Сэтгэл нь монгол, алдар нь сүм болон мөнхөрсөн хичээнгүй Амарлингуй хатан

4407
Үнэн сүсэг бишрэл төгссөн Очрай бат сайн хаан хэмээн алдаршсан халхын Түшээт хан Чахундоржийн ач, дархан чин ван Дондовдоржийн хатан Чингүн нь манжийн Энх Амгалан хааны охин байв. Чингүн хатныг хичээнгүй Амарлингуй гүнж гэдэг байсан бөгөөд манж нэр нь Гингтүн элхэ гэдэг байжээ. Чингүн хатан улаагчин үхэр жил буюу 1697 онд Энх Амгалан хааны зургадугаар охин болж төржээ. Манжийн хаан энэ гүнжээ чин ван Дондовдоржид хатан болгон зарлигаар хайрлажээ. Дондовдорж эцэг Галдандоржийнхоо хэргэмийг залгамжлан, чин ванд өргөмжлөгдөхдөө, төвд оронд манжийн хааны өмнөөс тэрслэн хөдөлсөн самууныг дарах зэрэг хэрэгт оролцон, багагүй нэр нүүр олсон нэгэн байв. Гүнж багаасаа ухаалаг сэргэлэн өссөний дээр манжийн хааны ордонд төрөл бүрийн ухаанд төгс мэргэшсэн тусгай багш нараар хичээл заалгаж, эрдэм номын хэрэгт зэгсэн боловсорчээ.

Чингүн хатан анх бэр бууж ирэхдээ хасын цагаан царайтай, өтгөн хар хөмсөгтэй, гоолиг туранхай биетэй, хэн бүхний сэтгэлийг татах эелдэг ялдам ааштай нэгэн байсан бөгөөд чин ван Дондовдорж манжаар ярихгүй, гүнж монгол хэл мэдэхгүй тул анхандаа хоорондоо хэл нэвтрэлцэхгүй байсан болов ч эр эм болохоор төдөлгүй бие биеэ ойлгон мэдэлцэх болжээ. Гүнж төрөлхийн сэргэлэн хүн тул монгол нутагт ирээд ордны охидтой дотночлон танилцаж, өдөр бүр ярилцсаар монгол хэлэнд ус цас болсон байна. Харьд одуулсан гүнж нараа өрнө, дорны ямарч хаант төрөөс заавал ямар нэгэн улс төрийн захиа даалгавар өгч явуулдаг нь нууц биш нэгэнт хэлбэржин тогтсон ёс байжээ. Энэ утгаараа манжийн төрөөс гадаад монголын төрийг засах явдлын яамаар дамжуулан, гүнжийг ар халхад явуулахдаа: “Монгол газар дайчин улсын төрд тэрсэлсэн өчүүхэн төдий сэжигтэй байдал илэрвэл, цаг тухайг алдалгүй Хүрээний манж сайдад яаралтай мэдэгдэх хэрэгтэй” гэж нууц даалгавар өгч явуулсан байх талтай ч Чингүн гүнж нөхөртөө хайртай, монголд элэгтэй байжээ. Гүнж Дондовдоржийн хатан болоод гурван хүүхэд төрүүлж өсгөжээ.

Чингүн хатан халхын хамгийн өндөр сурвалжит Түшээт ханы залгамж, язгууртан хүний гэргий болсны хувьд, нөхрийнхөө удам угсааг хүндэтгэн дээдэлж, хүүхдүүдээ ч тэр ёсоор сурган хүмүүжүүлэхдээ, тухайн үеийн төрийн албан ёсны хэл байсан манж, хятад хэлнээс гадна монгол бичиг, ёс заншил, түүх соёл зэрэг эрдмийг заах багшийг тусгайлан сонгож авчээ. Чингүн гүнж эцгийнхээ хан суурийг зүй ёсоор залгахын хувьд том хүү Рэнцэндоржоо өсгөхдөө онцгойрон анхаарч, өөрийн эцэг манжийн Энх Амгалан хааны зээ гэхээс илүү Чингис хааны шууд удмын сурвалжит язгууртан хүн гэдгээ илүү мэдрээсэй гэж хүсэхдээ, түүнд багаас нь монгол номын багшаас гадна, шууд асран хүмүүжүүлж, байнга дэргэд нь байх монгол өрлөг эхийг томилж, өөрөөсөө илүүтэй түүний нөлөөнд өсгөж, жинхэнэ монгол язгууртан болгон төлөвшүүлжээ. Рэнцэндорж ч энэхүү өрлөг буюу хөхүүл монгол эхдээ төрсөн эхээсээ өөрцгүй хайртай байж, түүний багаас хүүрнэн өгүүлсэн зүйр цэцэн үг, үлгэр оньсого, түүх цадигийг дуртайяа сонсож, өөрийн шууд өвөг удам болох Чингис хааны үйл хэрэг, удам судар, халх манжид дагаар орсон учир шалтгаан зэргийг нарийн ухаж мэдэх болжээ.

Ийнхүү Рэнцэндорж манжийн хааны зээ хүү, харьяат хамжлага гэхээсээ илүүтэй ааг омог, нэр төрөө дээдлэгч монголын сурвалжит язгууртан болж төлөвшжээ. Гүнж хүүхдүүддээ мэдээжээр манж хааны язгуур утсаа хэрхэн гарч, хэрхэн хүчирхэг болсон, хятад орныг хэрхэн байлдан эзэлсэн, өөрийн эцэг Энх Амгалан хааны тухай ч чамгүй ярьж: “Урагш нэг алхаад хойшоо харах хэрэгтэй” хэмээн сургаж, “Богдын сургаалыг сэнхрүүлэн бадраасан бичиг”, “Энх Амгалан хааны бодлогын бичиг” зэргийг эхээр нь өгч уншуулж судлуулдаг байжээ. Гэхдээ эдгээр нь тухайн үедээ дайчин гүрний гэрийн нууц чухал бичигт тооцогддог учраас хүн бүрт уншуулдагтүй, харин хааны зээгийн хувиар үзэж болдог байжээ. Рэнцэндорж багаасаа манж, хятад бичигт боловсорсон учир Энх Амгалан хааны бодлогын бичгийг түгдрэлгүй уншиж, нэвтэрхий сайн мэдэх болсноор Энх Амгалан хаан ойрад, халхын хямралыг зориуд дэврээж, өөрийгөө халхыг авран хамгаалагч дүр үзүүлэн, эцсийн бүлэгт ойрадыг ганцаардуулан, халхыг өөрийн эрхшээлд оруулсныг ухаж мэджээ. Рэнцэндорж хожим төрийн алба хаах болсон үеэсээ, манж нарын бодлогыг бүрч нэвт мэдэх болжээ.

Чингүн хатан ийнхүү нөхрөө бага хатан буулгахаас өмнө гурван хүүхдийн эцэг эх болсноо санаж, Дондовдоржийг хаяа манж нарыг таалахгүй муулах үг гаргахад нь нам дарах буюу анзаараагүй дүр үзүүлдэг байжээ. Гэвч энэ нь хааны ордонд зарим талаар илэрч мэдэгдэн, зэмлэл хүртэхэд хүргэв. Тухайлбал: Манжийн эзэн хааны зарлигаар чин ван Дондовдоржийг эрх нөлөөгөө ашиглан, гадаад улс буюу хаант Оростой зөвшөөрөлгүй дур мэдэн харилцав гэдэг шалтгаанаар Түшээт ханы хэргэмийг эвдэж, сул ван болгохдоо Чингүн хатныг энэ мэт ноцтой явдлыг цаг тухайд нь мэдэгдээгүй хэмээн зэмлэл хүртээсэн байна. Энэ явдалд дургүйлхсэн Дондовдорж: “Би монголын хан хөрш улстай найртай сайхнаар харилцахад юунд үл болох билээ. Энэ чинь түмэн улсын ашид тогтоосон ёс биш билүү” хэмээн гоморхож байжээ. Гүнж явдал учрыг хангалттай мэдэж байсан ч, хаан эцгийнхээ үгийг дагахаас илүүтэй нөхрөө төрд ял халдаж, гурван хүүхдэд балаг болуужин хэмээн болгоомжилж, элдэв хурц яриа нь хааны ордонд хүрүүзэй хэмээн нөхрөө ятган хорьдог байжээ.

Цагийн аясаар гүнжийн нас өндөр болж, залуу үеийн идэр жавхаа нь алдагдах үед халх төдийгүй, бүх монгол даяар өндөр нэр хүндтэй Өндөр гэгээний дараах дүрийг тодруулах шаардлага гарч байгааг хааны ордонд ойр, улс төрийн гүн гүнзгий мэдрэмжтэйн хувиар ухаж мэджээ. Гэвч тэрбээр нэгэнт хүүхэд төрүүлэх нас боломж нь өнгөрсний дээр, халх даяарт шүтэгдсэн их хутагт цэвэр монгол цусны байх нь зохимжтой, тэр хүүхэд өөрийнх нь нөхрийн үр байвал бүр ч сайн хэмээн тооцоолсны үндсэн дээр нөхөртөө: “Чи монголын ноён болохоор монгол хатантай байх ёстой. Танай Чингис хаан нэгэн моринд хоёр эмээл тохож болохгүй, харин нэгэн эр хэдэн ч эхнэр авч болно гэсэн биш билүү” гэх зэргээр ятган ухуулжээ. Хатныхаа үгийг дагасан Дондовдорж ноён Чингисийн угсааны хаад ноёд өөрсдийн овгоос биш харь овгоос хатан буулгах заншлыг дагаж, хотгойд нутгаас Даш тавнангийн охин Баяраа бүсгүйг хатан буулгажээ. Гэхдээ Дондовдорж Бээжинд жасаалж байгаад буцахдаа гэрээ дайралгүй, шууд Хөвсгөл нутагт ороод Баярааг авсан нь басхүү улс төрийн учир шалтгааныг ойлгож яаравчилсных байжээ.

Өндөр гэгээний хойд дүрийг эрхбиш итгэвээс зохих хүний гэрт тодруулах хэрэгтэй, тэр нь өөрийн хүргэн буюу эфү, халхын хамгийн сурвалжит язгууртан Дондовдоржоос өөр хүн байж таарахгүй тул Энх Амгалан хаан түүний залуу хатнаас төрсөн хөвгүүнийг халхын шашны тэргүүн Жавзандамбад өргөмжлөхыг бодсон байна. Үнэхээр ч хааны зараалаар удалгүй баруун зуугийн мэргэд эфү Дондовдоржийн багахатнаас төрсөн хүү өндөр гэгээний хойд дүр гарцаагүй мөн хэмээн тодруулжээ. Тэгээд хөвгүүнд Лувсандамбийдоном хэмээн нэр өгч, хараахан нялх учир нас хүрэхэд сая хутагтын ширээнд залсан байна. Дондовдорж шинэ хатан авч, бас нуган үр төрж, тэр нь халх нийтийг тахин шүтэгдсэн Жавзандамба хутагт болсонд, халхын хаадын дотроос хамгийн нүүртэй хүн болжээ. Дондовдорж ноёны хотгойдоос авсан Баяраа хатан нь Чингүнжавын садан төрөл байх өндөр магадлалтай юм.

Гүнж өөрийн санасан санаа гүйцэлдсэнд ихэд баярлан, хутагтыг сайхан асран хүмүүжүүлж, өөрийн хүүхдүүд тэр тусмаа Рэнцэндорж хүүтэйгээ илүүтэй дотносуулж, эрдэм номд шамдан сургахад ихээхэн анхаарч байжээ. Тэрбээр энэ зорилгоор хүүгээ бага хатан Баяраагын орд руу байн, байн явуулдаг байжээ. Өөрийн хүч нөлөө, эрх сүртэй эцэг хаан болон манж удам угсаанаасаа илүүтэй, хадамлаж очсон эр нөхөртөө үнэнч, монгол нутагт хайртай болсон Чингүн хатны нөлөөгөөр, түүний төрсөн тэлсэн хүүхдүүд нь хожим Амарсанаа Чингүнжав нарын удирдлагаар өрнөсөн монголын эрх чөлөөний төлөөх тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайлбал Рэнцэндорж Энх Амгалан хааны даалгавраар Амарсанааг Бээжин хүргэх замдаа суллан тавьсан нь баруун Монголд манжийн эсрэг тэмцлийн гал өрнөх боломжийг бүрдүүлсэн бол хоёрдугаар богд Жавзандамба хутагт нь хотгойдын Чингүнжавын халхад өрнүүлсэн бослогыг дэмжин зоригжуулж байжээ.

Чингүн хатан нас барахдаа: “Миний цогцсыг дотор газар аваачих хэрэггүй. Би монгол хүний гэргий учир нэгэнт монгол хүн болсон. Намайг монгол газар оршуулах хэрэгтэй” гэж гэрээсэлсэн байдаг. Ийнхүү гэрээс ёсоор Түшээт ханы нутгийн Сарьдагийн нурууны өврөөс эх авсан, Гурван Баян гэдэг голын зүүн Баяны баруун этгээд, салхи шуурга үздэгтүй нөмөр дулаан, ногоон ой мод жимсний төрлөөр хүрээлэгдсэн бахдаж ханашгүй үзэсгэлэнтэй толигор сайхан талбай дээр гүнжийн шарилыг оршуулан, дээр нь гоё сүм барьж, тоосгон хэрмээр хүрээлүүлсэн байна. Эхийг оршуулах ажлыг Рэнцэндорж эцгийн хамт удирдан гүйцэтгэхдээ, гол сүм хөх тоосгоор хийсэн жигүүрийн хоёр жижиг сүм бариулжээ. Сүмийн урд талд том мэлхий чулуун дээр суурилсан гэрэлт хөшөөн дээр манж үсгээр “Хичээнгүй Амирлангуй улсын гүнж” хэмээн сийлсэн байна. Тэнд тахилгын асар оройт их сүм, гүнжийн булшны бунхан сүм, зочдын байрлах байшин барьж, хэрмэнд Бээжин маягийн асарт гоё урлагтай том хаалга хийсэн байна. Гүнжийн сүмийг хамгаалах тусгай нэгэн хэсэг отог хүмүүсийг томилж, тэдгээр хүмүүсийг сумчин отог гэж нэрийджээ. Энд долоо хоног бүр хурал хурж, улиралд нэг удаа Богдын хүрээнээс лам нар ирж, Балдан Лхам хурж, сахиус залдаг байжээ. Мөн тэрхүү сүм байрласан Дархан засгийн хошууны дээд өвөг ноёдод манжийн хаанаас өвөр хошууны Хөххотын ойролцоо тусгай хэсэг газрыг хишиг болгон хайрлаж, тэр газарт тарьсан гурил будааг ирүүлдэг байжээ. Бас Хичээнгүй Амарлингуй гүнжийн сүмийн тайлгын боов, чихэр жимс тэндээс ирдэг байв.

Уг сүмийн хэрэмний өндөр 2.5м, зузаан нь 0.3 м, өргөн урт нь хааш хаашаа адил 70 м тэг дөрвөлжин юм. Сүмийн өмнөх боржин чулуун мэлхий дээр байрлуулсан хөшөөний өндөр 2.54 м, өргөн 0.82 м, зузаан 0.22 м ажээ.Тэр ёсоор нь дээрх сүмийг барьж, гүнжийн цогцосыг алтан дотортой цагаан авсанд хийж, алтан мөнгөн хүний дүрс, 5-н хошуу малын сийлбэрт эрдэнийн чулуу зэргийг хийж сувдан цамц өмсгөн оршуулж Гүнжийн сүм гэж нэрлэх болсон бөгөөд хошуунаасаа нэг отог таслаж уг сүмийг сахиулжээ. Сүмчин гэгдэх тэр отгийнхон хожим өсөжолшроод бараг нэг сумын дайтай болжээ. Лам нар нь хурал хурж , сүмээ байнгатахин шүтэж , харчууд нь сүмийн мал , тарианы ажлыг эрхэлж өөр албаүздэггүй байжээ. . Тэдгээр зүйлсийн ихэнхийг монгол дархан Дандаа гэдэг хүн урлан бүтээжээ.

Тэрбээр монгол хүмүүст, хайртай монгол газар нутгийн байдлыг хэвээр сахиулах эрмэлзэлтэй байсан тул монголчууд ихэд хүндэтгэн дээдэлдэг байжээ. Одоогийн Тэрэлжид ууланд байх жижиг сүмийг хүмүүс Гүнжийн сүм гэж хүндэтгэн нэрийддэг нь угтаа Халхын Түшээт хан Дондовдоржийн их хатан, манжийн Энх Амгалан хааны охин хичээнгүй Амарлингуй Чингүн хатны дурсгалаас улбаатай бөлгөө. Гэхдээ жинхэнэ сүм нь Тэрэлжээс нилээд хойхно ой модон дотор туурь балгас нь үлдсэн байдаг нь бидэнд хэдэн зууны өмнө болсон түүхийг өгүүлэх мэт ажгуу.

А.Хатангоо

http://www.zuv.mn/page/newsmore/6541


Сэтгэл нь монгол, алдар нь сүм болон мөнхөрсөн хичээнгүй Амарлингуй хатан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.