Дэлхийн мисс тэмцээний оролцогч A.Баярцэцэг: Шүүгчид хувь хүнийх нь дотоод ертөнцөд өндөр ач холбогдол өгдөг юм билээ

“Miss World-2016” буюу Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо арванэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 18-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Тус тэмцээнд манай улсаас загвар өмсөгч мисс Алтангэрэлийн Баярцэцэг эх орноо төлөөлөн амжилттай оролцож шилдэг XI байрт шалгарсан билээ.

Тэрээр одоо АНУ-ын Вашингтон хотноо шилдэг 11 миссийн тусгай арга хэмжээнд оролцох зэрэг ажилтай яваа учраас эх орондоо хараахан ирээгүй байна. Тиймээс А.Баярцэцэгтэй интернэтээр холбогдож ийнхүү ярилцлаа.

-Дэлхийн миссийн тэмцээнд 11 дүгээр байрт шалгарч түүхэн амжилт гаргаж, дэлхийд Монголоо сурталчилсанд баярлалаа бас баяр хүргэе. Одоо хаана явж байна. Миссийн тэмцээнээс хойш амарч чадав уу?

- Дэлхийн миссийн тэмцээн дуусаад яг долоо хонож байна. Дэлхийн миссийн 66 дахь удаагийн тэмцээнд оролцож, монгол ёс заншил өв уламжлал, эх орон, орчин үеийн монгол залуусын мэдлэг боловсрол зэргийг дэлхийд сурталчилсандаа баяртай байна. Энэ удаа би өмнөх жилүүдэд оролцож байсан миссүүдийнхээ амжилтыг ахиулахыг зорилоо. Тиймдээ ч маш богино хугацаанд баг хамт олонтойгоо шаргуу ажиллаж, бэлтгэлээ хийсэн. Бэлтгэл сайтай оролцсон. Маш мундаг баг, хамт олонтой ажиллаж, дэлхий дахины олон залуусын дэмжлэгийг авч чадсанаараа шилдэг 11 дүгээр байрт орж, том амжилт гаргаж чадлаа. Эхний аравт орсон охид Нью-Йорк хотод оролцох үйл ажиллагаатай байгаа учраас бид Нью-Йоркт байрлаж байна. Өчигдөр (уржигдар) энд зул сарын баяр болж өнгөрлөө. Энэ үйл ажиллагаануудаа дуусгаад нэгдүгээр сарын дундуур эх орон руугаа буцна гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэмцээн эхлэхээс өмнө бэлтгэл ихтэй байсан учраас өдөрт гурваас дөрвөн цаг л унтдаг байсан. Өглөө бүр 06:00 цагт босч хувийн бэлтгэлээ хийнэ. Ингээд 08:00 цагт бид тэмцээний үйл ажиллагаандаа бэлэн байх ёстой байдаг юм. Харин орой өрөөндөө орж ирэхэд Монголд үд болж байдаг болохоор дэлхийн миссийн тэмцээн яг яаж явагддаг, ямар зүйл болов гэдгийг монголчууддаа сошиалаар хүргэж байсан. Мөн тэмцээний өдрүүдэд нэлээд ядарсан учраас ойрын хэдэн өдөр сайн унтаж амрахыг хичээж байгаа.

-Өмнө нь олон улсын хэмжээний ямар, ямар тэмцээнд орж, ямар амжилт гаргаж байв?

-Дэлхийн хэмжээний дөрвөн том миссийн тэмцээн болдог. Хоёр жилийн өмнө Мисс интернэшнлд оролцож байсан. Тухайн үедээ амжилт гаргаж чадаагүй ч хамгийн анхны тэмцээн байсан болохоор их зүйлийг сурсан. Харин дараа жил нь “Эх дэлхийн мисс”-т оролцоод 16 дугаар байрт орсон. Ингээд энэ удаа “Miss World 2016”-д амжилттай оролцсондоо баяртай байна.

-Энэ удаагийн дэлхийн миссийн тэмцээний онцлог нь юу байв?

-Дэлхийн миссийн тэмцээнүүд өмнө нь ихэвчлэн Ази тивд зохион байгуулагддаг байсан. Гэхдээ энэ удаа хоёр дахь удаагаа Америкт болж байгаа юм билээ. Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль болж байх үед дэлхийн миссийн тэмцээн Вашингтонд нэг сарын турш болж өндөрлөж байгаа нь дэлхийн анхаарлын төвд илүү их өртөж чадсан юм болов уу гэж бодож байна. Нью-Йорк таймс хүртэл тогтмол биднээс ирж мэдээлэл авч байсан.

-Дэлхийн миссийн тэмцээний шалгаруулалт ямар санагдсан бэ. Шалгаруулалтын онцлогоос сонирхуулаач. Шүүгчид нь хэр шудрага байсан гэж бодож байна?

-Маш олон шүүгч ажилладаг. Жишээлбэл бүжгийн багш тоглолтын бэлтгэл хийлгэж, ирц бүртгээд л, бүжиг заагаад бид нартай өдөр бүр хамт байдаг байсан. Гэтэл тэр багш маань тэмцээний сүүлийн өдөр ерөнхий шүүгч болоод ороод ирсэн. Биднийг хариуцаж явсан багийн ахлагч нар гэхэд л 1980, 2010 оны дэлхийн мисс байсан. Ер нь багийн ахлагч нар нь өмнө нь миссийн тэмцээнд орж байсан хүмүүс байлаа. Шүүгчид тэмцээний үзүүлбэрүүдийг нь үнэлэхээс гадна зан чанар аливаад хандах хандлага, хүсэл мөрөөдөл, төлөвшил амьдралын зорилго зэрэг хувь хүнийх нь дотоод ертөнцөд өндөр ач холбогдол өгдөг юм билээ.

Гол таван шалгаруулалт буюу “Авьяаслаг мисс”, “Спорт мисс”, “Зорилго бүхий гоо сайхан”, “Топ модель”, “Олон нийтийн санал буюу мультмедиа” шалгаруулалт гэж таван номинацид шилдгүүдийг шалгаруулсан. Үүнд би авьяаслаг миссээр шалгарсан. Энэ номинацуудад үлдсэн охидыг автоматаар шилдэг 20-д үлдээдэг юм. Шүүгчид 120 орны охидын авьяас үзүүлбэрээс шилдэг 10-ыг шалгаруулаад, интернэтэд байршуулж санал хураахад миний үзүүлсэн илбэтэй бүжиг хамгийн олон санал авч, шилдгээр шалгарсан.

-Монгол бүсгүй дэлхийн миссийн тэмцээнд Монголынхоо өв соёл, ёс заншлыг таниулан сурталчилж онцгойрч чадсан. Тэгэхэд зохион байгуулагчдын зүгээс хэрхэн хандаж байв?

-Дэлхийн миссийн тэмцээнд байр эзлэхээс гадна монголынхоо өв соёл, ёс заншилыг сурталчилна гэдэг надад том зорилго байсан. Ингээд арваннэгдүгээр сарын 29-ний өдөр миний 26 насны төрсөн өдөр болсон. Тэр өдөр Америк дахь Монголын Элчин сайдын яамнаас миссийн тэмцээнд зориулсан гоё том торт хийгээд, надад явуулсан. Тэгэхэд зохион байгуулагчид үнэхээр гайхаж байлаа. Улс орон нь өөрийнхөө мисст ингэж анхаарлаа хандуулдаг юм байна. Элчин сайдын яам нь ингэж ач холбогдол өгч байна, мөн фэйсбүүк, твиттерээр хүртэл монгол, монгол гэсэн постууд маш их байсан учраас зохион байгуулагчид үнэхээр гайхширсан. Гуравхан сая хүн амтай улс интернэтийн хандалтыг эрс нэмэгдүүлж байсан учраас дэлхийн миссийн тэмцээний зохион байгуулагчид Монголын мисс хаана байна гэж зорьж очиж миний зургийг авдаг байсан. Яагаад гэхээр хүмүүс монгол хаана байна, монгол, монгол гэх сэтгэгдлийг их бичдэг байсан юм билээ.

-Дэлхийн миссийн тэмцээнд ороод ямар амжилт гаргаж, хэддүгээр байрт орно гэсэн зорилттой байв. Тэмцээний 11 дүгээр байрт шалгараад сэтгэгдлээ илэрхийлж байхдаа юугаар, хэнээр хамгийн их бахархав. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Миссийн тэмцээнд орох бэлтгэлийн хугацаа бага байсан ч нэгдүгээрт Монголоо сурталчилна, хоёрдугаарт өмнө нь дэлхийн миссийн тэмцээнд орж 25 дугаар байрт шалгарч байсан Сарнай эгчийн амжилтыг ахиулъя гэж оролцсон.

Дотроо бол шилдэг аравт үлдэх юмсан гэж маш их мөрөөдөж байлаа. Гэхдээ айдас байсан. XI байрт дуудагдахад өөрийн эрхгүй нулимс гарсан. Шилдэг 10 гоо бүсгүйг дуудчихсаны дараа нүдээ аниад ид шид гэж байдаг бол намайг дуудчихаасай гэж бодсон. Гэтэл хөтлөгч шилдэг арав тодорлоо, тэхдээ энэ удаа бид ард түмний сонголтоор гарч ирсэн нэгэн гоо бүсгүйг шилдэг 11-ээр тодрууллаа. Энэ бол монгол бүсгүй гэж хэлсэн. Өмнө нь шилдэг 10-ыг шалгаруулдаг байсан бол энэ жил шилдэг 11-ийг тодруулж, 11-т нь би орсон гэсэн үг юм. Би мундагтаа биш, монголчууд, ах дүү, аав ээж, олон улсын хүмүүс, найз нөхөд, баг хамт олны минь хичээл зүтгэл, сэтгэл. Тэднийхээ энэ их дэмжлэгийг авсандаа баярлаж, талархаж байна.

-Ийм амжилттай оролцоход таны ямар үзүүлбэр, ямар давуу тал илүү их нөлөөлсөн бэ?

-Бэлтгэл бас дахин бэлтгэл, бусдын дэмжлэг. Бусад хүмүүсийн дэмжлэггүйгээр хэн ч амжилт гаргахад хэцүү. Гэхдээ хичнээн бусдын дэмжлэгийг аваад өөрөө бэлтгэлгүй, гадаад хэлний мэдлэггүй байвал бас хэцүү. Хүмүүс миссийн тэмцээний тухай мэдээллийг сошиалд цаг тухай бүрт нь мэдээлж байсан нь амжилтанд хүрэх нөхцлийг бүрдүүлсэн юм болов уу гэж бодож байна. Монголчууд маань намайг үнэхээр их дэмжсэн. Би өөрөө олон орноор явж байсан учраас гадаад найз олонтой. Мөн “Марко поло” кинонд би туслах дүрд тоглосон. Энэ үед хамт тоглосон найзууд болон алдарт Холливудын алдарт жүжигчин Стивэн Сигал нар сошиалд намайг дэмжиж, Монголын А.Баярцэцэгийг дэмжээрэй гэж шэйрлэж байсан нь их нөлөөлсөн. Мөн түүний гэргий Эрдэнэтуяа эгчдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Намайг танихгүй ч Монголоо гэсэн сэтгэлээр олон мянган гадны хүмүүст миний тухай мэдээллийг хүргэх боломжийг олгосонд үнэхээр талархаж байна.

-Дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцоход хэн хамгийн их тусалж, ямар хүмүүс илүү их дэмжиж байв?

-Дэлхийн мисст ороход маш олон хүн надад тусалсан. Компани, аж ахуйн нэгж байгуулага, пиар агентлаг, найз нөхөд, хамаатан, ар гэр, оюутан залуус гээд тоочоод байвал хэдэн зуугаар дуусахгүй хүмүүс бий. Бүгдэд нь маш их баярлалаа.

-Мисс хүн ямар байх ёстой бол. Мисс гэдгийн утга учрыг тайлбарлаж өгөөч?

-Би мисс гэдэг ойлголтыг арай өөрөөр хүлээж авдаг. Мисс гэхээр бусад хүмүүс хамгийн хөөрхөн эмэгтэйг шалгаруулах, цол титэм олгох тэмцээн гэж хардаг байх. Тийм биш шүү дээ. Энэ тэмцээнд оролцсоноороо олж авах зүйл нь маш олон хүнд хүрч болох дуу хоолой. Эргээд өөрийн тэр дуу хоолойгоороо өөрийгөө, орчноо нийгмээ, залуусын харилцаа уур амьсгалд эергээр нөлөөлөх залуу үеийн эмэгтэйчүүдийн төлөөлөл юм болов уу гэж бодож байна.

-Та аль нутгийн ямар айлын хэд дэх хүүхэд вэ. Төрсөн гэр бүл, эцэг эхээ танилцуулаач?

-Би айлын ганц хүүхэд. Улаанбаатар хотод төрж өссөн. Ээж аав маань Говь- Алтай аймгаас гаралтай ч Улаанбаатар хотод төрж өссөн хүмүүс.

-Та хаана, хаана ямар сургууль төгссөн бэ?

-2007 онд “Сант” дунд сургуулийг төгссөн. Дараа нь ШУТИС-ийн компьютер, менежментийн дээд сургуулийг маркетинг удирдлага мэргэжлээр төгссөн. Мөн Өмнөд Африкийн коллежид суралцаж, бизнесийн удирдлага мэргэжил эзэмшсэн. Гэхдээ сүүлийн гурван жилд Америкт жүжигчин мэргэжлээр суралцаж байна. Гурван жилийн өмнө жүжигчин болох шийдвэр гаргаад Америкийг зорьж байсан минь намайг энд хүргэлээ. Болох ёстой юм болдгоороо болж байна гэж бодож байгаа.

-Орчин цагийн залуусыг ямар байгаасай гэж та хүсч байна бэ?

-XXI зууны залуус боломжийг Монголоор битгий хэмжээсэй, би Монголдоо амьдарч байгаа ч гэсэн хаана боломж байна гэдгийг эрэлхийлж, суралцаж, гадны орнуудаар явж байхыг хичээдэг. Залуу хүмүүс өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж боддог. Зөвхөн Монголдоо байгаад өөрийгөө хөгжүүлж байгаа хүмүүс ч бий. Гэхдээ олон хүмүүстэй харилцаад, олон орноор явж, суралцаж хөгжиж дэвших боломж бий шүү дээ. Хаана боломж байна тэнд очиж суралцаад, амжилтад хүрээд хойч үедээ хөгжлийн гүүр болох боломж байна гэж би харж байгаа.

-Та найз залуугаараа ямар эр хүнийг сонгоод байна. Гэр бүлтэй болж амжсан уу?

-Гэр бүлгүй, хүүхэдгүй байгаа дээрээ олон зүйлийг сурч нийгмээ хөгжүүлэхийг зорьж хүсч мөрөөдөж байна. Ирэх нэгдүгээр сард эх орондоо очно. Тэгээд тухтай сайхан ярилцъя.

Н.ГАНЧИМЭГ


Дэлхийн мисс тэмцээний оролцогч A.Баярцэцэг: Шүүгчид хувь хүнийх нь дотоод ертөнцөд өндөр ач холбогдол өгдөг юм билээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.