Бид гэр бүлийн амьдралыг зөвхөн нэг өнцгөөс нь хараад дасчихжээ. Бүх бүсгүйчүүд нөхөрт гарахыг хүсдэг, харин бүх эрчүүд эхнэр авахыг яардаггүй. Гэвч амьдрал дээр бол арай өөр байдаг. Орчин үед цагаан даашинз өмсөж, хуруундаа хуримын бөгж зүүхийг хараахан хүсэхгүй байгаа бүсгүйчүүдийн тоо нэмэгдсээр л… Ингэх болсны шалтгаан нь төсөөлж байснаас их юм байна.
Жилийн өмнө зургаан жилийн туршид хамтран амьдарч байсан найз маань надад гэрлэх санал тавилаа. Би ч зөвшөөрсөн. Мэдээж шүү дээ, би чинь түүнд хайртай юм чинь. Гэхдээ миний санааг зовоосон зүйл гэвэл, түүнийг гэрлэх санал тавих үед миний сэтгэл огтхон ч хөдлөөгүйд байгаа юм. Бахь байдгаараа л байсан. Тэгтэл манай танилууд гудамжинд тааралдах үедээ “та хоёр гэрлэх гэж байгаа гэв үү?” гэж асуугаад, намайг толгойгоо дохингуут хоорондоо тэврэлдэж, үсэрч, алга ташиж эхлэнэ, харин би ингэтлээ их баярлаад байгаагийн учрыг ойлгохгүй, дуугүй харж зогсоно. Угаасаа хамтран амьдраад л байгаа юм чинь гэрлэсний дараа юу ч өөрчлөгдөхгүй болохоор догдлохгүй байна гэж хэлэх байх л даа.
Гэхдээ би өөртөө дүгнэлт хийж, нэг зүйлийг ойлголоо: би хэзээ ч гэрлэхийг хүсч байгаагүй юм байна. Яг ч бас гэрлэлтийн эсрэг биш, харин гэрлэх ёслол, хагас зуун зочин, урт цагаан даашинзыг бодож мөрөөдөж
байгаагүй. Тийм ч учраас бидний гэрлэлт хүртэл энгийн: тэр өмд цамцтай, би энгийн нэг даашинзтай, хамгийн ойрын хэдэн хүмүүс…
Яагаад би энэ тухай яриад байна вэ гэвэл над шиг гэрлэхийг хүсэхгүй байгаа бүсгүйчүүд олон байгаа гэдгийг энд тэндхийн сайтуудын хэлэлцүүлэг дээрээс мэдсэн юм. Шалтгааныг нь ч тодрууллаа.
Шалтгаан 1: ирээдүйн нөхөртөө 100% итгэлгүй
Энд би хамгийн сайн найз С-ийн амьдралыг жишээ болгомоор санагдлаа. Тэр Б-тэй хоёр жил гаруй үерхсэн. Аль аль талын эцэг эх нь, Б нь хүртэл удахгүй болох хуримын тухай ярина. Ганцхан С энэ тухай үг нэг ч цухуйлгасангүй. Тэртээ тэргүй болж байхад, нэмж зардал гаргаад яахав гээд л инээмсэглэнэ. Хагас жилийн дараа тэр хоёр салсан бөгөөд Сарнай болсон явдалд огтхон ч харамссангүй. Яагаад салах болсон тухай асуухад: “Би энэ хүнтэй хамт насан туршдаа амьдрахгүй юм шиг санагдаж байсан. Хайртай байсан уу? Байсан. Түүнд эргэлзэж байсан уу? Байсан. Гэрлээгүй нь ч болж. Одоо сална гээд бөөн юм болж байхгүй юу…”
Шалтгаан 2: эцэг эхийн амьдралын үлгэр жишээ
Аав нь архи ууж, ээжийг нь гомдоодог. Ээж нь зовлонтой амьдралдаа гутран “бүх эрчүүд хөгийн амьтад…” гэж байнга үглэнэ. Хүүхдийн нүдний өмнө өөрсдийгөө болон үр хүүхдээ зовоодог аав ээж хоёр байнга харагдана.
Аль эсвэл: гаднаас харахад эв найрамдалтай гэр бүл, тэгтэл хоорондоо мөс шиг хүйтэн харьцаатай. “Ээжээ, та аавд хайртай юу?”гэх охины асуултанд ээжид нь хэлэх үг олдохгүй.
Тэгэхээр, хүүхэд насандаа гэр бүл бол зовлон гэсэн “үнэнийг” мэдсэн охин, насанд хүрсэн хойноо гэр бүлд итгэдэггүй, хуримын ёслолын ордонг холуур тойрч явдаг болох нь аргагүй биз дээ. Харимсалтай нь дээрх жишээ улам нэмэгдсээр байгаа. Энэхүү асуудлыг шийдвэрлэх арга замыг зөвхөн сэтгэл зүйчид л мэднэ.
Шалтгаан 3: “Би өөрөө”
Би хэзээ ч эрчүүдийг хүн амын тоог нэмэгдүүлэхэд зориулалттай хэрэгсэл мэтээр хүлээж авч байгаагүй болохоор ингэж боддог бүсгүйчүүдийг ч төдийлөн ойлгодоггүй. Тэгтэл ийм бодолтой эмэгтэйчүүд олон байдаг юм байна шүү.
Тэд төгс эр хүнийг мөрөөддөггүй, учир нь тэдний бодлоор тийм хүн огт байхгүй. Бүгд худалч, архичин, хүүхэмсэг. Харин эдгээр бүсгүйчүүд бүгдийг өөрсдөө хийх чадвартай: ажлаа ч хийнэ, өөрсдийгөө хангана, хүүхдээ ч өсгөнө. Хүүхдийн эцэгтэй хамт амьдрах албагүй гэж боддог.
Шалтгаан 4: эсэргүү бүсгүйчүүд
Нийгэмд тогтсон үзэл бодлоос залхаж байгаагүй хүн байна уу? “Би хүнтэй суугаагүй байгаа” гэж хариулах үед зарим нь зэмлэсэн, өрөвдсөн харцаар харах үед биеэ барихад их хэцүү байдаг шүү.
Миний нэг танил надад сэтгэлээ нээж ярисан юм: “Энэ үнэхээр аймшиг! Би цаг нь болохоор сонгож авсан хайртай хүнтэйгээ гэрлэнэ гэж ээждээ хэдэн удаа хэлэх ёстой юм бэ? Манайд байсхийгээд л баахан зочин ирнэ. Нэг нь даргын хүү, нөгөөх нь машин, орон сууцтай гээд л… Энэ хэзээ дуусах юм болоо? Хэрвээ би өөрийгөө лесби гээд хэлчихвэл намайг тайван орхих болов уу? Ээж ч шоконд орох байх л даа. Гэхдээ би үнэхээр залхаж байна” . Байнга хамгаалалтын байр суурьд байсаар байгаад гэрлэлтийг гэрлэлт гэсэн утгаар нь хүлээн зөвшөөрөхөө больдог. Үүнд ганц л гарц байна: гэрлээгүй байгаа хүмүүсийг дарамтлахгүй байх.
Шалтгаан 5: “Гэрлэлт бол бигуди, индүү ба хоол”
Олонхи бүсгүйчүүд гэрлэлтийг яг ийм байдлаар төсөөлдөг. Тэднийг гэрлэх ёсны ордонгоос гарангуут гурилын элдүүр, хайруулгын таваг болон гал тогооны өрөөнд өдөр бүр орох лимитгүй эрхийн бичгийг өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Ингээд бүх зүйл дууслаа: гоё маникюр, сайхан үсний засалт, дэгжин даашинз ба гоо сайхны салоны төгсгөл ирлээ.
Энэхүү тогтсон үзэл бодлын үндсийг нь олоход маш амархан. Бид ийм нөхцөл байдлыг өөрийн гэр бүлээсээ хардаг. Худлаа хэлээд ч яахав. Манай зарим ээж нар хичнээн сайн ч гэсэн юуны түрүүнд тэд тогооч, угаагч бус, харин эмэгтэй хүмүүс гэдгээ умартдаг. Тэгэхээр гэрлэлтээс айдаг бидний хувьд гүнж байснаа үнсгэлжин болохыг хэн хүсэх вэ дээ.
Шалтгаан 6: “Өөрийгөө золиосломооргүй байна”
Ажил, албан тушаалыг нэгдүгээрт тавьдаг бүсгүйчүүд ихэнх нь ингэж боддог. Тэдний бодлоор бол гэрлэлтийн баталгаа нь албан тушаал дэвшилт дээр томоос том цэг тавина.
Би өөрөө ч яг энэ нөхцөл байдалтай тулгарсан юм. Наймайг нөхөрт гарсныг дуулсан нэг танил маань чин сэтгэлээсээ гайхаж “Тийм үү, нөхөрт гарчихсан юм уу? Өө, би түүнийг хол явах охин гэж боддог байсан юм даа…” гэж хэлсэн гэдэг. “Хол” гэдэг үгний учрыг би сайн ойлгодоггүй юм. Учир нь би хүнтэй суусан ч миний ажилд ямар ч нөлөө үзүүүлээгүй. Гэхдээ ийм үзэл бодол нийгэмд байгаа учраас зарим хүмүүсийн ажилд нь нөлөөлдөг байж л таарлаа.
Шалтгаан 7: хаширсан хүнийг хаширсан хүн гэнэ
Миний бас нэг сайн найз ирээдүйн нөхөртэйгээ хагас жил үерхэдэг байгаад, түүний гэрлэх саналд нь зөвшөөрсөн юм. Тэр хоёрын хамтын амьдрал ердөө нэг жил үргэлжилсэн. Тэдний салалт ч их хүнд явагдсан. Би түүнийг тайвшруулахаар шөнө дунд гэрт нь хүртэл очдог байлаа. Амьдралаа өөрчлөхийг хүссэн найз маань гадагшаа явж,тэнд нэг залуутай танилцлаа. Одоо тэд сайхан амьдарч байгаа: хайр сэтгэл, мэдрэмж гээд л… Гагцхүү “гэрлэлт” гэдэг үгийг дурьдах нь хориотой. Энэхүү хоригийн санаачлагыг найз мань л гаргасан. Энэ байдал хэр удаан үргэлжлэх юм, бүү мэд. Гэхдээ миний найз өнгөрсөн амьдралын алдааг давтахыг хүсэхгүй байгаа нь илт.
Шалтгаан 8: “би гүнж”
Намайг битгий шоолоорой, гэхдээ бид бүгд гүнж нар гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг юм шүү. Тэгтэл зарим гүнж нар “эгэл жирийн ардыг” нэг нүдээр ч тоож хардаггүй.
Энэ бол тааралдсан хүнтэйгээ гэрлэхийг хүсдэггүй бүсгүйчүүдийн бас нэг ангилал нь. Тэдний ирээдүйн нөхөр нь тэдний тавьсан шаардлагад бүрэн нийцэж байх ёстой. Заримдаа тэдний фэйс-контрол, дресс-кодын шалгуур өндөр, хэр баргийн ханхүү хүртэл түүнийг нь давж гарахгүй шүү.
Гэхдээ зөвхөн дэррх хэдэн шалтгаанаар бүсгүйчүүд гэрлэхийг хүсэхгүй байна ч гэж юу байхав. Зорим нь зүгээр л бэлэн биш байж болно шүү дээ. Харин дээрх жишээнүүдээс өөрийгөө олж харсан бүсгүйчүүдийн амьдралд аз жаргал хүсэе. Гэрлэхийг хүсэхгүй байсан ямар ч учир шалтгааныг нэг мөсөн үгүй хийж чадах цорын ганц зүйл бол ХАЙР юм шүү. «All you need is love…»