Энэ долоо хоногт болсон дэлхийн хамгийн том дуулиан бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль байлаа. 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампыг Барак Обама Цагаан Ордонд хүлээн авч уулзсан бөгөөд тэдний яриа 10 минутанд төлөвлөгдсөн боловч цаг гаруй болсон юм.
Энэ хооронд тэргүүн хатагтай Мишель Обама шинэ тэргүүн хатагтай Мелания Трампт Цагаан ордныг танилцуулж, хувийн зүгээс чин сэтгэлийн зөвлөгөө өгчээ. Анх Цагаан ордонд ирээд хоёр охиноо, эр нөхрөө халамжлахаас гадна улс орны “эх” болно гэдэг амаргүй байсан тухайгаа хатагтай Обама ярьсан юм.
Музей шахуу болсон газарт, танил дасал болсон хуучин гэрээсээ шинэ газарт нүүж ирээд сэтгэл санаагаар унах, стресст орох, уурлаж бухимдах зэрэг асуудал байсан гэдгийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнист хэлсэн бөгөөд шинэхэн тэргүүн хатагтай Мелания ч мөн энэ бэрхшээлийг тойролгүй даваад гарна бизээ хэмээжээ.
Словени улсад төрж, коммунист эцгийн гэрт хүмүүжсэн загвар өмсөгч Мелания Трамп 10 жилийн өмнө АНУ-ын иргэншилтэй болсон бөгөөд коммунист улсад төрсөн Цагаан ордны анхны тэргүүн хатагтай болж байгаа юм. Мөн коммунист гэдгээс гадна 200 жилийн дараа Цагаан ордонд хөл тавьж буй хилийн чанадад төрсөн тэргүүн хатагтай гэдгээрээ онцлог аж. Тэрбээр нөхрийнхөө кампанит ажлын хугацаанд хоёрхон удаа олон нийтэд илтгэл тавьсан бөгөөд тэргүүн хатагтай Мишель Обамагийн 2008 онд тавьж байсан илтгэлээс санаа авсан нь хүчтэй шүүмжлэл дагуулж байсан юм.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn