Уран бүтээлч дайчин чанар, өвөрмөц дүр төрхөөрөө алдрын оргилд хүрсэн авьяаслаг дуучин, хөгжмийн зохиолч Лэди Гага Монголд ирэхээр болсон тухай мэдээлэл цацагдах болжээ.
Түүнийг загварын ертөнцөд өнгө нэмж, шинэ уур амьсгалыг бүрдүүлэх байх хэмээн хүлээлт үүсгээд буй “Fashion channel”-ийн нээлтэд урьсан ажээ.
Мөн түүнтэй хамт загварын од, урлагийн алдартнууд манай улсад хуран чуулах аж. Тус телевиз нь тайзны арын албаны ажилчид болох үсчин, нүүр будагч, зурагчдыг түлхүү харуулж, тэдний үйл ажиллагааг дэмжин сурталчлах зорилготой ажилладаг билээ.
Дуучин бүсгүйн Монголд хэзээ ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Сөүлээс аялан тоглолтоо эхэлсэн.
Харин хэдхэн хоногийн дараа Австралид “Born This Way Ball Global Tour” аялан тоглолтоо толилуулах юм. Манхеттен хотын уугуул дуучин бүсгүйн жинхэнэ нэрийг Стефани Жоанн Анжелина Жерманотта гэдэг. Харин одоо түүнийг дэлхий дахинаа хатагтай Лэди нэрээр андахгүй ээ.
Түүний тухай сонирхолтой баримтууд:
– Гага сургуульд байхаасаа л “Guys and Dolls” хэмээх жүжгийн Аделаидагийн дүрийг бүтээхийг мөрөөддөг байжээ.
– Түүнд төгөлдөр хуурын хичээлийг тайчигч эмэгтэй заажээ.
– Хамгийн анхны дуу нь ердөө 15-хан минутад бичигдсэн бөгөөд “To Love аgain” гэдэг нэртэй байв.
– Тэрбээр анх зөөгчөөр ажилласан байна.
– Сүнс, хий үзэгдэл байдаг гэдэгт тэрбээр итгэдэг бөгөөд хий юм байнга хардаг гэдгээ хэлжээ.
– Бодит амьдрал дээр Гага маш хуучинсаг үзэлтэй бөгөөд тогтсон заншлаас гажсан зүйлийг хүлээж авах тун дургүй гэнэ.
– Мөн Итали хоолд, тэр дундаа гоймонд нугасгүй дуртай гэнэ.
– Гага солгой юм байна.
– Тэрбээр Донателл Версачийг өөрийн урлагийн онгод гэж хэмээн хүндэлдэг байна.
– Лэди Гага хунтайж Харрид ухаангүй хайртай аж.
– Лэди Гага 155 см өндөртэй. Тиймээс клипний зураг авалтууд дээр компьютерийн тусламжтайгаар уртааш нь сунгах шаардлага гардаг ажээ. Энэ бол тийм ч шинэлэг технологи биш юм.
– Лэди Гага урлаг, хөгжим хоёрын төлөө заяагдсан гэдэгтээ бүрэн итгэсэн учраас хэзээ ч хүнтэй гэрлэхгүй гэсэн тангараг тавьжээ.