ӨЛСӨХ БОЛОН МАЦАГ БАРИХ НЬ НЭН ТУСТАЙГ НОТОЛЛОО

4406

- ЁСИНОРИ ОСУМИ ЭСИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ
МЕХАНИЗМЫГ НЭЭЖ, НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТЭВ -
4405
Нобелийн долоо хоног эхэлж, хамгийн их нэр хүндтэй шинжлэх ухааны шагналуудын эзэд тодорсоор байна. Япон улсын Токио хотын Технологийн дээд сургуулийг Эсийн биологийн мэргэжлээр төгссөн Ёсинори Осуми “Аутофагийн механизм”-ыг нээж, Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналтан болов.

Нобелийн хорооноос мэдээллэхдээ “Түүний нээлт “Эс хэрхэн өөрийн агууламжаа боловсруулдаг вэ” гэдгийг ойлгоход шинэ загвар болжээ. Мөн өлсгөлөнд дасан зохицох, халдварт хариу урвал үзүүлэх гэх мэт физиологийн маш олон үйл явцын хувьд Аутофагийн нэн чухал суурь ойлголтыг ойлгоход шинэ нээлт болж өгсөн байна.

Аутофаг нь биед хуримтлагдсан хэрэггүй эсийг нөхөн сэргээх ба дахин боловсруулах үйл явц ажээ. Автофагийг илүү дэлгэрэнгүй тайлбарлавал, бие махбодь өөрийн хөгжил дорой, гэмтсэн эсүүдийг устгаж, дахин шинэ эсүүд төлжиж байдаг үйл явц.

Энэ тухай ойлголт 50-иад жилийн өмнөөс мэдэгдэж эхэлсэн ч Осумигийн судалгааны дараа анагаах ухааны салбарт чухал ач холбогдолтой болох нь батлагджээ. Түүний судалгааны энэхүү нээлт нь өвчнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх эмчилгээний хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэж эрдэмтэд үзэж байна.

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораториос мэдээллэснээр, өнгөрсөн зууны 60-аад оны үед эрдэмтэд ийм үзэгдэл байдгийг нотолсон боловч нарийн төвөгтэй асуудлыг нь ойлгож чадаагүй байна. Харин 90-ээд оны үед үүнийг Осуми хийж, аутофагийг хариуцсан генийг ч тодорхойлж чаджээ.

Аутофаг нь амьд организмд, тэр тусмаа хүмүүс бидний биед оршдог бөгөөд түүний ачаар эсүүд хэрэггүй болсон хэсгээсээ, харин амьд организм бүхэлдээ хэрэггүй эсээсээ ангижирдаг аж.

Энэ үйл явц нь автоматаар явагддаг. “Хог”-ийг зориулалтын уутанцарт (аутофагосом) цуглуулж, цааш нь түүнийгээ жижиглэж, устгах торх руу зөөвөрлөдөг байна. Боловсруулсан бүтээгдэхүүн нь эсийг хооллох түлш болж, эс шинэчлэгддэг ажээ.

Аутофагийн тусламжтайгаар эс өөрт нь халдах халдвар болон боловсорч буй хорт бодисоос цэвэрлэгддэг. Организм стресст орох үед (жишээ нь өлсөх үе) аутофаг илүү эрчимтэй ажиллаж эхэлдэг. Энэ үед эсүүд бүхий л дотоод нөөцөөсөө энерги гаргадаг бөгөөд өвчин үүсгэгч бактерийг ч ашигладаг байна.

Эрдэмтэний нээлт өлсөх болон мацаг барих нь маш тустайгаас гадна организм маш сайн цэвэрлэгддэгийг нотолсон байна.

Осуми болон түүний нөхдийн бодож байгаагаар, аутофаг нь эрт хөгшрөлтөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй шинэ эсийг боловсруулж, гэмтэлтэй дотоод эс мөн алдаатай уургийг хэвийн түвшинд барьж байдаг тул хүний биеийг залуужуулж ч болох талтай аж.

Харин аутофагийн үйл явцад алдаа гарвал тэр нь Паркинсоны өвчин, чихрийн шижин, цаашлаад хорт хавдарт хүргэдэг байна. Тиймээс эм зүйчид аутофагт гарсан зөрчлийг эмчлэх эм бүтээж буй нь үр дүнгээ үзүүлнэ гэж итгэж байгаа аж. Иймд үүнээс зайлсхийхийн тулд заримдаа өлсөж байх нь хүний биед тун хэрэгтэйг эрдэмтэд онцолжээ.

Ёсинори Осуми аутофагийн судалгааг 27 жилийн өмнөөс эхлүүлжээ. Тэрээр өнөөдөр судалгаагаа эхэлж байсан үеэс ч илүү олон асуулт гарч ирсээр байгаа талаар ярьсан байна.

Ёсинори Осуми анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртэж буй Японы дөрөв дэх эрдэмтэн болсноор Япон улс 25 дахь Нобелийн шагналтанаа хүлээн авсан билээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


ӨЛСӨХ БОЛОН МАЦАГ БАРИХ НЬ НЭН ТУСТАЙГ НОТОЛЛОО
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.