ЛОНДОН. /Би-Би-Си/. Пол Маккартни энэ сарын 27-нд Британийн нийслэлд болох зуны олимпийн нээлтийн ёслолын ажиллагаан дээр “Битлз” хамтлагийн “Hey Jude” дууг дуулна. Домогт хөгжимчний дуугаар ёслолын ажиллагаа өндөрлөх аж.
“Hey Jude” дууг Маккартни 1968 онд Жон Ленноны хүү Жулианд зориулан зохиосон гэдэг. Наадмын нээлтийн ёслолын ажиллагаа Лондоны олимпийн гол хотхон болох Стратфордод болно.
Одоогоор нууцалж байгаа нээлтийн ёслолын ажиллагааг 2009 онд “Ядуусын хорооллын саятан” киногоор “Оскар”-ын эзэн болсон, Британийн найруулагч Дэнни Бойл, “Билли Элиот”, “Цаг”, “Уншигч” киноны найруулагч Стивен Долдри нар найруулан тавьж байна.
Нээлтийн ёслолын ажиллагааг “Гайхамшигтай арлууд” гэж нэрлэсэн бөгөөд тусгайлан цутгаж хийсэн 27 тонн жинтэй хонхны дуугаар эхэлнэ. Хэвлэлд мэдээлснээр, театрчилсан үзүүлбэр болон хөгжмийн зохиомж нь Их Британийг тэнгисийн гүрэн байсан түүхэн талаас нь харуулах аж.
З.Амгалан “Монцамэ”