Эхнэр хүүхэд минь заавал олж уншина гэдэгт итгэж байна

     Намайг С…гэдэг амьдралын шуурганд цаламдуулж уйлж дуулах тэнхэлгүй яваа хөөрхий нэгэн эр хүн. Би 22 жилийн өмнө ийм ч арчаагаа алдсан эр хүн биш байсан юм шүү. Ажил төрөлтэй, амьдралаа аваад явчих чадалтай байлаа. Харин одоо хоёр гаргуй хүний асаргаанд байдаг амьд хүүхэлдэй шиг л амьтан болчихоод байна даа. Миний гунигт түүх ингэж эхэлсэн юм. 80-аад онд би гутлын үйлдвэрт мастер хийдэг байлаа. Ёстой л ажил гэр хоёрын хооронд гялалзуулж явсан даа. Төдөлгүй зах зээлд шилжиж юмс хомсдож, гутлын үйлдвэр маань ч хаагдан ажилгүйчүүдийн эгнээнд жагсчих нь тэр. Эхнэр хүүхдээ тэжээхийн эрхэнд юм юм л хийж үзлээ. Таксины жолооч хийж явсан үе юмдаг. Олсон хэд минь хаанаа ч хүрэхгүй охид минь өлсөх бүрт сэтгэл санаагаар унан хааяа нэг балгачихдаг боллоо. Нэг удаа найзуудтайгаа наргиж суутал нэг маань “кабелийн зэс ухвал мөнгөтэй болох арга байна” гэдэг юм байна. Нэмж уух хүслээр дүүрэн ч мөнгөгүй болсон бид санаа нэгдэн нэгэн байгууллагын кабелын утсыг хулгайгаар тасдан, зэсийг нь аваад тушаачихлаа.

     Наргисан шиг наргих мөнгөтэй боллоо. Амташсан хэрээ арван гурав дахина гэдэг дээ. Ингээд л амар хялбар аргаар мөнгө олох үүдээ нээчихсэн юм даа би. Орой үдшээр гараад л хулгайн зэс тушаана. Эхнэр маань ч буруу аргаар мөнгө олоод байгааг минь гадарлачихлаа. Уйлж унжин нус нулимас болон гуйдаг ч өлсөхийн эрхэнд өнөөх мөнгөнөөс л авч амьдрал ахуйгаа залгадаг байлаа. Олигтой ажил олдохгүй хэдэн өдөр гэртээ хэвтэж, хоол ундгүй хоосон хоносон тэр өдөр. Хүн хэтэрхий өлсөхөөрөө унтаж чаддаггүй юм билээ.

     Үүр гэгээрмэгц л гэрээсээ гарлаа. Уг нь би “ахиж хулгай хийхгүй” гэж эхнэртээ амласан байсан юм л даа. Амжиргаагаа залгуулах арга үнэндээ л олдсонгүй. Шөнөжин бороо шивэрч хоносон намрын сайхан өглөө байсан даа. Тийм сайхан өглөө би хоёр гараа үүрд алдсан юм. Гэрээсээ гарсан тэр бороон чийгтэй өдөр манайхаас хоёр автобусны зайтай газар нэгэн үйлчилгээний төвийн арын хашаанд кабелийн зэс цухуйж байгааг харсан юм. Бушуухан тасдаж авах хүсэлтэй зэрэгцээд нэг л ёрын жихүүдэс  биеэр нэг тархаад явчихлаа. Гэрүүгээ буцаж хэд алхаснаа “ганцхан удаа л авчихъя овоо үнэд хүрэхээр бүдүүн юм, хүн амьтан ч алга. Намайг авахгүй байхад нөгөө хэд маань авч л таараа.” гэж бодлоо. Дэлгүүрийн хашаа давснаа л санадаг юм. Бороо шаагисан тэр өдөр би хоёр гараа өндөр хүчдэлд тасдуулчихсан юм. Эхнэр минь арав гаруй хоног уйлж эргэж тойрсноос хэтрээгүйд л одоо хир нь гомддог юм. Хулгайн мөр чамайг хоёр гаргүй болголоо доо гэж хэлээд гурван охиноо аваад явчихснаас хойш өнөөдрийг хүртэл над дээр хэн нь ч эргэж ирээгүй юм даа. Би ч яахав үйлийн үрээ эдлээд ах дүүгийнхээрээ хоног төөрүүлээд л амьд гэлдэрч явна. Хүн харахад инээгээд л явж байгаа шиг боловч үнэндээ дотор сэтгэл минь хэдийнээ эргийн чулуу шиг үйрчихсэн. “Архи дарс ууж, хулгай зэлгий хийж амьдралаа залгуулж явсан ч арван найман жил ханилсан хань минь юм шүү дээ гээд нэг удаа ч болов эргээд ирдэггүй юм байх даа” гэж өдөр бүр горьдсоор л яваа шүү. Охид минь ч овоо болж ухаан суусан даа. Зорьж ирээд арчилж халамжилдаггүй юм аа гэхэд золгочихоод буцах уужуу сэтгэл байгаа болов уу, үгүй болов уу. Хүн алдаж эндэж болно. Харин хүн чанараа  алдах шиг том алдаа орчлонд үгүй шүү, охид минь.


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Эхнэр хүүхэд минь заавал олж уншина гэдэгт итгэж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.