Бүсгүй минь, эрчүүд таны хумсыг хараад л таныг хэрхэн биеэ авч явдагийг шууд л мэдчихдэг. Сайхан хумстай бүсгүйн бусад бүх зүйлс нь сайхан. Бид хумсыг амьгүй яс бус, амьтай эрхтэн гэж тооцох хэрэгтэй шүү. Ингээд та бүхэндээ зориулж дараах хэд хэдэн зөвлөгөөг хүргье.
Дөрвөлжин хэлбэрт урт, нарийхан хуруунд зохимжтой
Хурууныхаа хэлбэрт хумсныхаа засалтыг тохируулах хэрэгтэй. Дөрвөлжин хэлбэр зөвхөн урт, нарийн хуруутай хүнд л зохино. Хэрвээ таных нэгэнт ийм биш бол ямар ч хэлбэрийн хуруунд тохирох зууван хэлбэрийг сонгоорой. Хумсаа хэтэрхий шөвхөлж хурцлах нь танд болон бусдад халтай гэдгийг бас санагтун.
Гар арчилгааны гол нь хумсны эргэн тойронд ургасан илүүдэл махыг цэвэрлэх явдал. Хэчнээн гоё хумстай байгаад үүнд анхаараагүй бол нэг л болхи харагддаг гэнэ шүү. Илүүдэл махыг юуны түрүүнд зөөлрүүлэх хэрэгтэй. Бүйлс, лиш цэцгийн тостой бүлээн усанд гурван минут хэртэй дүрэх нь илүүр дүнтэй байдаг юм. Дараа нь тэжээлийн тосоор хуруу бүрт иллэг хийж өгвөл зүгээр. Улам л зөөлөрнө гэсэн үг.
Энэ бүхний эцэст хумсны уганд наалдсан арьсыг түлхэж цаашлуулах бөгөөд шаардлагатай бол илүүдэл арьс, махыг зориулалтын хайчаар авна.
Хумсны будаг сонгох гэж байна уу?
Хумсны будгийг сонгохдоо аль болох үнэтэй, чанартайг эрхэмлэх нь зүйтэй. Учир нь хямд будганд таны хумсыг муутгах химийн бодис илүү орсон байх тал бий. Тод өнгөөр будах бол эхлээд суурь болгож өнгөгүй будаг түрх. Учир нь тод болоод бараан өнгийн будаг хумс, түүний эргэн тойрон дахь арьсанд нэвчиж, дараа нь арилгахад төвөг учруулдаг юм. Сайн чанарын будаг түрхэнгүүт хатдаг. Хэрвээ будаг хатах нь удаан бол хүйтэн усанд дүрэхэд гэмгүй. Ер нь будгийг тасалгааны хэмд хатаах ёстой. Хэт хүйтэнд будагны чанар өөрчлөгддөг.
Хумсны өнгөн хэсэг барзгар байвал зориулалтын зүлгүүрээр өнгөлж, гөлгөр болгох хэрэгтэй. Тэгвэл будаг сайн тогтдог төдийгүй үзэмжтэй харагдана. Ер нь хумс үелж, хэлбэрээ алдах нь өвчилсний шинж юм. Нимбэгний шүүс, чидун жимсний тос хумсанд маш сайн тэжээл болдгийг мэдэхэд илүүдэхгүй. Мөн давстай усанд дүрэх нь хумсыг бэхжүүлдэг.
Бүсгүйчүүд минь хумсныхаа будгийг хурц иртэй зүйлээр хусч арилгадаг. Гэтэл энэ нь хумсны өнгөн давхаргыг гэмтээдэг муу талтай. Мөн хумсан дээрх будгийг сэргээж янзлахгүй хэтэрхий удаан байлгаснаас зориулалтын шингэнээр арилгасан ч төвөгтэй болдог. Ямар ч будаг 2-3 секундийн дотор арилах ёстой. Гэтэл хэт удсан будгийг арилгахад химийн бодис их зарцуулах тул хумсыг нимгэрүүлж хэврэгшүүлдэг байна.
Ингээд бүсгүйчүүдээ, хумс гэдэг таны нэрийн хуудас. Зөвхөн гоё харагдуулаад зогсохгүй, эрүүл байлгах нь таны эрүүл мэндийн толь ч болох юм гэдгийг бүү мартаарай. Амжилт хүсье.