С.Сарнай: Үнсэлцэхгүй гэх ганц л болзол тавьсан

192999-21092016-1474428554-1684230724-1-Юуны өмнө кино урлагт хөл тавьсанд баяр хүргэе. Шууд л гол дүр бүтээгээд эхэллээ? 
-Баярлалаа. Шүүдэрцэцэг эгч л “Миний дүү тоглочих. Чиний карьерт хэрэгтэй” гэж ятгасан. “Чадах болов уу” гээд эргэлзсэн ч “чадна, чадна” гээд л шууд тоглуулсан. Очсоныхоо дараа л гол дүрд хуваарилсныг нь мэдсэн. Туслах дүр байснаа яагаад гол дүр болчихов гээд гайхсан. Гэхдээ гол дүр нь уйлсаар байгаад л дуусдаг юм.

Би хүүхэд насныхаа ихэнх мөрөөдлийг биелүүлсэн

-Дүрээ бүтээхэд хэр зэрэг хэцүү байсан бэ? 
-Миний хувьд туслах болон гол дүрийн аль нь ч байсан хэцүү шүү дээ. Өмнө нь кинонд тоглож үзээгүй болохоор камерын өмнө үг хэл ч олигтой эвлэхгүй байсан.

-Тэгээд яаж нүүр хагарав?
-Анх бол ямар кинонд тоглож байгаагаа ч мэдээгүй. Надад хуваарилсан дүр нь надаас огт өөр ааш зантай. Мишээл бол наалинхай ааштай, ялдам охин. Гэтэл би тийм биш. Над шиг бүдүүн хоолойтой ялдам охин ч гэж юу байх вэ. Ялдам охины дүр гаргахын тулд аальгүйтэх ёстой ч би чадахгүй байх жишээтэй. Яваандаа нүүр хагараад өөр болсон л доо. Дүрдээ орж байж л өөрөөсөө өөр хүний дүрийг гаргаж чадах учраас хичээсэн.

-Найруулагчдаа их загнуулсан уу? 
-Үгүй ээ. Хүсэлбаатар ах хүнийг загнадаггүй юм билээ. Миний охин гээд л ярьдаг. Намайг загнавал би гомдоод, цаашаа орчихдог. Харин эвээр ярьвал хүний үг сайн сонсдог. Би ер нь загнуулж, хүнээс үг сонсож сураагүй.

-Кинонд тоглохыг хүсэж байсан уу, санал ирж байсан уу? 
-Кинонд тоглох сонирхолтой байсан ч санал авч байгаагүй. “Содура” киноны пробонд ороход морь унаж чадахгүйгээс болж тэнцээгүй. Жүжигчин болно гэж ёстой бодож байсангүй. Миний мөрөөдөл бол загвар өмсөгч, загвар зохион бүтээгч болох. Энэ мэргэжлээрээ ч ажиллаж байгаа учир кинонд тоглох саналыг ажлын хажуугаар хийнэ гэж боддог.

-Кинонд ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?
-Мэдээж түүхэн кинонд баатарлаг эмэгтэйн дүрд тоглохыг хүсдэг. Мөн тулаантай кинонд буу барьсан, нээх урт хөлөөрөө өшиглөх гэх мэт жоли стилийг бүтээх сонирхолтой. Эсвэл эсрэг талын дүр бас байж болно. Тухайлбал, хятад кинонд мафийн толгойлогчийн эхнэр зэрэг зэвүүн, этгээд дүр байдагдаа тйим л төрх надад зохино гэж боддог.

-Тулаанаар хичээллэдэг юм биш биз дээ? 
-Үгүй ээ. Тулаантай зураг авалтад бол орж байсан. Кикбоксоор хичээллэх сонирхолтой. Энэ жилээс явахаар төлөвлөж байгаа.

-Мэргэжилтнүүд жүжигчин, моделийнхээ царайг иймэрхүү төрлийн дүр гаргахад тохиромжтой гээд шинждэг. Таны хувьд ямар дүр гаргахад илүү тохиромжтой царайтай гэж боддог вэ? 
-Кино найруулагч намайг ялдам дүрд тоглуулсан юм чинь миний царай наалинхай талдаа л юм байлгүй дээ. Эсрэг дүрд тохирохгүй байсан юм болов уу. Би уг нь өөрийгөө боевик дүрд тохирох байх гэж боддог. Хэдий миний зан чанар боевик маягийн биш ч моделийн зураг авалтад надад инээсэн дүр оноох нь ховор байдаг. Японд байхдаа ч инээдэггүй, “cool” дүрд зураг авахуулдаг байсан.

-Мишээлийн дүр таны хувийн зан чанартай хэр давхцаж бас сөргөлдөж байсан бэ? 
-Надаас бүх талаараа өөр. Маш ялдам, үргэлж наалинхайтаж явдаг охины дүр. Миний хувийн зан чанар бол бүх зүйлийг шулуун шударгаар, байгаагаар нь хэлчихдэг. Аальгүй охин харвал энэ яагаад аальгүйтээд байгаа юм бол гэж бодоод, чимээгүй сууж байдаг. Гэхдээ хэдий хурдан гомддог ч Мишээл шиг уйланхай биш.

-Дүрээ сайн гаргасан гэж өөрийгөө бодож байна уу?
-Чадах ядахаараа л хичээсэн. Гайгүй байгаасай. Кино гарахад дэлгэц дүүрэн уйланхай нүүр байх вий гэхээс айж байна. Гэхдээ нүүрийнхээ гоё сайханд санаа зовоод уйлах юм бол угаасаа худлаа жүжиглэлт болно шүү дээ. Тийм учраас үзэгчид намайг жинхнээсээ уйлсныг ойлгоосой гэж хүсэж байна.

-Хайр дурлалын сэдэвтэй кинонд мэдээж жүжигчин хүний хийх ёстой бүхнийг л хийнэ. Гэр бүлийн хүн тань яаж хүлээж авсан бэ? 
-Манай хүн намайг дэмжсэн. Гэхдээ би кинонд тоглох саналыг хүлээж авахаасаа өмнө “үнсэлцэхгүй шүү” гэдэг ганц л болзол тавьсан. Найруулагч, продюссерууд маань тэр бүхнийг “жүжигчний хийх ёстой ажил” гэсэн ч би жүжигчин биш гэдгээ сайн ойлгуулсан. Бас өөр эр хүнийг үнсэнэ гэхээр нөхрөө хуурч байгаа юм шиг санагдаад, дотор арзаганадаг гэдгээ хэлсэн. Жүжигчид бол үнсэлцэхийг ажил гэж боддог учраас сүртэй хүлээж авдаггүй юм билээ. Ер нь цаашдаа түүнээс цаадахыг нь харуулсан кинонд ч тоглохгүй гэж боддог.

-Зураг авалтын үед аль хэсэг нь хамгийн хэцүү байсан бэ?
-Хүйтэнд өглөөн 06.30 хүртэл зураг авалт үргэлжлэхэд хэцүү байсан. Би өөрөө их бээрэг. Бас камераа зоогоод л “За, Сарнай чиний уйлдаг ээлж” гэнгүүт жүжигчин биш болохоор уйлна гэдэг миний хувьд чадахгүй давааны нэг байсан. Найруулагч уйлахад хамгийн сайн арга бол өөрт тохиолдсон муу зүйлээ бодох, эсвэл киноныхоо үйл явдалд орох гэж зөвлөсөн.

-Тэгээд аль зөвлөгөөг дагасан бэ? 
-Эхэндээ уйлахын тулд өрөвдөлтэй зүйл боддог. Тэгээд л нулимс гарч эхлэнгүүт энд тэндээс янз бүрийн гэрэл өгөөд, камер асаангуут уйлахаа больчихно. Сүүлдээ киноныхоо үйл явдалд ороод, хоолойд минь хутга тулгахад жинхнээсээ айгаад уйлсан. Мишээлийн “Залуухан байж үхмээргүй байна” гэж хэлдэг хэсэг байдаг. Энэ үгийг би өөртөө тусгаж бодсон хэлдэггүй ч гэсэн үхэн үхтлээ хиймээр байгаа зүйл зөндөө байдаг. Энэ бүхнээ амжуулахгүйгээр үхчихвэл яанаа гэж бодохоор хоолой зангираад, нулимс асгарсан.

-Амьдрал дээр таны хайртай хүн Мишээлийн найз залуу шиг өөдгүй зан гаргавал яах вэ? 
-Амьдрал дээр би Билгүүн шиг хүнтэй угаасаа нийлэхгүй шүү дээ (инээв). Арай ч амьдрал дээр тийм зүйл тохиолдохгүй байлгүй дээ. Гэхдээ нөхрөө оронд нь тавьж харвал би аягүй бол уучилж магадгүй. Хамгийн гол нь манай нөхөр тэгэхгүй л дээ. Тийм болохоор төсөөлөхгүй л байна. Харин Билгүүн бол зүгээр найз юм чинь “ямар хөгийн залуу вэ” гээд л өнгөрнө дөө.

-“Яг түүн шиг” шоугаар таны дуулах авьяас тодорсон. Дуулж өгөөч гэсэн урилга ирж байна уу? 
-Энэ зун Дорноговь, Эрдэнэт гээд нэлээн хэдэн газар очиж дуулсан шүү. Лана Дель Рей, Мерилин Монрогийн дууг дуулаад л, нөгөө хувцсаа өмсөөд л явсан даа.

-Дуулсан анхны тайз чинь “Яг түүн шиг” шоуных биш байх тэ? 
-Өнгөрсөн жил найдугаар сарын 28-нд “Guys” хамтлагийн “Амьдрал үргэлж сайхнаараа” тоглолтод дуулсан нь миний анхны тайз. Тухайн үед хүүгээ төрүүлэхэд хэдхэн хоног дутуу байсан учраас том гэдэстэй байлаа.

-“Яг түүн шиг” шоунд бүтээсэн дүрүүдээс аль нь хамгийн гоё байсан бэ. Тина Тёрнерийнх таалагдсан уу?
-Мэдээж Амраа ах, Лана Дел, Рей, Николь Шерзингер, Мерилин Монро гээд ихэнх дүр гоё байсан. Харин царай муутай болчихсон байсан учраас Тина Тёрнерийн дүр таалагдаагүй.

-Загвараа зохион бүтээж амжиж байна уу. “MОNROZE”- ийн ажил нь хэр урагштай байгаа вэ? 
-Сүүлийн үед их завгүй болсон. Уг нь хүүгээ томрохоор хөлд оруулагчид нь суулгаад ажлаа хийнэ гэж бодож байтал талаар өнгөрлөө. Ядаж ой хагас хүрэхээр нь цэцэрлэгт өгчихөөд загвараа тухтай гаргана даа. Хүүгээ нялхад нь тэргэн дээр унтуулчихаад ажлаа амжуулдаг байсан чинь томрох тусмаа хөдөлгөөнтэй болдог юм байна.

-Хүүгээ хэзээ дүүтэй болгох бодолтой байна?
-Харж байгаад болно доо. Одоо арай л ойрхон байна. Дөнгөж эхнийх нь гараас гарах гэж байхад дахиад нэгийг гаргавал ажлаа хийж чадахгүй шүү дээ. Ядаж нэг, хоёр жилийн дараагаас л болох болов уу.

-Гэр бүлийн хүнээ танилцуулж болох уу?
-Манай хүнийг Мөнх-Эрдэнэ гэдэг. Хөлбөмбөг тоглож, загвар өмсдөг. Компьютер графикийн дизайны мэргэжилтэй. Өмнө нь “Торго” салонд ажилладаг байсан ч би “Монгол Модель” агентлагт урвуулчихсан. Бид анх “Говь” компанийн бүтээгдэхүүний зураг авалтын үеэр танилцаж байсан.

Над шиг бүдүүн хоолойтой ялдам охин ч гэж юу байх вэ

-Та залуу насыг юутай зүйрлэх вэ? 
-Залуу нас гоё шүү дээ. Энэ насандаа бодсон бүх зүйлээ хийх юмсан гэж хүсдэг. Хүнд чадахгүй зүйл гэж байхгүй. Миний хувьд дуулаад, кинонд тоглож, загвар өмсөж, загвараа зохиож, өөрийн гэсэн хувцасны коллекцоо гаргаад үзчихлээ. Одоо өөрийн гэсэн дуугаа гаргах л дутуу байна. Хөгжмийн зохиолч Г.Онон ах надад нэг дуу хийж өгнө гээд амлачихсан байгаа.

-Ингэж явах хэрэг надад байгаа юм уу гээд шантрах үе тохиолдож байсан уу? 
-“Яг түүн шиг” шоунд хоёрдугаар шатанд муу оноо авахад “би ч түрүүлнэ гэж худлаа юм байна” гэж бодогдож байсан. Хар сарнайгийн дүрд хувирдаг ээлж дээр тайзан дээр гарахын өмнө манай хүнээс “Үр хүүхдээ орхиод, маш их цаг гаргаж, хичээж бэлдчихээд сандарч, ичиж байгаагаас болоод ингэж оролцвол ямар хэрэг байсан юм бэ” гэсэн мессэж ирсэн. Би “нээрээ л тийм дээ” гэж бодоод л тайзан дээр гарсан, Хар сарнайг дуурайсан, түрүүлсэн.

-Малайз руу явах тухай мэдээлэл гарсан байсан. Нууц биш бол ямар ажлаар явах гэж байгаа вэ?
-Аравдугаар сарын 15-нд “Miss and Mrs Asia Noble Queen” гэдэг тэмцээнд оролцохоор явна. Энэ тэмцээнд Монголоос хамгийн анх удаа оролцож байна. 2014 онд би бас эх орноосоо анх удаа “World next top model”-д оролцож байсан. Нийгмийн сүлжээнээс хамгийн их санал авсан учраас “Miss internet” гэдэг шагнал авч байсан.

З.Цэлмэг

Засгийн газрын мэдээ


С.Сарнай: Үнсэлцэхгүй гэх ганц л болзол тавьсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: mongol Огноо: 30 September 2016 Reply

wow.cool baisan.why duuchin boloogui yum be.yag tuun shig deer yag l bailaa.amjilt.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.