Ч.Цэнгүүн: Би аливааг гүйцэд хийхийг хүсдэг

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн оролцогч, pole dancer буюу баганатай бүжиглэгч Ч.Цэнгүүн хагас шигшээ тоглолтод оролцоод шүүгчдийн саналаар шоуг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон билээ.

Тэрбээр бэлдсэн үзүүлбэрээ Тусгаар тогтнолын ордны тайзнаа тавих бололцоогүй байсан тул урд өдөр нь үзүүлбэрээ сольсон тухайгаа ярьсан юм. Гэлээ ч нэвтрүүлгээс хасагдсанд олон хүн харамсаж буйгаа нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн билээ. Харин Ч.Цэнгүүн өөрөө тун өөдрөг яваагаа, ирээдүйд хийх юм ихтэй байгаа талаараа бидэнтэй хуваалцлаа.

ДУТУУ ЮМ ҮЗҮҮЛСНЭЭС БОЛЬЁ ГЭЖ БОДСОН

-Сүүлийн шатанд их юм бэлдсэн боловч тайзан дээр тавих боломжгүй байсан гэсэн. Ямар үзүүлбэр бэлдсэн байсан бэ?
-Дараагийн шатанд би агаарын үзүүлбэр түлхүү хийе гэж бодсон. Харин нэвтрүүлгээс pole dance-ээ битгий орхиорой. Үзэгчид pole-ийг чинь хүлээж байгаа шүү гэсэн. Тэрэндээ тохируулаад зохиол бэлдчихсэн байлаа. Үзүүлбэрээ долоо хоног тайзан дээр бэлдэх хугацаа өгдөг. Тэрийгээ нэг дэх өдрөөс хойш тав хоног хийх гэж үзээд сүүлдээ яах аргагүй болохгүй юм байна гэдгээ ойлгосон. Ингээд “бүтэхгүй боллоо, нэвтрүүлгээ орхиё” гэж бодчихсон байсан.

-Үзүүлбэрээ гэртээ бэлдсэн байсан уу?
-Энэ үзүүлбэрийг зөвхөн тайзан дээр л бэлдэх боломжтой. Гэртээ биеийн ерөнхий суурь дасгалуудаа бэлддэг.

-Өөрөөс тань гадна бас жүжигчид хамтран тайзан дээр гарах ёстой байсан гэсэн?
-Циркээс дөрвөн жүжигчин орох байсан.

-Тайзан дээрээ болоогүй гэхийг бодоход том тоног төхөөрөмж байсан уу. Эсвэл акробатын зориулалтын төхөөрөмжгүй байв уу?
-Миний салбар орчин шаарддаг. Автомат татагчаас эхлээд тиймэрхүү юмнууд хэрэгтэй болдог. Энэ шоу маш гоё дэлгэц, тайзтай. Гэхдээ миний юмыг хийхэд бага зэрэг боломжгүй байсан. Үнэхээр болохгүй байсан болохоор л үзүүлбэрээ сольсон. Өмнөх орой нь “Болохгүй юм байна. Дутуу харуулж байхаар больё” гэж бодогдсон юм. Сэтгэл санаа ч тогтворгүй болсон байлаа. Ингээд бодож бодож “Ямартай  ч гэрийнхэн маань хүртэл намайг үзэх гээд тасалбараа авчихсан, догдолчихсон, бас олон хүн хүлээж байгаа байх” гээд аль болох боломжоороо хийе гээд тайзан дээр гарсан. Гэхдээ маш өөдрөг байсан.

-Rokit Bay шүүгч миний хүлээж байсанд хүрч чадсангүй гэсэн утгатай үг хэлсэн. Тэрэнд гутарсан уу?
-Үгүй үгүй. Яг үнэн шүү дээ. Миний ч хүсэн хүлээснээс тааруухан болсон. Гэхдээ маш сайхан дурсамжтай өнгөрлөө.

-Энэ ярилцлагыг авахаас өмнө бэлдсэн үзүүлбэр нь бүтээгүй учраас “Монгол ТВ”-ийн буруу боллоо гэж уншигчдад ойлгогдох вий гэж санаа зовж байлаа.
-Үгүй дээ, хэн ч буруугүй. Олон төрлийн үзүүлбэр байгаа шүү дээ. Тэр байтугай шүхрээр буух ч үзүүлбэр байдаг. Тэр болгоныг авьяас гэж хэлж болох байх. Миний бодлоор авьяас гэдэг нь дадлага юм. Түүнээс биш бидэнд бурхнаас өгсөн онцгой бэлэг биш шүү дээ. Тухайн удамд хэн юу хийж байсан, тэр хүнтэй арай ойрхон байх тохиолдол бий. Өөрөөр хэлбэл генетикийн мэдээллээр дамжиж ирсэн зүйлийг хэлж болно.

Хэрвээ та хүүхдээ төгөлдөр хуурч болгохыг хүсвэл хүүхдээ олохоос өмнө төгөлдөр хуур сур гэж ярьдаг. Янз бүрийн авьяас бий шүү дээ. Тайзан дээр амьдруулах боломжгүй нь ч байна. “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлэг миний хувьд маш сайхан өнгөрсөн. Нөхцөл байдалдаа аль болох тохируулаад хийлээ. Энэ дээр ямар ч гомдол байхгүй.

-Төгсгөлийн шатанд үлдсэн бол юу хийе гэж бодож байсан бэ. Бодчихсон байсан уу?
-Тэр төрөл маань бас энэ тайзан дээр хийхэд хэцүү байсан. Би агаарын үзүүлбэр хийдэг хүн. Агаарын үзүүлбэр нь дээш доошоо татах, нааш цааш тойргоор савлах зэрэг дандаа физикийн хууль ашиглаж юм хийдэг. Тэгэхээр  орон зай хэрэгтэй болно. Юмнаас татуулж дээшээ хийж байгаа учраас татах төхөөрөмж нь автомат байх хэрэгтэй.

Үзэгчдийн нүдээр харахад тайз зайтай мэт харагддаг боловч тэрний дээр маш их тоног төхөөрөмж байсан болохоор орон зай байгаагүй. Надад дээш доошоо 3-хан метр л хөдлөх боломж байсан. Гэтэл би өөрөө 183 см  өндөртэй хүн. Гараа өргөхөөр 2 м гарантай болох байх. Гэх мэтчилэн асуудлууд үүсч эхэлсэн. Гадаадынх нь ч бас тийм байх.

Миний төрлийн юм хийдэг хүмүүс  бас л яг надтай адилхан, яг л тийм шалтгаантай нүүр тулдаг болов уу. Өөрөө орж үзээд мэдлээ.  Хүмүүс бүрэн дүүрэн дүгнэх хэрэгтэй байх.  Би хөлөндөө юу өмсөхөөс авахуулаад бүх юмыг өөрөө шийдэж байгаа учраас тэрэнд тулгарч байгаа бүх асуудлыг өөрөө мэдэрсэн.

-Таны бэлдсэн ч үзэгчдэд харуулж чадаагүй тэр үзүүлбэрийг бид бичлэгээр аваад хүмүүст үзүүлэхийг хүсч байлаа. Гэвч боломжгүй болохоор харамсалтай байна.
-Тэрэнд би санаа зовохгүй байна. Анхнаасаа би тийм юм хийе гэсэн бодолтой байсан. Харин шоу бол тэрийг гүйцэлдүүлэх маш том боломж юм.  Их хөрөнгө шаардлагатай болдог. Тайз нь их зардалтай. Ганц жүжигчин бол ганц хүн шүү дээ. Тэрний ард тайзны багаас эхлээд маш олон хүний хүч хөдөлмөр орж байдаг. Энэ бүгд нийлж, бүрэн цогц болж, утгатай болно.  Машинаар яривал угсраад дуусчихсан явахад бэлэн машин шиг байх хэрэгтэй.

-Гэхдээ танд цаашдаа хийе гэсэн бодсон зүйл их байгаа байх. Олон улс руу гаръя гэсэн хүсэл зорилго байгаа болов уу?
-Би анхнаасаа л энийг сурч эхлэхдээ гадаадын бичлэгүүдийг үзсэн. Гадаадынхаар сэтгэж, тийшээгээ зорьж байна. Замдаа л явж байгаа хүн. Pole надад шинэ төрөл хэвээрээ байна. Надад одоо бэлтгэлийн заал хэрэгтэй. Жижигхэн багана дээрээ хийж болж байгаа учраас илүү том юман дээр гарч үзмээр байна. Заалтай болж, нөхцөл боломжоо өөртөө бүрдүүлэх гээд байж байна даа.

БИ ЭНИЙГ ХИЙХГҮЙ БОЛ ӨӨР ХЭН ХИЙХ ВЭ?

-Гадны бичлэгүүдийг үзэхэд эрэгтэй pole dancer харьцангуй ховор санагдсан.
-Тэгэлгүй яах вэ. Эрэгтэй балетчин арай цөөн байдагтай адил. Нарийн, гоо зүйн салбарт эрчүүд цөөхөн юм билээ.

-Та “Монгол Модель” агентлагт харьяалагддаг гэсэн байсан. Загвар өмсдөг үү?
-Би 10 жилээ төгсөөд “Монгол Модель” агентлагийн сургалтанд суусан. Энэ агентлагийн А зэрэглэлийн модель. Гэхдээ энэ ажлаа хийдэггүй.  Тэрэнд цаг заваа зарцуулаагүй. Арай өөр юманд сонирхолтой байсан. Гэхдээ агентлагтаа харьяалагдсан хэвээр байгаа. Зураг авалтанд орж байсан.

-Зураг авалт гэснээс IC Creative Division-ий нэг зураг Фэйсбүүкээр яваад байсан. Саяхных уу?
-Үгүй. Хоёр жилийн өмнө авахуулсан зураг. Багана маань гаднаас дөнгөж ирээд байх үед авахуулсан юм. IC-гийн гэрэл зурагчин Ж.Батсайхан нэг бүтээлч ажил хийе гээд янз бүрээр авч байгаад тийм зураг гаргаж байсан.

-Эхний үзүүлбэртээ сээтэгнүүр залуугийн дүр гаргасан. Амьдрал дээр ямар хүн бэ?
-Ер нь жаахан уйтгартай гэдэг. Тийм даруухан бол биш. Гэхдээ хаана байхаас шалтгаална. Өөрийн сонирхдог юмандаа орчихдог. Чадах гэж хичээдэг. Бусад олон юм руу ордоггүй.

-Төгс төгөлдөр рүү тэмүүлдэг хүмүүс байдаг. Тийм гэж ойлгож болох уу?
-Ямар нэг юм, жишээ нь pole dance-ийг хийхдээ зүгээр багана дээр гараад хөдлөхөөс илүү соёлтой нь оруулж ирэхийг хичээсэн. Юмыг бүрэн хийхийг хүсдэг. Гүйцэтгэл бол чадвараасаа хамаарна.  Гэхдээ одоо ганцаараа болохоор хэцүү байна.

-Монголдоо өөрийг тань ганц эрэгтэй pole dancer гэж ойлгож болох уу?
-Нэг сайт дээр намайг анхны pole dancer гээд биччихсэн байсан. Хүмүүсийн талаар би сайн хэлж мэдэхгүй л байна. Надаас өөр хүн хийж байгаа байлгүй дээ. Анх Youtube үзээд гоё санагдаад, дуучин Чойжоо бид хоёр хийж үзсэн юм.

-Тэгэхээр дуучин Чойжоо бас pole dance хийдэг гэсэн үг үү?
-Тийм. Бид хоёр удахгүй гоё юм хийнэ ээ.

-Цаашдаа pole dance-ээр ямар нэг видео клип хийлгэе гэсэн санаа байгаа юу?
-Бүжиг гэхээсээ илүү би бие гэдэг материалаа ашиглаад янз бүрийн трюк хийж байна. Энэ нь өөрөө маш том дизайн. Эдгээрийг ашиглаад надад өөрийн боломж байгаад, орчин нь бүрдвэл хийж болно. Хамт санаа нийлсэн залуучууд найз нартайгаа нийлээд гоё юм хиймээр байна. Энэ санааг ажил болгохын тулд ажил хийж чаддаг хүн байх хэрэгтэй, ганц бүжиглэдэг биш. Тийм хүмүүс хайж байна.

-Залуу хүн зүгээр сууж болохгүй гэсэн утгатай юм ярьж байсан. Хүн зорилготой байвал цаашид болохгүй юм үгүй гэж ярьдаг шүү дээ.
-Болохгүй юм байхгүй биш. Болохгүй юм зөндөө байгаа. Гэхдээ хамгийн гоё нь болох юм их байна. Жишээ нь миний хийж чадахгүй түм буман юм байна. Гэхдээ тэрийг хийх үү үгүй юу гэсэн алхам чухал.

-Таныг хөдөлгөж байгаа хүч юу вэ?
-Тэрэн дээр би өөрөө ч гайхдаг. Нэг л их донтсон хүн шиг. Хааяа ч гэсэн сэтгэлээр унасан үедээ эргэцүүлж боддог л доо. Ер нь юу ч хийгээд байгаа юм, яах гээд ч байдаг юм гээд л. Тэгээд бодож байхад асуултаас хариултаа олонгуут дараагийн асуулт гарч ирдэг. “Тэгвэл би энийг хийхгүй бол өөр хэн хийх вэ? Чи юу хийвэл чамд гоё байна?” гэх мэт.

-Хүмүүсийн сэтгэгдлийг уншсан. Монголдоо ганц байгаа pole dancer-ийг яагаад дэмжсэнгүй вэ гэх мэтчилэн хасагдсанд тань харамссан сэтгэгдлүүд их байсан.
-Би ганцаараа хөдөлмөрлөөд, ганцаараа юмаа хийж байна. Харин олон хүний хөдөлмөр амжилтанд илүү хүрдэг. “Алтай” хамтлагийнхан намайг бодвол олон жил хөдөлмөрлөсөн, туршлагатай хүмүүс. Тэд үнэхээр хангалттай сайн байсан.
Энэ бол тодорхой дүрэмтэй, телевизийн шоу шүү дээ. Тэр дүрмийн дагуу л болсон процесс.

-Б.Шижирбатын бичлэгийг англи хэл дээр гаргахад л гадныхан маш ихээр үзэж байна. Тэрэн шиг  бичлэгээ гадагшаа явуулбал олон хүнд их хүрэх байх гэж бодогдсон шүү.
-Ямар ч байсан би урдахаа хийгээд л байж байна. Тэгсний дараа надад саналууд ирэх байх.  Би өөрөө ч судалж, тэнд оччихвол гоё юм байна гэж бодно. Бүх юм нээлттэй юм чинь хийх ёстойгоо хийгээд, бүтээлээ гаргад, видеогоо  тавихад болно байх. Нэг бодлын амар. Би  маркетингийн менежер биш бүжигчин. Маркетингийн менежерүүд, бизнес  сэтгэлгээтэй хүмүүс хаа сайгүй байгаа учраас би энэ тал дээр огт санаа зовохгүй байна.

АЖЛАА УХААЛГААР СОНГОЖ ЧАДВАЛ МАШ ИХ ЮМ ОЛЖ АВЧ ЧАДНА

-Залхуурал, шантралыг хэрхэн даван туулдаг вэ?
-Залхуурлыг залхуурч л даван туулдаг даа. /инээв/ Надад нэг тийм бодол байдаг. Хааяа залхуурмаар санагдвал залхуурчихдаг. Хиймээргүй санагдсан үед өөрийгөө эрхлүүлчихнэ. Харин маргааш нь хиймээр санагдана. Яагаад гэвэл өчигдөр нь би хийгээгүй. Хүн өөрийн хүслийг чиглүүлчихсэн байхад үндсэн шугамаасаа хазайхгүй юм шиг санагддаг.

-Дуртай юмаа хийж байгаа нэг нь байна. Дургүй зүйлээ хийгээд өнөө маргаашаа өнгөрөөж буй залууст юу хэлэх вэ?
-Би өлсөхгүйн тулд ямар нэгэн байдлаар мөнгөтэй байх ёстой. Нөхцөл боломжоо хангахын тулд унтах газартай, идэх хоолтой, ямар нэгэн юм хийж  мөнгө олох хэрэгтэй.  Өөрийн амьдралын цагаас тодорхой хугацааг өөр юманд зориулснаараа оронд нь төлбөрөө авч байгаа хэлбэр. Тэрийгээ зөв сонгох л хэрэгтэй.  Жишээ нь би кофе маш их сонирхдог бол тэр сонирхлоороо кофе шопт ажиллаад, сонирхолтой ажиллана, тэрийгээ дагаад мөнгөтэй ч болчихно.

Хумс будах дуртай хүн байвал тэр хүн дуртай юмаа хийгээд мөнгө олж болно. Ажлаа ухаалгаар сонгож чадвал маш  их юм олж авч чадна.  Хүнд мэдээлэл их хэрэгтэй. Бас орчин чухал.  Би хаана байна тухайн газраас мэдээлэл авч байдаг. Би PC тоглоомын газар байвал тоглоомын мэдээлэл авна. Бүжгийн зааланд байвал бүжгийн тухай мэдээллийг авч байдаг.  Тэгэхээр хаана байх газраа зөв сонгох нь чухал.

-Танай удамд циркийн хүн байдаг уу?
-Байхгүй. Гэхдээ ээж маань  залуудаа спортын гимнастикаар хичээллэж байсан. Ээж маань хүний биеийн хөгжилд их анхаардаг юм болов уу. Хөл, гар, бие чанга байх ёстой гэдэг. Яагаад гэвэл хүний амьдрал, хүн гэдэг зүйл биетэйгээ шууд холбоотой.  Эрүүл биед саруул ухаан оршино гэж ч ярьдаг шүү дээ. Тэгээд л намайг бага байхад спортын гимнастикт оруулсан.  Жаахан хүүхэд байсан болохоор дагаад инээгээд л гүйж байсан. Дараа нь циркт орсон, нэг мэдэхэд циркээсээ больчихсон байсан. Тэрний дараа янз янзын юм туршиж үзээд, унших юмаа уншаад, судалж болох юмнуудаа  сонирхож яваад л хийж эхэлсэн дээ. Одоохондоо байгуулсан том гавьяа алга.

-Шинэ санааг хаанаас олж авдаг вэ?
-Саяны үзүүлбэрт маш гоё санаа байсан. Даанч тэр маань  биелээгүй. Мэдээж бодсон болгон биелнэ гэж юу байх вэ дээ. Сүүлд хийсэн зурагтаар гарсан үзүүлбэр бол утсан дээр байсан Майкл Болтоны /When a man loves woman/  дууг тавиад  дууны уур амьсгалд тааруулаад үзүүлбэрээ хийсэн. Эрэгтэй хүн хайрлаж дурлахаараа  ямар болдог бол гэж бодоод, хүмүүс хараад тэндээс дурлал, дэврүүн сэтгэл мэдрэх болов уу гэж бодсон. Ер нь эрэгтэй хүн дурлахаараа нисч байгаа юм шиг мэдрэмж төрдөг байх.

-Тэгж хүчтэй дурлаж үзсэн үү?
-Үзсэн үзсэн.

-Найз бүсгүй байгаа юу?
-Байхгүй шд /инээв/

-Хүмүүс pole dance хэрхэн хүлээж авах бол гэж санаа зовж байв уу?
-Түрүүн хэлсэнчлэн хүмүүс мэддэгээ мэддэг. Мэддэггүй нь мэддэггүй. Тэр чинээгээрээ дүгнэдэг. Надаас энийг зөндөө асуусан л даа. Энийг монголчууд ойлгох болов уу гэж. Гэхдээ монголчууд гэж хэнийг хэлээд байна вэ?  Олон төрлийн монголчууд байна шүү дээ. Монголчууд гэдэг үгээр хэнийг нь хэлж байна Тэр нь тодорхой болчихвол  ойлгох үгүй нь тодорхой болно. Гадаадаар явж байгаа олон монгол хүн байна. Монгол дотроо ч янз бүрийн зүйл үзсэн харсан хүмүүс байна. Хүний тархин дотор байгаа мэдлэг хүнийг хооронд нь ялгаж байна.

Ямартай ч нэлээн туршлага хуримтлууллаа. Өөрийнхөө чадварыг сайжруулаад авлаа.  Ер нь тодорхойгүй, ийм юм хийнэ дээ гээд сул орхичихоор дураараа цаг хугацаагаа урсгаад байдаг. Тэгэхгүй урдаа зорилго тавиад, тэмцээний өдөр дөхлөө гээд шахаад хийвэл  илүү хурдан гарч байгаа юм.

Цаашдаа надад хийх юм зөндөө байна. Ямар ч байсан бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Өөртэйгөө адилхан бас өөр төрлийн үзүүлбэр хийдэг залуустай нэгдэхийг хүсч байна. Бөөнөөр хийвэл арай хүчтэй байна байх. Нэг хүнийг 100 хувь гэж үзвэл хоёр хүн хамтарч хийвэл 200 биш 300 хувь юм. Тэгэхээр хамтарч л юм хийх хүмүүсийг хайж байна даа.

-Баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт  хүсье!

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Сэтгүүлч А.Наранцацрал | GoGo.mn


Ч.Цэнгүүн: Би аливааг гүйцэд хийхийг хүсдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: ШИНЭ ОН Огноо: 8 December 2016 Reply

ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex