Та бусадтай харилцаж чаддаг уу?

group-of-people-in-coffee-shopЗан харилцааны соёлоос тухайн хүний дотоод мөн чанарыг таньж болно гэдэг. Таны сэтгэл хэчнээн тавгүй байлаа ч хажуугаар зөрөх хүмүүс рүү эелдэгхэн харж инээмсэглэж байгаарай. Учир нь эдгээр хүмүүс таныг зовоогоогүй шүү дээ. Энэ хоромд та ч бүгдийг умартан тайвшрах болно.
Нэгэн танил маань “Би Цэцгээг муухан танина. Толгой дохин өнгөрөхөөс цаашгүй. Гэвч гэрээсээ гарах бүртээ түүний нүд дүүрэн инээмсэглэлийг харцаараа хайдаг. Хэрвээ тааралдвал тэр өдөртөө л ажил бүтэмжтэй, сэтгэл дүүрэн байдаг юм. Хайртай дуртайдаа биш шүү.

Сайхан инээмсэглээд өнгөрөх хүн ховордсоноос тэр биз” хэмээн ярьсан. Үнэхээр ч бид ажил төрөл, гэр орон гэж гүйсээр байгаад харилцааны соёлоос зугуухан холдоод байх шиг. Гэвч энэ нь тухайн хувь хүний зан чанартай салшгүй холбоотой аж.

Та өөрийнхөө зан аашийг мэдэх үү?
Хүний зан чанар (темперамент)-ыг дөрөв ангилдаг байна.

-Сангвиник Хүмүүстэй амархан үг хэлээ ололцож ойлголцдог. Амьдралын нэг хэв маягаас нөгөөд шилжихдээ түүртэхгүй. Урсгалаар хийх ажилд дургүй, сэтгэл хөдлөлөө барьж чаддаг. Хурдан, чанга, тод яриатай, нүүрний хувирал, гарын дохио зангааг их хэрэглэдэг.

-Флегматик Tөвшин хүмүүс. Нэг үйл ажиллагаанаас нөгөөд удаан шилждэг, идэвх муутай. Идэвхжүүлэхийн тулд сэтгэлд нь “гал ноцоох” хэрэгтэй болно. өөрийгөө эзэмдэх чадвартай, тэвчээртэй. Сэтгэлийн хөдлөлийг хурцаар илэрхийлэхгүй тайван тогтуун ярьдаг.

-Холерик Ажлын эрч хүчтэй. Тэд аливаа саад бэрхшээлийг туулах чадвартай байдаг. Маш их эрч хүч гаргасныхаа дараа туйлдах, хямралд орох нь бий. өчүүхэн төдий шалтаг тэдний их хүслийг нурааж чадна. Дүрсхийсэн, шулуухан, өөрийгөө магтах сонирхолтой. Хурдан, тод ярьдаг.

-Меланхолик Эмзэг сэтгэлтэй. Сэтгэлийн хөдлөл тогтвортой. Шинэ орчинд удаан дасан зохицдог. Байгалиас заяасан болгоомжлол дэндүү сайн хөгжсөнөөс хашир нь дэндэх гээд байдаг. Ичимхий, шийдмэг бус. Гэхдээ тэд мэдрэмж сайтай. үүгээрээ аливаа зүйлийг бодитойгоор үнэлнэ.

Эдгээр зан чанарын хэв шинжүүд сайн, муу хоёр талтай. Тэгээд ч нэг хэв шинж нь давамгайлна уу гэхээс биш дангаараа орших нь үгүй. Амьдралын явцад хүн өөртөө хэрэгтэй гэсэн хэв шинжийг төлөвшүүлж чаддаг. Жишээлбэл, холерик, меланхолик зантай хоёр хүн маргалдах үед хэн хэн нь маш хүлээцтэй тайван хандаж болох юм. Уг нь тэд төрөлхийн аашаараа бол хэдийнэ барьцалдаад авчихсан байх вий. Xолерик хүн орчноо өөртөө нийцүүлэхийг урьтал болгодог тул дайран давшлах байсан. Харин нөгөөх нь амархан тэвдэж сандардаг. Ингээд та ойр дотнынхон тань аль хэв шинжид багтаж байгааг болон яаж харилцахыг мэдэж авлаа. Ингэснээр ажлын бүтээмж дээшилж, хий хоосон маргалдахаас сэргийлнэ.

Харилцаанд сэтгэл хөдлөл, мэдрэмж чухал
Хүн бүрийн сэтгэл хөдлөл харилцан адилгүй. Нэгэнд нь баяр бахдал төрүүлсэн зүйл нөгөө хүнд жигшил зэвүүцлийг төрүүлж болох юм. Өөрөөр хэлбэл, гадаад юмс үзэгдэлд яаж хандах нь тухайн хүний хүртэхүй, хэрэгцээ, сонирхол, хүсэл тэмүүлэл, зан байдлын онцлогтой холбоотой. Энэ нь хүний нүүрний хувирал, дуу хоолойны өнгө, биеийн хөдөлгөөн дохио зангаагаар илэрдэг. Хүн аливааг хэрэгтэй хэрэггүй, сайхан муухай гэх мэтээр үнэлж өөрийн хандлагыг илэрхийлдэг. Харин мэдрэмж сэтгэл хөдлөлд тулгуурлан илэрнэ. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээр хувь хүний онцлогийг мэдэрч болно. Сангвиник, флегматик хүмүүс сэтгэл хөдлөлөө барьж чаддаг, тэр бүр илэрхийлэхийг чухалчилдаггүй бол холерик, меланхолик хүмүүс сэтгэл хөдлөл ихтэй байна. Сэтгэл хөдлөлийн хувьд харьцангуй тогтвортой байх нь орчны өөрчлөлт, ажил үүргийн ачаалалтай үед дарамтад оролгүй байж чаддагаараа давуу.

Бмд хоорондоо яаж харилцдаг вэ?
Хүмүүсийн хоорондын харилцаанд мэдээ солилцох, бие биеэ ойлгох, харилцан нөлөөлөх үйлдлүүд зэрэгцэн оршдог байна. Жишээ нь, нэг оюутан найзыгаа кинонд явах уу гэж асуухад найз нь “Би чадахгүй нь ээ. Маргааш шалгалтад бэлдэнэ. Харин чи хичээлээ уншихгүй юм уу” хэмээн хариу асууж. Энэ харилцааны явцад дээр дурдсан мэдээллийн солилцоо, харилцан ойлголцол, нөлөөлөл бүгдийг агуулж байна. Бид яагаад бие биеэ ойлгодоггүй юм бэ. Үүний хариулт тун амархан аж. Бид хүлээсэн зүйлээ л сонсдог. Амьдралын явцад хуримтлуулсан өмнөх туршлагатай маань ижил нөхцөл давтагдахад нөгөөх л мэдээг сонсоно хэмээн хүлээдэг. Өөрөөр хэлбэл, дандаа л муу байна гэж чичлүүлдэг ажилтныг дарга нь “Чи өнөөдөр овоо шүү” гэж үнэн сэтгэлээсээ хэлснийг буруу ойлгодог. Бидний мэддэгээс илүү зүйлийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Шинийг анхаарч учрыг нь олох гэхээсээ илүү үл тоомсорлон орхино. Илгээгч буюу мэдээний эх сурвалжийг үнэлдэг. Хэрэгтэй мэдээлэл мөн үү гэж үзэхийн оронд хэн хэлэв гэдэгт анхаардаг. Сэтгэлд хүрсэн хэн нэгний үг үнэн байх ёстой юм шиг санаж, сэтгэлд нийцгүй хүний үг өчүүхэн ч үнэ цэнэгүй болдог тал бий. Үг, үйл явдал, хувь хүний үнэлэмж, хүртэхүйн онцлогоос хамаарч харилцааг өөр өөрийнхөөрөө ойлгодог. Хэлэх үг, илэрхийлж байгаа утга санаанд харилцагчдын харц, дууны өнгө, дохио зангаа, биеийн хөдөлгөөн зохицохгүй байх талтай. Баяр хүргэж, тэвэрч байгаа хэрнээ харц нь атаархал жөтөөрхлөөр дүүрэн байх нь бий. Бидний хэлэх үг, дамжуулах утга санаа биеийн хөдөлгөөнөөр давхар илэрч байдгийг ямагт анхаарах хэрэгтэй.
Харилцаанд гаргадаг бидний хамгийн том алдаа нь өөрийгөө хэт үнэлэх, эсвэл нөгөө хүнээсээ эмээх. Өөрийгөө хэт үнэлснээс харилцаж буй хүнийхээ сайн талыг олж анхаардаггүй. Харин ярилцаж байгаа хүнээсээ эмээвэл өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй. Даргатайгаа харилцах болбол өмнө нь үгээ бэлдэж хийгүй болох хэрэгтэй гэнэ. Харин дараа нь сандарч тэвдэлгүйгээр санаагаа илэрхийлээрэй. Дарга, удирдах ажилтан албан тасалгаандаа л таны удирдлага болохоос биш, бусад цагт адилхан л хүн гэдгийг ямагт сана.


Та бусадтай харилцаж чаддаг уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.