А.Цогцэцэг хатагтай та Монгол төрийн сайдын суудлыг самбарын алчуур шиг санаагүй биз!

4627

Эхнээсээ ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн байна гэж нийтэд харагдаж, нүдлэгдсэн сайд бол Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг. Сайд болсныхоо 100 дахь өдрөөр ажлаа тайлагнах гэсэн биш онигоонд ороод авсныг нь хэвлэлүүд хэдийнэ бичиж байгаа. Тиймээс тэрийг нь тоть шиг давтаад юу гэхэв. Харин Монгол төрийн сайдын суудлыг самбарын алчуур шиг санаж байгаа А.Цогцэцэг сайдтай холбоотой анхаарал татсан мэдээллийг хүргэе.

Түүний нэр сайдын албанд яригдахтай зэрэгцэн түүний нэр дээр Хэнтий аймгийн Аварга тосонгийн дэргэд сувилалын газартай гэдэг нь,  мөн “ALERGI MED” нэртэй Арьсны өвчин, харшил, эмчилгээний гоо заслын оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл явуулдаг 10 давхар эмнэлэгтэй, хувийн эмийн сантай болох нь, Арьсны өвчин судлалын төвд аавынхаа төрсөн дүүгийн дэлгүүрийг оруулсан зэрэг бүх л асуудлууд нь хамт сөхөгдөж гарч ирсэн юм. Гэвчиг эрхэм сайдтан болонгуут тэдгээр асуудлууд нь баларч арилна гэж хатагтай А.Цогцэцэг бодсон бололтой юм.

Өөрөө Арьсны өвчин судлалын үндэсний төвийг тэргүүлдэг ч хэрнээ, ижил үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийг байгуулсан нь түүнд бизнесийн өндөр эрх ашиг байгаа гэдгийг илтгэж байна гэгдэж байсныг эргэн сануулахад илүүдэхгүй байх. Түүнийг сайдын алба ид горилж байх үед Нямаагийн Энхболдын худ гэдэг нь тодорхой болж байсан даа.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийг 10 гаруй жил даргалахдаа  хувьдаа “ALERGY MED” нэртэй Арьсны өвчин, харшил, эмчилгээний гоо заслын оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг арван давхар объект бүхий эмнэлгийг улсын эмнэлгийнхээ хажуугаар давхар удирдаж ирсэн түүнийг ашиг сонирхлын зөрчилгүй гэж АТГ үзсэн нь үнэхээр хачин хэрэг. Магад, А.Цогцэцэг хатагтай нэлээд хурдан түргэн хөдөлж, арга хэмжээ авсны үр дүнд ашиг сонирхлын зөрчилгүй болж харагдаж чадсан ч байж болох. Учир нь сайдад томилогдохтой холбоотойгоор АТГ-аас түүний талаар “хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хяналт шалгалтын хүрээнд бүртгэл, хяналтын байгууллагуудаас мэдээлэл, лавлагаа гаргуулан авдаг юм. Эдгээр лавлагаагаар 2016 оны долоодугаар сарын 29-ний өдрийн  байдлаар А.Цогцэцэг болон түүний хамаарал бүхий этгээдийн нэр дээр үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэг эрүүл мэндийн салбарт хамаарах хуулийн этгээд тогтоогдоогүй. Компани нь өөрийнх нь гүйцэтгэх чиг үүрэгтэй холбоогүй бол тухайн албанд томилогдогдоход болохгүй  зүйлгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд эмнэлгийн компанитай байж байгаад томилогдох юм бол энэ нь ашиг сонирхлын зөрчил мөн” хэмээх тайлбарыг хэвлэлд өгсөн байдаг.Улсын эмнэлгийг удирдан ажиллаж байхдаа хувьдаа яг ижил төстэй үйлчилгээ бүхий эмнэлгийг ажиллуулж ирсэн А.Цогцэцэгийг яагаад өмнө нь ч, мөн сайд болсныхоо дараа ч ашиг сонирхлын зөрчилтэй биш гэгдэж байгаа нь сонин. Тэгвэл мэдээллээс үзэхэд А.Цогцэцэг нь сайд болохоосоо нэг хоногийн өмнө 10 давхар хувийн эмнэлгээ бусдад худалджээ. Гэхдээ хэрэг дээрээ бол өөр байж болох. Учир нь эмнэлгийнх нь ажилтнууд  “Цогоо захирал сайд болсон учраас одоогоор эмнэлгийг Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Мягмаржав түр удирдаж байгаа” гэх мэдээллийг өгсөн байдаг.Эдгээр мэдээлэл нь хатагтай  А.Цогцэцэг сайд болохын тулд хувийн эмнэлгээ худалдсан болж жүжиглэж байгаа юу гэж хэвлэлийнхнийг харахад хүргээд байгаа юм.

Bolod.mn


А.Цогцэцэг хатагтай та Монгол төрийн сайдын суудлыг самбарын алчуур шиг санаагүй биз!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.