Чи алдаа хийчихжээ. Тэглээ гээд юу гэж? Чиний насанд алдаа гэж байхгүй ээ хонгор минь. Харин “туршлага” гээч зүйл л бий. Алдаа чинь чамд хичээл болсныг ойлгохын цагт чи ямар азаар буруу зүйл хийв ээ гэж баярлах болно.
Бид хичнээн олон удаа “Тэр үед би ингэх л байсан юм” гэж одоо байхгүй, зөвхөн өнгөрсөнд үлдэж хоцорсон өөрийгөө зүхэж байсан билээ? 5 жилийн өмнө хэрэгжүүлэх гээд чадаагүй төслийнхөө хойноос, тэр нэг өдөр хайртдаа хэлж чадаагүй, эсвэл хэлж л орхисон үгийхээ араас, эсвэл урьдын санаанд оромгүй бүтэлгүй явдлуудыг бодож тэр үед хичнээн ухаангүй байснаа буруутгах хэрэггүй. “Ухаантай, хашир байхын тулд эхлээд гэнэн, тэнэг байх ёстой” гэсэн үг бий. Тэр үед хаагдсан хаалганы ачаар, чамд эргэн тойрноо дахин харж, өөр хаалга ч бас байгаа гэдгийг ухаарах боломж гарч ирсэн. Тэр үед бүдэрч унасныхаа ачаар чи газарт унаж, шороонд дарагдаад хэнд ч үл анзаарагдаад байсан эрдэнэсийг олж атгасан. Тэр үед чиний дотроос хатгуулж байсан өвдөлт, үнэндээ оюун санаанд чинь орох гээд зүтгэж байсан ухаалаг бодол, үнэт туршлагуудын түүчээ байсан. Алдсан сонголт болгон эцсийн дүндээ зөв зам байдаг.
Алдаа бол үзэж туулах ёсгүй зүйл, гашуудал, зовлон, хувь тавилангийн буруу эргэлт биш зүгээр л амьдралын нэг хэсэг. Хорвоогийн замыг гэтлэх явцад залйшгүй туулах ёстой амьдралын чухал бүрэлдэхүүн юм. Залуу байгаа дээрээ алдаад үзчихсэндээ баярлах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ үед чамд эргээд босох тэнхэл хангалттай их бий. Харин одооныхоос 20 нас нэмсэн үедээ чи яг энэ алдаагаа гаргасан бол магадгүй буцаад сэргэх чинь илүү удаан байх байсан. Боломжийг ашиглаад хатуужаад ав, тэгж дараа дараагийн цохилтуудад өөрийгөө бэлтгэ. Алдаж үзэх, эргээд босох, боссон хойноо ч эргээд унах эрх чамд байна. Яагаад гэвэл энэ бол чиний алдах “учиртай” нас.