ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Даваасүхийн Отгонцэцэг
Гавъяат тамирчин цолыг гуйж биш Гуядаж ав
2011 оны Стамбулын ДАШТ. Монголын тамирчин Д.Отгонцэцэг аваргын алтан медалийн төлөө Оросын бөх Замира Рахмановатай барилдаж байна. Барилдааны төгсгөлд тэрбээр мэх хийсэн ч шүүгч оноог нь өгсөнгүй, харамсалтайгаар ялагдсан билээ. Спортод байдаг булхай луйвраас болж Монгол улс эмэгтэй чөлөөт бөхийн 2 дахь аваргаа угтан авч чадаагүй билээ. Гэвч тэрбээр шантарсангүйгээр үл барам бэлтгэлсургуулилтаа үргэлжлүүлэн хийсээр Лондоны олимпыг зорихоор болсон юм. Үндсэн жингээсээн бага жинд барилдсан Отгонцэцэг амжилт гаргаж чадаагүй ч тамирчин хүний мөрөөдөл болсон олимпийн наадам оролцож үзсэн билээ.
Олимпийн дараа хэсэг хугацаанд спортоосоо түр хөндийрөн, бяцхан үрээ тэвэрсэн тэрбээр алтан шаргал дэвжээндээ эргээд ирсэн билээ. Түүний мөрөөдөл бол эх орныхоо нэрийг өндөрт өргөн, амжилт үзүүлэх л байсан байдаг. Энэ онд гэхэд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Алтан медаль хүртэн, дөнгөж өчигдөр Унгарын Будапештэд олимпийн бус жингийн ДАШТ оролцон хүрэл медаль хүртээд байна. Дархан хотын унаган охин тэрээр Баярсайхан багшийнхаа удирдлага дор хичээллэн, “Хасу мегаватт” клубийнхээ Анхны томоохон амжилтын эзэн нь болсон байдаг. Түүний араас Дэлхийн аваргын мөнгөн медальт П.Өнөрбат,залуучуудын Дэлхийн аварга А.Батцэцэг, ирээдүйтэй залуу бөх Намуунцэцэг гээд олон олон тамирчид Их спортын оргил өөд зүтгэж явна.
Тамирчин хүний амжилтыг цаг тухайн үед нь үнэлж байвал тухайн хүндээ урам зориг өгч улам их амжилтын төлөө тэмүүлдэг. Гэтэл 2011 оны Туркын Стамбулд болсон ДАШТ-д оролцон медаль хүртсэн гурван тамирчинаас 2 тамирчины амжилтыг одоо болтол үнэлэхгүй байгаа нь хачирхмаар. Тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Банзрагчийн Оюунсүрэн, Даваасүхийн Отгонцэцэг нарын амжилтыг энэ төр засаг хэзээ болтол дарагдуулах гэсэн юм бол? Мөн ДАШТ-ий мөнгөн медальт Эрдэнэчимэгийн Сумъяа, Батболдын Номин нар амжилтаа үнэлүүлээгүй байдаг.
Түүний хань Г.Амархүү мөн л спортын хүн. тамирчин хүний ялалт, ялагдалыг дэнсэлдэг шүүгч билээ. Монголынхоо Их спортод гэр бүлээрээ зүтгэн яваа энэ сайхан гэр бүлдээ хорвоогийн байж болох хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж, дэлхийн дэвжээнд босоо байж Олимпийн анхны эмэгтэй аварга болох тэр мөчийг хүсэн ерөөе.
Ч.Амартүвшин