Өнгөрөгч нэгдүгээр сард 35 каратын очир эрдэнийн шигтгээ бүхий сүйн бөгжийг авч байсан дуучин Мэрайя Кэри тэрбумтан найз залуугаасаа түр хугацаанд тусдаа байгаа гэнэ. Хосууд албан ёсоор хараахан салаагүй гэж түүний ойр дотны эх сурвалжууд хэлж байгаа аж.
49 настай, Австралийн тэрбумтан бизнесмен Жеймс Пакер бол хувийн амьдралаа ил гаргаад байх сонирхолгүй, нам жим байдлыг эрхэмлэдэг нэгэн. Тэрбээр сүйт бүсгүйнхээ дэглэсэн шоуны нэгэн хэсэг болохыг хүсдэггүй тул харилцаагаа түр хугацаанд таслахаар шийдсэн байна. Түүнчлэн Мэрайя Кэригийн ямар ч утгагүй зарлага өндөртэй амьдрал нь бизнесмен залууд огтхон ч таалагдаагүй гэдэг.
Үнэхээр ч дуучин Мэрайя бийлэгжүү амьдралаа гайхуулах дуртай нэгэн бөгөөд гэрийнхээ угаалгын өрөөнд хөөстэй ваннанд нүцгэн биен дээрээ олон сая долларын гоёл чимэглэл зүүсэн зургаа цахим сүлжээнд оруулж байсан нь саяхан.
Мэрайя Кэригийн хуучин нөхөр Ник Каннон өнгөрсөн оны нэгдүгээр сард дуучин бүсгүйгээс салах өргөдлөө өгсөн бөгөөд тэд Монро болон Мороккон хэмээх ихэр хүүхдүүдтэй билээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn