“Наран хаан” нэрээрээ түүхэнд мөнхөрсөн Францын XIV Луй 1699 онд залуу авьяастнуудыг дэмжихийн зэрэгцээ эрч хүч, урам зориг бялхсан урсгал бий болгох зорилгоор улс орны өнцөг булан бүрээс урлагт сонирхолтой хүмүүсийг Хааны уран зураг, баримлын академид урьж, суралцуулсан нь рококо урсгал үндэслэх хөрс болжээ. Франц хэлний “rocaille” буюу чулуу гэсэн үгээр нэрлэсэн энэ урсгалыг зарим судлаач бароккогийн залгамж урсгал хэмээн үздэг бол нөгөө хэсэг нь Францад үүссэн, тусдаа чиглэл гэх нь ч бий.
(Антуан Ватто. Китира хүрэх мөргөлчид 1717 он)
Шашны шинэчлэлийн нэг салаа мөчир болон үүссэн барокко урсгалын үед зураачид гэрэл сүүдрийн төгс зохицлыг харуулж, хар бараан өнгийг дэвсгэрээр сонгосон бол рококогийн үед уран зураг, тэр дундаа дэвсгэр өнгө нь илүү цайвар болж ирсэн юм.
Уран бүтээлчид голдуу цайвар шаргал өнгө хэрэглэж, тэгш бус хэмийг эрхэмлэх болсон бөгөөд муруй, тахиралдсан дүрс, алтадсан өнгө рококогийн хэв маягийг илтгэж байв. Агуулгын хувьд шашны ном судраас ангижирч, амьдралын баяр баясгалан, өдөр тутмын энгийн үйл явдлыг зургийн төвд аваачжээ.
Энэ үеэс урлаг сонирхогчид, язгууртнууд барокко урсгалын бүтээлүүдийг хэт нүсэр, хүнд хэмээн үзэх болсон аж. Рококо урсгал бий болсон нь Европ дахины, тэр дундаа Францын Гэгээрлийн үетэй давхацсан учраас амьдралын сайн сайханд итгэж, аз жаргал зөгнөсөн бүтээлүүдийг олноор туурвисан байж болох юм. Тухайн үед Хааны уран зураг, баримлын академийн уран бүтээлчид үзэл бодлын хувьд хоёр хуваагдсан нь рококо урсгалд ч нөлөөлсөн байна.
Никола Пуссений зурах арга барилыг баримтлагч пуссенистүүд зургийн дүрслэл, бичилт, зураас нь бүтээлийн амин сүнс хэмээн үзэж байсан бол тэдний эсрэг Петер Рубенсийг дэмжигчид буюу рубенистүүд урлагийн бүтээлийн өнгө будаг бүхнийг тодорхойлно хэмээж байв. Үүнээс хойш төрөн гарсан урлагийн бүтээлүүд энэ хоёр хүчний аль алиных нь үзлийг тусгасан байдгаас гадна рубенист, пуссенист зураачид зэрэгцэн хөгжиж, өрсөлдөж байлаа. Тэдний өргөн цар хүрээтэй өгүүлэмж, хурц дүрслэл, тод өнгө нь Франц орны баян тансаг, чамин байдлыг илтгэж байснаараа төстэй.
(Фрэнсис Хаймэн. Бүжиглэж буй саальчид (1735 он)
Энэ үеийн гол төлөөлөгч нь Франсуа Буше, Мария Антуанетт хатны зураач Мари Элизабет Луиза, Антуан Ватто, Фрэнсис Хаймэн нар юм.
Бусад урсгалын адил рококо уран зургаас гадна архитектур, интерьер дизайн, тавилгын загварт ч нөлөөлжээ. Рококо үеийн тавилгууд голдуу цагаан өнгөтэй, гоёмсог хээ угалзан сийлбэртэй байсан бол архитектур нь бароккогийнхтой адил чимэглэл ихтэй ч христийн шашнаас сэдэвлэсэн бэлгэдэл, баримлаас ангид, чөлөөт загвартайн дээр чамин тансгийг дээдэлсэн өнгө аястай байв. Рококо загварыг өнөөг хүртэл хадгалан үлдсэн барилгын тоонд Францын Версалийн ордон, Оросын Катериний ордон, Португалийн Келушийн үндэсний ордон багтдаг. Дээр дурдсанчлан, рококо нь Францааас гаралтай бөгөөд бусад оронд өөр өөр салбарт тархсан байна.
Тухайлбал Германд сүмийн барилга, дотоод засалд рококо хэв маяг голлож байсан бол Италид жижиг эд хэрэглэл, тавилгын загварыг тодорхойлж байв. Рококогийн үе 1700-1760 он хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд урлагийн ертөнцөд гэрал нэмж, агуулга, сэдвийг шашнаас чөлөөлснөөхолбогдолтой хэмээн урлаг судлаач, шүүмжлэгч нар дүгнэсэн байдаг.
Б.Эгшиглэн /MONGOLNEWS.MN/