Ухаалаг гар утасны хөгжилд дэвшил авчирсан IPhone 7 Plus гар утасны 12 мегапикселийн хос камерны нэгэн давуу тал болох “Portrait” буюу хөрөг зураг буулгах цэсийг нээсэн байна. Гар утасныхаа урд болон арын аль ч камераар зураг авах үед зөвхөн хүний царай дээр фокус таарч, арын дэвсгэр хэсэг бүдгэрэх аж. Ингэснээр мэргэжлийн камертай адил илүү тод бөгөөд чанартай зураг авах боломжтой болж байгаа юм. Программын шинэчлэл iOS 10.1 хувилбарыг гар утсандаа татан суулгаж, нэмэгдсэн өөрчлөлтийг ашиглах боломжтой болох гэнэ. Түүнчлэн “Portrait” цэс нь beta буюу туршилтын хувилбар тул цаашдаа улам сайжирна гэж компанийн зүгээс мэдэгджээ.
“CYGNUS” ХӨЛӨГ ОЛОН УЛСЫН САНСРЫН СТАНЦАД ХОЛБОГДЛОО
Ачаа тээврийн “Cygnus” сансрын хөлөг Олон улсын сансрын станцад амжилттай холбогдлоо гэж НАСА-гийн төв агентлагаас мэдэгджээ. Уг ачаа тээврийн хөлөг нь орон нутгийн цагаар 10:53 цагт Олон улсын сансрын станцын Юнити модульд холбогдсон байна. НАСА-гийн төлөөлөгчдийн мэдээлж буйгаар “Cygnus” хөлөг нь сар гаруйн хугацаанд уг станцтай холбогдсон байх аж. Уг сансрын хөлөг туршилтад зориулсан судалгааны төхөөрөмж, ус, хоол хүнс, нэг удаагийн хэрэглээний материал зэрэг 2.3 тонн ачааг станцад хүргэжээ. “Cygnus” сансрын хөлөгт нислэгийн багийн зургаан хүн ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн даваа гаригт АНУ-ын Виржиниа муж улс дахь НАСА-гийн хөөргөх талбайгаас “Антарес-230” пуужингаар хөөргөсөн юм. Сонирхуулахад, уг хөлгийг АНУ-ын сансрын нисгэгч Алан Пойндекстерийн дурсгалд зориулан бүтээсэн аж.
САМСУНГ ШИНЭ ТАБЛЕТАА ТАНИЛЦУУЛНА
Технологийн салбарын хамгийн хүчирхэг компанийн нэг “Самсунг” шинэ загварын таблетаа зах зээлд гаргахаар болжээ. Түүнчлэн ухаалаг гар утсанд ашиглах боломжтой бөгөөд батерейн хэт халалтаас үүдэн дэлбэрч, зах зээлээс эргүүлэн татсан Note 7 гар утасны дагалдах хэрэгсэл байсан S Pen буюу ухаалаг үзэгний боловсронгуй болгосон шинэ загварыг уг таблетад ашиглах боломжтой болгосноороо онцлог юм байна. Шинэ загварын Galaxy Tab A 10.1 таблет нь 16GB багтаамжтай, 10.1 инчийн дэлгэцтэй, хар цагаан өнгөний сонголттой байх бөгөөд 600 гр жинтэй аж. Уг таблетийг энэ сарын 28-наас зах зээлд гаргах бөгөөд ухаалаг үзгийг тусад нь 350 ам.доллараар борлуулах гэнэ.
НОЙРГҮЙДЛЭЭС САЛГАХ УХААЛАГ ОР ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ
АНУ-ын “Индиегого” компани “Баллужа” гэх ухаалаг ор зохион бүтээжээ. Уг ор нь хоёр давхар матрасстай бөгөөд нойргүйдэлд өртсөн иргэдэд туслах ухаалаг тохиргоотойгоороо онцлог аж. Уг матрасс нь хүний биед тайвшруулах иллэг, чичирхийлсэн массаж хийдэг гэнэ. Түүнчлэн өөрийн температурыг хянаж, хурхиралтыг зогсоох автомат тохиргоотой, хүн унтаж байхдаа эргэж, хөрвөхөд даралтыг нь хэмжиж, тогтворжуулахаас гадна нойрондоо хэр сайн байгааг нь тооцоолж, эрүүл мэндийн мэдээллийг ухаалаг гар утсанд нь илгээдэг юм байна. Уг ухаалаг орыг 1630- 5000 ам.долларын өртгөөр худалдаалж байгаа аж.
А.Даваахүү
unen.mn