“Учиртай гурав” уран сайхны киноны Юндэнгийн дүрээр урлагийн салбарт хөл тавьсан загвар өмсөгч Амгаа буюу О.Амгаланбаатар мэргэжлийнхээ тоог дахин нэгээр нэмжээ. Юу гэвэл, өнгөрөгч зун зураг авалт нь явагдаж дууссан “Барьцаа 007” киноны гүйцэтгэх продюссераар ажилласан байна. Шинэ мэргэжлийнх нь хувьд анхны ажил байсан болохоор мэдэхгүй чадахгүй зүйл их гарсан гэдгээ ч нуусангүй.
Түүний хэлье гэснээ хэнээс ч эмээлгүй илэрхийлчихдэг шулуун шударга занг нь шазруун ч гэж хэлж болно.
Өмнө нь Амгаа загварын тайзан дээр мөр зэрэгцэн алхдаг асан өмсөгч охидоо хөндлөнгийн хэн нэгнээс өмөөрч бичиж байсан бол энэ удаад шүүмжилсэн байна. Тэрээр:
-Хэн нэгэн бүсгүй баян хүнтэй гэр бүл зохиогоод сайн сайхан амьдрахыг хэлж байгаа юм биш. Тэгэхгүйгээр эхнэртэй хүнтэй явалдаад байгаа байхгүй юу. Хэсэг бүлэг ийм хүмүүсийн явдал суудлыг загварын салбарт нийтэд нь нялзааж ойлгоод байна гэж л уурласан. Жишээ нь, би нэг шинэ жилийн арга хэмжээ хөтөлсөн юм. Нэлээн том хүлээн авалт байлаа. Тэгтэл нэг согтуу нөхөр тайз руу гарах гээд байсан юм. “Сэтгэгдлээ дараа нь хэлээрэй, ах аа” аргалаад явуулчихав. Арга хэмжээ ч сайхан болж захирал нь намайг ширээндээ урин суулгаад байх үед нөгөө согтуу хүн тайз руу гарч харагдлаа. Тэгтэл нөгөө хүн:
-За баярлалаа. Би энэ загвар өмсдөг янхан бандиар амаа үдүүлэхгүй шүү гээд над руу хуруугаараа заасан. Ингээд би 500 хүний өмнө эвгүй байдалд орсон юм. Энэ бол нийгэмд ойлгогдоод байгаа загварын салбарын нийтлэг ойлголт. Гэтэл бүгд ийм байгаад байна уу гэтэл бидний дунд арав хориод л хүн байгаа юм.
Мөрөөрөө халтуур хийж амьдралаа залгуулах гэж байсан над шиг хүмүүс энэ салбарт харьяалагддагтаа энэ мэтчилэн хохирдог. Нийт масст заваанаар хүрч байгаа энэ ойлголтыг эвдэхийн тулд заримыг нь ил тодоор илчлэх хэрэгтэй юм болов уу гэж бодсон.
Тэр хүмүүст хандаж хэлэхэд “Дахиж битгий элдэв тэнэг зүйл хийж байгаарай. Тухайн хүний яаж явах нь хамаагүй, харин бусдадаа муу нэрээ битгий нялзаагаач. Эсвэл энэ салбараас холдож арилаад өгөөч” хэмээн ярьсан юм.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn