар би Л.Эрдэнэчимэг гишүүнд ярьчихсан нь л түүнд олз болжээ. Гишүүний төрсөн өдөр 2 сарын 18-нд болдог. Энэ бол чуулган завсарласан үе. Би гар утсаа өнгөрдөг шинийн 5-нд буюу 10-аад хоногийн өмнө алдсан. Тэгээд ч тэр бичлэг МАН, АН хамтарч засаг барьж байх үед Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын өрөөнд болсон зүйл. Үнэн  мөнийг нь олж өгөхийг хүсч би прокурорт өргөдөл гаргасан. Бичлэгийг нийтэд цацсан хоёр залуу монтажлахдаа тэнд хэн хэн байгааг, хэн юу гэж хэлснийг бүгдийг мэдэж авсан байгаа. Үнэхээр шударга л юм бол тэр чигтээ бүх зүйлд шударга л байх хэрэгтэй.Би бичлэгийг зарсан  бол наанадаж өөрийнхөө дуу хоолойг арилгана биз дээ. Миний хэлсэн зарим үгийг дарчихсан л байна лээ, тэр хоёр. Одоо энэ бичлэгийн тухай яриаг орхиё. Би өмнө ярьснаа л ярина. Үнэн нь тэр болохоор. Түүнээс бүр өөрөөр, бүр гоёор ярих биш.Би энэ талаар өмнөх ярилцлагадаа хангалттай ярьсан гэж бодож байна.

Асуудлын гол хойшид миний улстөрийн үйл ажиллагаа болгоны ард зүүх сэтэртэй болгох гэж хүсээд л надад үүнийг сайхан нааж байна даа. Үнэнийг мэдэж байгаа хүмүүс бүгдээрээ надаар бамбай хийгээд ард нь чимээгүй үлдэж байгаадаа ичиж, үгүйдээ санаа нь зовж байгаа байх гэж найдъя. Би энэ байтугай юмыг даагаад гарч чадна. Надад тийм тэнхээ бий. Түмний хөрөнгөөс хумслаагүй, хуйвалдаанд хутгалдаагүй над шиг хүнд үүнээс өөр зохиомол хэрэг эдэнд олдохгүй л дээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг даа.Бүгд чамайг буруугаар ойлгож нийтээрээ үзэн ядаж байвч үнэн мөн нэг л учраас нутгийн найрагч ахын хэлснээр тэнгэр шиг байх болно. Түмний хөрөнгөөс хулгайлаад офшоортоо нуусан, албан тушаал зардаг хүмүүсийг биширч сонгоод чин үнэнээр яваа нэг бүсгүйг гүтгэхэд нь нийтээрээ үзэн яддаг ийм нийгэмд, ийм замаар явах тэнхээ минь шавхагдаагүй байна. Ингэлээ гээд МАНАН тайвшрах хэрэггүй л дээ. Намайг “алах” тийм ч амархан биш. Үнэнийг худал ялах амаргүй учраас.

-Та ирэх сонгуульд өрсөлдөх нь ойлгомжтой. Яг энэ цикл хугацаанд та юу хийхээр төлөвлөж байна?

-Сонгуулийн өмнө судалгааны байгууллагуудын гаргаж байсан судалгаа шиг олонхгүй парламент бүрдсэн бол Үндсэн хуулийн өөрлөлт илүү бодтой явах байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө тууштай байгаа хүний хувьд энэ үзэл санаагаа гүйцэлдүүлэхийн төлөө тасралтгүй ажиллах болно.

-ТОМ ТӨСЛҮҮД ХЭЗЭЭ Ч ЗОГСООГҮЙ-

-Өмнөх парламентийн эмэгтэй гишүүдийн зүтгэлээр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль батлагдсан. Харин  өнөөгийн засгийн газраас уг хуулийг тогтоолын төслөөр хүчингүй болгож, дахин өргөн барилаа. Та энэ процессийг хэрхэн харж байна?

-Их олон дүгнэлт хийж болно. Нэг, МАН бодат амьдралаас ямар хол тасарсныг энэ үйлдэл харуулж байгаа юм. Хоёр, Монголд төр байхгүй болсны хамгийн наад захын жишээ. Бие биеэ залгамжилдаг биш, үгүйсгэдэг, улстөрийн ашиг хонжооны төлөө юуг ч уландаа гишгэж чадах өөрийгөө “том” гэж нэрлэдэг намын жижиг үйлдэл. Сүүлийн 26 жил хүний ёс суртахуун, хүмүүжил, гэрбүлийн үнэ цэнэ гэдэг нандин зүйлийг зүгээр л зөнд нь хаясны үр дагавар өнөөдрийн гэр бүлд хэрхэн туссаныг ойлгох мэдрэх чадвараа тэд аль хэдийн гээснээ харуулж байгаа юм. Гэр бүлд дайн болж тэнд өдөр бүхэн аллага, хүчирхийллийн чимээгүй дайн болж байгааг төдий л ойшоохгүй байгаагийн илрэл. Хэрэв нийгмийн хүчтэй шахалт байгаагүй бол тэд энэ шийдвэрээ юу ч болоогүй юм шиг л орхих байсан.

Хэдийгээр би гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиас илүү тэнд хүчирхийлэл үйлдэгдэхгүй байх нийгмийн нөхцөлд илүү санаа тавьж өмнөх их хуралд байр сууриа хатуу илэрхийлдэг байсан ч энэ хууль гарахаас өөр аргагүй нөхцөл байдалд Монголын нийгэм нэгэнт орсныг хүлээн зөвшөөрч бусад эмэгтэй гишүүдийнхээ нэгэн адил идэвхтэй оролцогч байж энэ хуулийг батлуулсан. Гэтэл тэд мөнгөгүй гэдэг шалтгаар л арчиж хаяж байна шүү дээ.

Тэд энэ хуулийн хэрэгтэйг мэдээд биш харин нийгмийн дарамт шахалт, эсэргүүцэл нь удахгүй болох орон нутгийн сонгууль, ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлөх вий гэдэг айдсаасаа болоод л дахин өргөн барих гэж байх шиг байна даа. Гэхдээ тэд юуг нь ойлгож, өргөн барьж батлах юм бол доо?Өмнөх парламент хэлэлцээд баталсан учраас гэдэг үндэслэлээр үү? Лав л хуучин эрчүүл нь энэ хуулийн талаар юу ч мэдэхгүй шахам шүү дээ…

-Ер нь хуулийн эргүүлэн татах, хүчингүй болгох  процесс хүчтэй өрнөж байна. Хамтын тэтгэврийн хуулийг л гэхэд “ахмадуудын хүсэлтээр” буцаахаар төсвийн тодотголд суулгасан гэж Сангийн сайд тайлбар хийсэн?

-Уул нь энэ их мөнгө биш шүү дээ. Хэмнэлт таналт хийх болохоороо л ахмадууд, хүүхдүүд гээд л нийгмийн хамгийн ядарсан хэсэг рүүгээ орцгоох юм, эд. Том мөнгө рүүгээ ерөөсөө харахгүй шүү. Хүнд болохоор хэдэн их наядаар нь алдаад, өөрсдөө хэдэн тэрбумаар нь тендер авч идчихээд л хүүхдийн 20 мянга, ахмадын 200 мянга руу л дайрцгаах юм. Хууль батлаад   хэрэгжүүлэхэд жилд 20 гаруй тэрбум шаардлагатай гэж байсан, гэтэл одоо ЗГ энэ дүнг хэд дахин өсгөж 75 тэрбум шаардлагатай гэсэн үндэслэлээр цуцлахыг санал болгож байна.

Хэрэв энэ хууль хэрэггүй гэж үзсэн бол батлахгүй байх эрх нь МАН-д байсан. Ер нь өнгөрсөн парламентад МАН-ын оролцоогүй нэг ч хууль гарахгүй байсан гэдгийг мартаж болохгүй.  Популист хууль батлалцсан бол одоо түүнийгээ өөрсдөө биелүүлэх л хэрэгтэй шүү дээ.

-Төсвийн тодотгол дээр засгийн газрын тусгаж өгсөн цалин хасах, татвар нэмэх саналууд улстөрийн шийдвэрээр буцлаа. Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөхийн тулд үнэт цаас гаргах, зээл авах асуудлууд яригдаж байна. Одоо таны харж буйгаар манай улсад ямар боломж гарц байна?

-Энэ тийм гайхаад байх цоо шинэ үзэгдэл ерөөс биш шүү дээ. Бид ийм л байсан, энэ тогтолцоог өөрчлөхгүй бол улам дордсоор л байна. Популизмаар сонгуульд ялдаг, ялмагцаа шиэнэчлэх гэж нэг үзээд намрын орон нутгийн сонгууль, дараа жилийн ерөнхийлөгчийн сонгуулиа бодоод татдаг. Эдгээр сонгуулиудыг дуусгаад дараагийн сонгуульд сонгогчоо хахуульдах мөнгөө улстөрчид нь олохын тулд нөгөө жаахан төсвөөсөө хүний өөрийнгүй нийлээд цусалцгаана. Нийлж байгаад юу байгаагаа гадны хүнд зүгээр өгч,тэрнээс нь цөөхөн хүн МАНАН-гийнхан шавхрууг нь долооно. Тэгээд дараагийн сонгууль нэгэнт хаяанд ирэх учир дараагийн популизм руугаа орж популист хууль шийдвэрүүдийг үйлдвэрлэнэ. Энэ бүхэнд алдагдалтай төсөв баталж, гаднаас зээл, тусламж, дотооддоо бондын өр давхар үйлдвэрлэнэ. Энэ циклээс гарах арга Үндсэн хуулийн өөрчлөлт. Суурь өөрчлөлтөө л эхэлж хийхгүй бол бусад нь нурах гэж байгаа байшингийн обойг сольж байгаатай л адилхан үйлдэл болно. Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх талаар цогц санаа бий. Ард нийтийн санал асуулгын хуулиар дамжуулж хийх санал гаргасан нь өнгөрсөн парламентад овоо ажил болоод явж байсан. Харин нэг зүйлийг хэлэхэд нэг нам үнэмлэхүй олонх болсон парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломжгүй.

-МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАН-ЫГ СОНГОСНООС БИШ ОУВС-Г СОНГООГҮЙ-

-Манай улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахын тулд төсвийн бодлогоо чангалж байна гэх мэдээлэл явж байгаа. Үүний нөгөө талд гаднаас зээл тусламж авч, банк оруулж ирж байхаар том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй гэсэн мессеж явна байна?

-Бид засгийн эрх аваад мэргэжлийн засгийн газар байгуулж байгаад учрыг нь олоод хужрыг нь тунгаагаад өгнө гээд л сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулчихаад одоо болохоор “Уучлаарай, бид чадахгүй нь ээ, ОУВСангаар төрөө бариулахаас өөр аргагүй боллоо” гэж болдог юм уу? Уучлаарай, Монголын ард түмэн МАН-ыг сонгосноос ОУВС-г сонгоогүй. “Том төслүүд” хэзээ ч зогсоогүй, нэг хором ч зогсолтгүй хөдөлсөөр л байгаа. Хөдлөхийн хирээр бидний өр нэмэгдсээр л байгаа даа, хөөрхий. Том төслүүд хөдлөх тухай асуудал ерөөсөө чухал бишээ, тэд зогсолтгүй хөдөлсөөр л байгаа. Яаж хөдөлгөх вэ гэдэг л хамгийн чухал!

Тэр том төслүүдийг поп Уянгаа гацаагаад байна гэдэг чинь өөрөө популизм. Би супер эмэгтэй биш шүү дээ. Ч.Сайханбилэг Дубайд очоод өнөө маргаашгүй хөдөлгөх боллоо гээд эсэргүүцсэн биднийг баахан хараасан, одоо хэвлэлүүдийг харахаар 100 сая ам.долларын хахууль авсан ч гэх шиг, 5 саяар байшин авч байна ч гэх шиг! Шалга л даа эднийг, байгуулснаас хойш энэ төслийн нэрээр цусласан бүхнийг шалгаж байж төсөл, гэрээ зөв замдаа орно. Түүнээс биднээс болоод гацаад байгаа юм биш.

Том төслүүдийг зөв тийш нь хөдөлгөх л чухал. Энэ амаргүй ажил. Үүний тулд ихээхэн бэрхшээл туулах шаардлага тулгарна. Хамгийн муу хувилбар бидэнд тулгарахад бид амьдарч чадах ёстой. Бүх зээл тусламж, гадаад  худалдан авалт зогсоход монголчууд амьдарч чадах уу гэдэг хамгийн муу хувилбарт бэлэн байж бид хүндрэлээс гарах арга замаа хайх хэрэг ч гарч мэднэ. Өөрсдийгөө вакуум орчингоос салгаж бодат байдалтайгаа нүүр тулах хэрэг гарах л байхаа даа.

-Энэ засгийн газар Тавантолгой төслийг “Чалко”-той хийсэн гэрээнээс өөр ашигтай түвшинд үргэлжлүүлснээр хүндрэлээс гарчих боломжгүй юу?

-Энэ нь өвчинд шаналж байгаа хүнд морфин хийж өвчин намдаахтай л адил юм даа. Тавантолгойн гэрээ ашигтай болсноор Монголын өмнө тулгарсан хүндрэлтэй асуудлыг бүхэлд нь шийдэх боломжгүй. Ер нь Тавантолгойн гэрээ ашиггүй болсон нь МАНАН-гийн нэг сая, 1,5 саяын амлалтын барьцаанд тавьснаас хойшхи асуудал. Энэ өрийг барагдуулж дуусаагүй л байна шүү дээ. Ийм үед дэлхийн зах зээлд нүүрсний үнэ хэд болсон ч манайх үнээ хөдөлгөж чадахгүй.

Коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлт, хөрөнгө оруулалт татах тухай ярих нь зөв өө. Борлуулж байгаа нүүрснээсээ нэг тонноос нь 5 долларын ашиг олох тухай ярьж байна. Харин яагаад олборлолтын өртгийг бууруулах тухай тэд ярихгүй байна. Хувийн компани монголчууд өөрсдөө тонныг нь арав хүрэхгүй доллараар олборлож болоод байхад яагаад гаднын компаниар 45 доллараар олборлуулах гэрээ байгуулав?! Хэн үүнийг хийв?! Зөвхөн олборлолтын өртгийг бууруулахад л бид борлуулалтын хэмжээг нэмэгдүүлж, дээрээс нь нэг тонноос олж байгаа ашгаас хэд дахин илүү ашиг олж байна. Энд хэний ашиг сонирхол ороод юу болоод байгаад анхаарлаа хандуулах ёстой. Экспортын хэмжээгээ хичнээн нэмэгдүүлсэн ч дундах шимэгчийг устгаж чадахгүй бол Монголын ард түмэнд наалдсан ашиг болж чадахгүй шүү дээ. Хорт хавдартай хүнд витамин тэжээл нэмж тарих тусам организмаа биш хавдрыг нь л тэжээгээд байдаг шиг юм болно доо. Бид одоо дотоодынхоо вирус шимэгчийг цэвэрлэхгүйгээр гаднаас аливаа шалтгаан хайх хэрэггүй л дээ. Энэ бол бүх шинэчлэлийн суурь. Үүнээс өөр ямар ч гарц байхгүй.

-Гэрээгээ сайн түвшинд боловсруулахад энэ засгийн газарт эрх ашгийн зөрчил үүсэх магадлалтай юу? АН энэ тохиолдолд сөрөг хүчний хяналтаа хэрэгжүүлэх боломж хомс байна?

-Яаж хянах гэж байгааг нь мэдэхгүй дээ, хоёр нам хамтарч буруу юм хийсэн. Чи эхлээд тэгсэн, үгүй чи эхэлсэн гэдэг хэрүүл л болж хувирдаг. Ер нь бол АН-ын хяналт гэсэн үлгэр ахиж битгий ярь аа! Тэд хүсээд ч хянаж чадахгүй байтугай, бүр хянахыг ч хүсэхгүй.

-Ер нь роялти татвар авах замаар том төслүүдийнхээ төрийн хувь хэмжээг зарах нь зүйтэй гэсэн байр суурь ч байна?

-Том төслүүдээс бидний олох ашиг зөвхөн мөнгөн ашиг байх ёсгүй гэж би үздэг. Бид алдагдал хүлээн байж ийм төслүүдэд оролцохдоо хүмүүсээ сургаж чадваржуулах ёстой. Монголын баялаг хоёр толгойгоор дуусахгүй. Дараагийн ордууддаа сайн гэрээ хийж чадах гэрээний мэргэжилтнүүд, уул уурхайн эдийн засагчид, уурхайн инженер мэргэжилтнүүд гээд бидний олох ашиг бий. Энэ бүх ашиг төслийн идэвхтэй оролцогч, хамтрагч байж л бий болно. Тоо тоолоод мөнгө аваад суугаад байхыг бол хэн ч байсан дөнгөх байх л даа. Эрхбиш төр юм бол ийм оролцоог л хангах ёстой гэж бодож байна.

Ямраар ч хийсэн олсон мөнгөө зөв зарцуулах ухаалаг зөв төртэй болоогүй цагт бидэнд дандаа л хүндрэлтэй байх болно доо. Одоо МАН-д роялти яриад ч яах юм. АН-ын гишүүнихэд баруунжсан доктор Гацууртын луйврын далдлахын тулд борлуулалтаас авдаг роялтийг ашгаас авдаг болгож өөрчилсөн санагдах юм. Тэгээд роялтийн хувийг нугалж өсгөсөн гэж зарласан ч борлуулалт, ашиг хоёрын талаар ган ч хийгээгүй дээ. Ийм хүмүүсээс юу хүлээх вэ?

Ер нь өмнөх үйл явцуудын тухай асуултуудыг чинь нэгтгээд дүгнэхэд сөрөг хүчин болохоороо ингэж шүүмжилдэг, эрх баригч болохоороо ингэж будлиантуулдаг нь гэм биш зан болчихсон юм. Хэрэв АН эрх барьж байсан бол МАН яг ингэж жүжиглэж байгаа. Тиймээс шүүмжлэл болгонд үг нэмж яах юм. Хэнд хэрэгтэй юм, ард олонд л лав ямар ч хэрэггүй.

Ж.МЯДАГБАДАМ

medee.mn


Г.Уянга: Намайг “алах” тийм ч амархан биш
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Irgen Огноо: 30 September 2016 Reply

Aslugui erdenechimeg yamar uwaigui gichiivwe

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.