Ганц дайчин ганцаардахгүй буюу Эх орны “АЛТАН” охин М.Анхцэцэг

Ганц дайчин ганцаардахгүй буюу Эх орны “АЛТАН” охин
“Шантрах байсан юм бол яах гэж эхэлснээ сана” М.Анхцэцэг

Мөнхжанцангийн Анхцэцэг бол Ц.Хосбаяр дасгалжуулагчийн хэлсэнээр “Бурханы Бэлэг” хэмээн яг нэг жилийн өмнө бичиж байлаа. Түүнээс хойш нэг жилийн дараа Анхаа маань үнэхээр “Бурханы бэлэг” гэдгээ нотолсоор байна. Энэ жил л гэхэд таван тэмцээнд оролцож 4-өөс нь 12 медаль авсаны 10 нь АЛТ, 2 нь мөнгөн медаль байсан юм. Хамгийн сүүлийн хоёр тэмцээндээ дасгалжуулагч багшгүй оролцож 6 Алтан медаль зүүгээд ирсэн билээ. Бусад улсын тамирчид бүтэн багаараа дасгалжуулагч, эмч, илээч бариачтай явж байхад манай хүн өөрөө л цүнхээ үүрээд МАРШ. Мексикт болсон Оюутны ДАШТ-д ямар сайндаа Канадын дасгалжуулагч түүнийг авч гаран медаль зүүлгэсэнийг бид бүгдээрээ харсан. Анхаа энэ онд Дэлхийн залуучуудын аваргаас мөнгөн медаль, Насанд хүрэгчдийн Азийн аваргаас Алтан медаль, Дэлхийн Оюутны АШТ, Азийн оюутны АШТ-ээс алтан медаль зүүсэн бахдам амжилт гаргасан. Олимпод тэрбээр наймдугаар байранд орсоныг бид бүгд мэднэ.

Түүний багш Ц.Хосбаяр нь Атлантын Алтан олимпод Монголоо төлөөлөн оролцож явсан хүн юм. Зах зээлийн шуурганд Их спортод амжилт гаргахаар зүтгэж явсан тэрээр одоо ч хэдэн шавь нарынхаа төлөө зүтгэсээр. М.Анхцэцэгийн аав ээж нь цэргийн хүмүүс, тушаал даган явдаг болохоор манай хүн эмээтэйгээ өсөж, багаасаа л бие даасан хүүхэд. Тэрбээр 10 настайгаасаа л энэ спортоор хичээллэсэн бөгөөд анхны багш нь Цэрэнням юм. Аав ээж нь спортод дуртай охиноо хөнгөн атлетикийн тамирчин болохыг зөвлөсөн ч тэрээр “зөрүүдэлсээр” төмөртэй нөхөрлөсөн.

Анхаад маань бахархууштай нэгэн чанар бий. Түүнд гадаадын хэд хэдэн орноос өөрийн улсын нэр дээр тамирчин болох санал ирсэн ч тэрбээр татгалзсан. Учир нь тэмцээнд яваад хэдхэн хоноход л Эх орноо, гэр бүлээ маш их санана. Тэрбээр “би мөнгөний төлөө штанг өргөдөггүй. Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний зорилго. Миний хамгийн ихээр бахархдаг зүйл бол олон улсын тэмцээний тавцан дээр гараад “Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA гэж дуудуулах” юм. Эх орон хүнд ганц л олдоно шүү дээ..” хэмээсэн байдаг.

Анхаа гурван дүүтэй бөгөөд хоёр эмэгтэй дүү нь эгчийгээ дагаад хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг. Хоёр дүүгээ тэмцээнд дасгалжуулж амжилт гаргахад нь тусалдаг сайн эгч. Нэг өдөр эгч дүү гурав Токиогийн олимпод хамтдаа орохоор болсон мэдээг монголчууд сонсох өдөр ирнэ. Хэрэв бэлтгэл сургуулилт хангамж эм бэлдмэл зэрэг зүйлс нь бэлэн байвал тэр бол Ц.Хосбаяр дасгалжуулагчийн хэлсэнээр “Бурханы Бэлэг”. Мөнгө хөрөнгө санхүүжилт түүнд хангалттай байх юм бол дэлхийг Монголтойгоо өргөчих тэнхээтэй ОХИН. Сүүлийн хоёр тэмцээнд гэхэд Японы тэмцээнд нэг хүний зардал 3,6 сая төгрөг, үргэлжлүүлээд оролцох Мексикт болох оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зардал 5,4 сая төгрөг болсон тул түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр тамирчинтайгаа хамт тэмцээнд явж чадалгүй үлджээ. Харин хоёр тэмцээний зардлыг бүрдүүлэхэд Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аварга Г.Эрхэмбаяр, “Номголжин”, “Есүүдийн Батууд” компанийн хамт олон тусалсан байна.
Шигшээ баг олимпийн дараа тарсан байгаа тул шинэ алба бүрдтэл Монголын аль ч спортын төрлийнхөн одоогоор улсаас дэмжлэг авч, тэмцээнд оролцох эрхгүй байгаа. Тамирчид холбоо болон хувь хүн, ивээн тэтгэгчдийн санхүүжилт авч чадвал оны өмнөх тэмцээнүүддээ оролцох боломжтой гэсэн үг. Түүнд одоо ойрын зорилго гэвэл дараа жилийн 6-дугаар сард болох Залуучуудын ДАШТ /Япон/, есдүгээр сард болох Насанд хүрэгчдийн ДАШТ /АНУ Майами/ болоод байна. Өөртөө үргэлж хэлдэг “Шантрах байсан юм бол яах гэж эхэлснээ сана” гэх үгээ санан олон олон тэмцээнд Алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлээрэй.

Ч.Амартүвшин


Ганц дайчин ганцаардахгүй буюу Эх орны “АЛТАН” охин М.Анхцэцэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.