Гоо сайхны дээд нь хөрслөг бор царай юм шиг байна. Ямар ч тэжээлгүй цус гүйхээ больсон мэт цав цагаан царайг “гоо сайхан” гэх нь өрөөсгөл ойлголт. Үүнийг “үхмэл” сэтгэхүйн үзэгдэл гэвэл хэтрүүлсэн болохгүй байх. Хөрслөг бор царайтнууд бие бялдар сайтай, өвчин эмгэгт өртөхгүй, даарч хөрөхгүй халуу дүүгсэн, гар, хөл болон бие махбодь чангатай, ажил хийхэд ядрахгүй, өл даадаг гээд бүхий л сайн чанар хуримтлуулсан байх юм. Харин цагаан царайтнууд хамгийн эмзэг, бараг л тэнд нэг хүн найтааж байхад ханиад авчихна. Ажил хөдөлмөрт муу, тамир тэнхээ байхгүй, бүр ходоод нь хүртэл өнгөргүй болчихсон, олигтой хоол өгчихвөл буйргачих, бялуурчих гээд,бие нь ямар нэг юманд хүрэх төдийд улаан нялга, хөх булдруу болчих жишээний бүх л муу шинж чанарыг шингээсэн байх юм.
Хөрслөг царайтнууд тарга тэвээрэг нь гүйцсэн намрын мал шиг тамир тэнхээтэй байдаг бол цагаан царайтнууд ноолуурыг нь самнасан хаврын борлон шиг жижигхэн хавсарганд үедэж үхэхээр эмзэг байдаг. Цагаан царайтнууд зөвхөн алхаж сурах гэж үйл тамаа эдэлж байхад хөрслөг царайтнууд амьдралын бүхий л зүйлийг хийж сураад ажрахгүй инээд алдаж явцгаах нь элбэг…
Цагаан царайтнууд брэнд, загвар гэсэн хоосон зүйлд итгэж хувцасладаг бол хөрслөг царайтнууд эрүүл мэндэд сайн, биед эвтэйхэн, ажил хийхэд тохиромжтой хувцас өмсдөг… цагаан царайтнууд ихэвчлэн амаар ажил хийдэг, тэгээд бас боловсрол, гадаад хэл энэ тэр ярих нь элбэг. Суурин иргэншилтэй бид өвлийн хүйтэнд гэрэл нь тасраад халаалт нь зогсчихвол утас цохихоос өөр юу ч мэдэхгүй тийм өрөвдөм амьтад болж хувирч байна. Тийм хүмүүс өдөр ирэх тусам улам олон болж байгаа нь хамгийн аймшигтай.
Хүний бие цацрагаар дутдаг… тэр цацрагийг нарнаас, салхинаас, борооноос гэх мэтээр авч байдаг. Хөрслөг болно гэдэг чинь цацраг авах буюу “шаруулна” гэсэн үг. Зарим хүмүүс рашаан ууж цацраг авдаг. Рашаан уух нь дотроосоо цацраг авч байгаа хэрэг юм. Алив нэг рашаан бол ямар нэг эрдэс баялагийн минериалтай байдаг. Жишээ нь. Алт мөнгө, зэс тэр бүү хэл вольпроом, ураан, тоорын минериалтай рашаан ч бий… Бөхчүүд маань наадмын бэлтгэлд гарч наранд биеэ шараад байгаа нь цацраг авч байгаа хэрэг юм. Хүнийг бий болгон амьдруулагч жинхэнэ эх нь ертөнц юм. Түүний газар шороонд хөл нүцгэн гүйж энергийг авна. Агаар салхийг нь гүн залгилж, наранд нь дулаацан шарагдаж байж бие махбод бэхжин төлждөг гэсэн үг. Тийм бие эрүүл саруул болдог. Гоо сайхан гэдэг чинь эрүүл бие юм. Нар, салхи, борооны цацраг авч, хөрсний энерги хүртээгүй хүн хөрслөг болох боломжгүй…
Тал бичээч: Да.Жаргалсайхан