Чөлөө завгүй, тэмцэл дунд өрнөх нийгмийн амьдралын бараан бүхнийг бяцхан үрсийн минь цовоо инээд үргээж, итгэл сэтгэлийн галыг бадраадаг билээ. Амьдралын утга учир болсон алаг үрс нь эрүүл саруул өсч бойжиж байгаа гэр бүл хамгийн аз жаргалтай ажгуу. Өнгөлөг мөнгөлөг биш ч гэлээ өнөр өтгөн айлд бурхан оршдог гэсэн үг бий.
Харин сүүлийн үед хүсэвч тэврэх үргүй гэр бүл олширсон. Шалтгаан нь олон янз. Тэр шалтгаануудаас онцлон архи ба ургийн тухай авчхөндлөө. Үргүйдэлт болон ургийн гажигт даацтай нөлөөлж байгаа хүчин зүйлсийн нэг нь яах аргагүй архи юм. Өнөөгийн нийгэмд нийт эрэгтэйчүүдийн 39.5 хувь, эмэгтэйчүүдийн 13 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг. Долоо хоногт эрэгтэй хүн 210 гр, эмэгтэй хүн 140 гр хэмжээний спирт уувал архи хэтрүүлэн хэрэглэсэн цаашилбал донтсон гэж үздэг. Архи хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд өөрийн хүсээгүй үйлдлийн золиос болох нь элбэг. Согтууруулах ундаа хүний биед дасал болсноор оюун ухаан төдийгүй бие махбодийн дархлааг сулруулж урт хугацааны өвчлөлд хүргэх эрсдэлтэй. Өдгөө асар хурдацтай тахал мэт тархах болсон элэгний хорт хавдар архи ууснаас шууд хамааралтай. Уусан архины 90 хувь нь элгэнд задарч ихэнх хорыг тэндээ үлдээдэг. Мөн архи уудаг хvн залгиур хоолойн хорт хавдраар өвчлөх нь элбэг. Ходоодны үрэвсэл, цус алдалт, нойр булчирхай гэмтэх, хоолны шингэц муудах зэргээр дотор эрхтнийг бүхэлд нь өвчлүүлдэг гэмтэй. Архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн нойр булчирхай нь хайлах тохиолдол ч байдаг. Өвчилсөн эд эс бүхий эр хүн үр тогтоох чадваргүй болж, эмэгтэйчүүд нь тээж чадахаа больдог. Анагаах ухааны оношоор үрийн сувгийн нарийсалт, хатингаршилт зэрэг олон онош байдаг.
Мөн архи байнга буюу давтамжтай ууснаар хүний бие эрхтэн бүхлээрээ өвчлөлд нэрвэгддэг. Архины шалтгаант ураг ямар нэгэн байдлаар согогтой төрдөг байна.
Эцэг эх нь хоёулаа буюу эсвэл аль нэг нь архичин гэр бүлд жирэмсний хордлого, дутуу төрөлт, зулбалт, төрөх үеийн бүтэлт зэрэг эмгэгүүд архины шалтгаант бустай харьцуулахад элбэг тохиолддог. Тухайлбал жирэмсэн үедээ архи уусан 386 эмэгтэйн 272 нь үр зулбасан буюу амьгүй хүүхэд төрүүлжээ. Амьдарч үлдсэн 114 хүүхдээс 91 нь найман нас хүрэхэд унадаг өвчтэй, оюун ухааны хомсдолтой эсвэл мэдрэлийн гаралтай ямар нэгэн өвчтэй болжээ. Мөн архичин болсон хүүхдүүдийн 39 хувьд нь эцэг, эх, 58 хувьд нь бусад хүмүүс, 3 хувь нь тодорхой бус шалтгаанаар архаг архичин болсныг эрдэмтэд тогтоожээ. “Жирэмсэн байхдаа архи уудаг л байсан, манай хүүхэд одоо эрүүл саруул амьдраад л байна” гэж хээвнэг ярьдаг эхчүүд байдаг. Хүүхдэд төрөхөд ямар нэгэн харагдахуйц согог илрээгүй байж болох ч биеийн эсэргүүцэл болон амьдрах чадварын хувьд сул дорой болдог. Мөн дахин хүүхэд төрүүлэх чадваргүй болох нь ч архинаас ихээхэн хамааралтай.
Нөгөө талаараа архи хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн эх үүсвэрийг тавьдаг. Хүсэхэд хясал гэгчээр гэр бүлүүд огт хүүхэдтэй болж чадахгүй, нөгөөтэйгүүр төрсөн хүүхэд нь ямар нэгэн байдлаар эрүүл бус байх нь хүсээд байх зүйл биш. Эмэгтэйчүүдийн үргүйдэл нь олон удаагийн үр хөндөлтөөс үүдэх боломжтой. Өсвөр насны болон насанд хүрэгчид ч архи ууж мансуурсан үедээ бэлгийн хавьталд орох нь элбэг. Үүнээс гарах үр дагавар нь хүсээгүй жирэмслэлт. Хуулиар үр хөндөлтийг зөвшөөрдөг болсон энэ үед хүсээгүй жирэмслэлтийн дийлэнх нь үр хөндөлтөөр төгсдөг.
Төгсдөг гэсэн үгийг хараахан хэлэх болоогүй. Учир нь ураг үгүй ч, тээж байсан эх нь сэтгэл санаа болон бие махбодийн асар гүн өвчлөлд ордог. Үр хөндүүлснээр умайн хөндий шархлах, сав цоорох зэрэг эрсдэл үүсэх нь энүүхэнд. Үр хөндүүлж байгаа 100 эмэгтэй тутмын 5 нь дахин жирэмслэх ямар ч боломжгүй байдаг. Үлдсэн хувь нь жирэмслэх ураг тээх магадлал асар ихээр багасдаг. Залуу халуун насанд юм болгоныг “аргалчихаж” байгаа юм шиг санагдавч гэр бүлтэй болоод, үрийн хүслэн болохоороо өнгөрснийг буцааж болохгүйдээ харамсаад ч барахгүй биз. Өнгөлөг, мөнгөлөг ч нялх хүүхдийн инээд цангинахгүй айлд ямар аз жаргал байх билээ. Урт хугацааны давтамж битгий хэл нэг удаагийн согтолтоос болж нэг насныхаа амьдралыг ч баллаж мэдэх нь. Сархад савнаасаа бусдыг дийлдэг. Архи таны ирээдүйг, энгэрт чинь тэврүүлээд эрхэлж инээх үрсийг чинь булааж байна. Элэг бүтэн амьдралыг чинь нулимсаар усалж байна. Ийм ирээдүйг эс хүсвээс хүн та дуусашгүй тэмдэглэлт өдрийн архинаас татгалзаж сураарай. Хичээнгүйлэн хүсье. Эх орны эрхэм баялаг нь эрүүл саруул иргэн, эрүүл саруул эцэг эхтэй бяцхан хүүхдүүд билээ.
Бяцхан үрсийн инээдэнд хорвоо уярдаг. Амьдралын утга учир алаг үрсээ архиар солихыг хүсээгүй бол архи хэмээх дайсанд үгүй гэж хэлж сурцгаая. Хүмүүс ээ.
Б.Гоомарал /Shuud/