“Mister World 2016”-н шилдэг эрэгтэйгээр Энэтхэг улсаас оролцсон Рохит Ханделвал тодорсон юм. Дэлхийн хамгийн царайлаг залуу гэх алдрыг хүртээд буй түүний тухай товчхон өгүүлье.
Рохит 1989 оны наймдугаар сарын 19-д төрсөн бөгөөд Ази тивийг төлөөлөн “Mister World” тэмцээнд оролцож шилдэгээр өргөмжлөгдсөн анхны эрэгтэй юм.
Одоогоос хэдхэн жилийн өмнө тэрбээр бусдаас илүү гарах зүйлгүй энгийн нэгэн байсан боловч шаргуу зүтгэлийн хүчинд Энэтхэг битгий хэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайхан залуугаар нэрлэгдэж байна.
Өдгөө 27 настай Рохитын инстаграм хуудас өнөөдрийн байдлаар 273 мянган дагагчтай байгаа бөгөөд дагагчдын тоо хором хормоор нэмэгдэж буй гэх.
Тэрбээр өнгөрсөн жил “Mister India” титмийг хүртсэн билээ. Рохит өмнө нь компьютер технологийн компанид ажилладаг байсан ба гадаад төрхийн хувьд ч одооны сайхан залуугаас тэс өөр байжээ. Махлаг, амьдралдаа идэвхигүй, нэгэн хэвийн амьдралтай байсан тэрбээр энэ бүхнийг өөрчилж чадсан билээ.
Царайлаг залуу Рохит амьтанд их хайртай бөгөөд өөрийн гэсэн тэжээвэр амьтантай болохыг хүсдэг гэнэ. Амьдралын идэвхитэй хэв маягийг эрхэмлэж, байнгын хөдөлгөөн, эрүүл хооллолтыг чухалд үздэг Рохит аялах дуртай гэсэн.
Рохит тайз дэлгэцийн салбарт хүч үзэж эхэлсэн бөгөөд ТВ-н цувралд өөрийн дүрийг бүтээж амжжээ. Түүнчлэн олон улсын загварын ертөнцийн үүд хаалга ч түүнд нээлттэй байгаа юм.
Хамгийн хүсэмжит залуу Рохит ойрын үед Энэтхэг улсдаа буцаж, загварын болон жүжигчний карьертаа анхаарал хандуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: WWW.ZONE.MN