Кимчи одоогийн амтаа олтлоо хэдэн зуун туулжээ. Солонгосчууд кимчиний анхны хувилбарыг бүр үII зуунд бодож олсон аж. Хаад ноёдоос бусад эгэл ард махтай хоол идэх нь биелшгүй мөрөөдөл байсан тэр үед ногоог давслан даршилж өвлийн хүнсээ нөөцлөх арга тарчиг хүйтний улиралд ч эр нөхрөө гэдэс цатгалан байлгах ажилсаг солонгос эмэгтэйчүүдийн эрхэм зорилгод нийцжээ. Эрт цагт даршилсан ногоог «чимчэ» гэдэг байж. Он цаг улиран чимчэ бэлтгэх арга нарийсахын хэрээр амт чанар нь ч өөрчлөгдөв. Чимчэ нь димчэ, кимчэ, кимчи болон нэрээ сольсон байна.
Гэвч XII зуунд олон төрлийн амтлагч хэрэглэж занших хүртэл кимчиний амт нэг их сайхан байгаагүй аж. Харин XVIII зуунд Солонгосын хойгт Өмнөд Америкийн далайн худалдаачид улаан чинжүү тээж ирсэн нь кимчиний жорыг эрс өөрчлөв. Кимчиг нунтаг улаан чинжүүгээр амтлах болсноор хүний биед асар их хор цуглуулдаг давсны үүргийг багасгажээ. Кимчигүй хоолны ширээ гэж Солонгост үгүй. Солонгосчууд байгаа газар кимчиний үнэр ханхийнэ. Солонгосын компаниуд 13 дахь сарын цалингаа «кимчи-бонус» хэмээн авгайлдаг юм билээ. Тэр мөнгөөр эхнэрүүд нь өвлийнхөө кимчиг төхөөрнө. Эр нөхрүүд муудалцахдаа «Танай эхнэрийн кимчиг идэхийн аргагүй» гэхчлэн өрсөлдөгчийнхөө амыг таглахдаа сийхгүй. Солонгосын баг 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-д ялалт байгуулснаа «kimchi-power» гэлцэж солонгос гал тогооны гайхамшгийг дэлхий даяар сурталчилсан.
Өтөлсөн ч хөнгөн шингэн, толигор харагддагаа мөн л кимчитэй тэд холбодог. Тэр ч бүү хэл, кимчи их идвэл SARS тусдаггүй гэсэн цуурхал саяхныг хүртэл амь бөх байлаа. Бас ДОХ хүртэл кимчинээс айна гэх солонгос хүнтэй таарвал үг бүү сөрөөрэй. Мах голдуу хүнстэй монголчуудын ширээнд сүүлийн үед кимчитэй таваг зай эзлэх болжээ. Гэрийн эзэгтэй нар өөрийн гараар кимчи дарж заншвал монгол эрчүүд ч «kimchi-power» үзүүлж, ялалт байгуулахыг үгүйсгэхгүй.
Yүнийг хийж сурцгаая
Орц: Хоёр ш байцаа (хятад), нэг ш лууван (дунд зэргийн), дөрвөн ш том ногоон сонгино, нялх ногоон сонгино 50 гр, жууцай 50 гр, нэг толгой сармис, цагаан гаа 30 гр, нунтаг улаан чинжүү тал аяга, ширхэг алим (эсвэл лийр), элсэн чихэр, давс, дашида ногооны үүсүү, тал аяга кимчиний тос
Кимчиний байцааг бэлтгэх арга
1. Байцааг уртааш нь гурав хуваана.
2. Саванд ус хийж, хоёр аяга давс уусгаад байцаагаа хийж дөрвөн цаг байлгана. (байцаа налмайн шалчийсан байх ёстой)
3. Байцааг давстай уусмалаас гаргаж хүйтэн цэвэр усанд угаана.
4. Байцааг хатаана. (далбангуудад нэвчсэн усыг шавхарч дуустал)
Амчтлагчийн жор
1. Тал аяга усанд улаан чинжүүгээ зуурна.
2. Нимгэн хэрчсэн луувангаа улаан чинжүүтэй сайтар холино.
3. Сармис, цагаан гаа, алимаа үрж нунтаглаад, таван см-ийн урттай хэрчсэн сонгино, жууцайтай холино.
4. Луувантай хольсон улаан чинжүүгээ ногоонуудтай нийлүүлж нэг саванд хийгээд кимчиний тос, амны том халбагаар гурван элсэн чихэр, 1/3 үүсүү, хоёр дашидагаар амталж сайтар хольж хутгана. (Yүн дээр сам хорхой, дун эсвэл жижиг загас нэмбэл кимчиний жинхэнэ амт гарна.)
Байцаа хэрхэн кимчи болдог вэ?
1. Давсны уусмалд дэвтээж бэлтгэсэн байцааныхаа далбан бүрт амтлагчийн холимгийг түрхэнэ. Чингэхдээ байцааны зузаан хэсэгт ахиухан, нимгэн хэсэгт чинжүүний өнгө орох төдий түрхэхэд болно.
2. Амталсан байцаагаа гадна талын навчаар нь орооно.
3. Дээрхийг шавар вааранд (байхгүй бол хуванцар саванд) хийж дээгүүр нь байцааны гадна талын навчаар (эсвэл тугалган цаасаар) бүрээд тагийг нь тавьж -3-10 градуст 10 цаг байлгахад кимчи бэлэн болно.
Кимчи пицца
Орц: Нэг бүтэн байцааны кимчи, гахайн мах 150 гр, хоёр аяга гурил, нялх ногоон сонгино 10 ш, өндөг нэг ш, сүү нэг аяга, давс, ургамлын тос
Бэлтгэх арга:
1. Кимчиний байцааг бусад хольц ногоонуудаас нь салгаж дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ.
2. Гахайн махаа татна.
3. Сонгиноо таван см урттай хэрчинэ.
4. Кимчи, гахайн мах, сонгиноо сайтар холино.
5. Yүн дээрээ сүү, өндөг гурилаа хийж бага зэрэг давсаар амталж зуурна.
6. Одоо энэ зуурмагаа хэдэн хэсэг хувааж шарна.
Кимчи чигэ
Орц: Байцааны кимчиний толгой хэсгийн 1/ 4, 100 гр гахайн мах, бөөрөнхий сонгино 1/ 2, ногоон сонгино 1/ 2, нунтагласан сармис нэг жижиг халбага, мөөг 50 гр, дүпү 200 гр
Бэлтгэх арга:
1. Кимчигээ жижиглэн хэрчинэ.
2. Гахайн махаа даалуу хэлбэртэй хэрчинэ.
3. Бөөрөнхий сонгиноо нимгэн, ногоон сонгиноо диагонал хэлбэртэй хэрчинэ.
4. Хэрэв гахайн мах тань өөхтэй бол хоолныхоо савыг халааж байгаад эхлээд гахайн махаа, дараа нь кимчигээ хийж хутгана. Дээр нь тун бага ус хийж буцалгахдаа халуун шөлөнд дуртай бол нунтаг улаан чинжүү, хэт халуун болгохгүй гэвэл кимчиний шүүс жаахан хийгээрэй. Төмс нэмж болно.
5. Дахин ус хийгээд буцалга. Мөөг, дүпү, бөөрөнхий сонгиноо нэм.
6. Гахайн мах болсон бол сармис, ногоон сонгиноо хийгээд дахин буцалгана. Буцалгаж дуусмагцаа өндөг хийж хутгавал шөл тань улам амттай болно.