Сахалтай эрчүүдийн ”Шинэ жилийн гоёл”

Эртнээс л сахлыг жинхэнэ эр хүний чимэг, эрэгтэйлэг байдлын илэрхийлэл гэж үздэг байжээ. Зарим улс үндэстний хувьд сахал нь заавал байх ёстой зүйлсийн нэгд тооцогдох нь ч бий. Сахал нь өнөө цагт дээрх өгүүлсэн шалтгаанаас гадна чамирхал, тэр ч бүү хэл урлагийн бүтээл хэмээн үнэлэгдэх болсон нь нууц биш.

Тэгвэл АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн Доктор Даниэль Фрийман гэгч сахал тавих нь эрчүүдийн бие организм болоод эсрэг хүйстэн, цаашлаад нийгэмд ямар нөлөө үзүүлдэг тухай судалжээ. Тэрээр сургуулийнхаа оюутнуудын дунд эрчүүдийн сахалны тухай санал асуулга, ярилцлагын хэлбэр бүхий судалгааг явуулсан бөгөөд судалгааны дүнд эмэгтэйчүүдийн дийлэнх нь “сахал” тавьсан эрчүүд биеэ даасан, хүчирхэг, ухаалаг, жинхэнэ эр хүний шинжүүд бүрэлдсэн гэж үздэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Тодруулбал, сахал нь эрчүүдийн хувьд эсрэг хүйстнээ өдөөх “сэрэл мэдрэхүйн соронзон” болохын зэрэгцээ нөмөр нөөлөгтэй жинхэнэ эр хүний намбыг мэдрүүлдэг бол эмэгтэйчүүдийн хувьд илүү эмэгтэйлэг гэдгээ мэдрэх охь нь болдог ажээ.

Тэрээр сахалны ашиг тусын талаар дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд,

- Арьсны эд, эсийг гэмтээх аюултай агаарт байдаг элдэв хортой химийн бодисоос хамгаалж, үрчлээтэхээс урьдчилан сэргийлдэг.
- Сахал нь арьсны тослогийн булчирхайг батга үүсгэдэг нянгаас хамгаалдаг бөгөөд нүхжилт, батга үүсгэхгүй байх гол үндэс болдог.
- Хүйтний улиралд нүүрийг дааруулахгүй, эрүүг элдэв аюулд өртөхөөс хамгаална.
- Хоолойны элдэв өвчин, буйлны үрэвслээс урьдчилан сэргийлнэ.
- Амьсгалын замаар халдварладаг өвчнүүдээс хамгаална.
- Эсрэг хүйстнээрээ хүндлүүлэх хүндлэлийг олох гол хүчин зүйл болно.
- Судалгаагаар урт, бавгар сахал нь тухайн эрийн ухаантайг илэрхийлэх хэмжүүр гэж үзжээ.

АНУ-ын Бостоны Их Сургуулийн багш, доктор Хэрберт Мессоны үзэж байгаагаар 15-55 нас хүртлээ сахлаа хусаж амьдарсан эрчүүд амьдралынхаа 3350 орчим цаг, 139 өдрийг зөвхөн сахлаа хусахад зарцуулдгийг тогтоожээ. Мөн сахал хусах хэрэгсэлд амьдралынхаа туршид мянга мянгаараа тоологдох өртгийг зарцуулдаг гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Энэ мэт судалгааны ажлуудтай зэрэгцэн гоёмсог сахалтнуудын тэмцээн ч зохиогддог болсон аж. Жишээлэхэд л 2013 оны есдүгээр сард Шинэ Орлеанд болсон сахалны аварга шалгаруулах тэмцээнд өтгөн, сайхан арчилсан сахал бүхий 100 гаруй эр оролцож байжээ. Тэмцээнд оролцогчид ялахын тулд 3 чиглэлээр 18 шатлалтайгаар уралдсан байдаг.

Харин монголчуудын хувьд сахал тавих ёс жаяг өөр байсан гэдэг. Эр хүн аав, ээжийн мэнд ахуйд сахал тавьдаггүй ч хэрвээ аав нь зөвшөөрөх аваас сахал тавьж болдог байжээ. Гэвч энэ заншил орчин үед нэг их мөрдөгдөхгүй болсон байна.

Энэхүү мэдээлэлтэй хамтатган эрхэм танд сахалтай эрчүүд удахгүй болох шинэ жилийг тохиолдуулан хэрхэн гангарсан талаарх сонирхолтой гэрэл зургуудыг хүргэж байна.

О.Туяа


Сахалтай эрчүүдийн ”Шинэ жилийн гоёл”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.