Хүүхдүүд төдийгүй томчуудын анхаарлыг татаж чадахуйц хийгдсэн “Shaun The Sheep” хүүхэлдэйн кино Английн BBC телевизийн хүүхдийн суваг CBBS-ээр 2007 оны гуравдугаар сард цацагдаж эхэлжээ.
Английн хойд нутагт орших Mossy Bottom фермийн хонин сүрэгт Шон нэрт ер бусын ухаалаг сэргэлэн хонь байх.
Тэрбээр фермийн хоньч нохой Бизений хамтаар сүргээ гадны дайралтаас хамгаалахын зэрэгцээ өдөр тутмын амьдралаа сонирхолтой адал явдлаар дүүрэн өнгөрөөдөг.
Хүүхэлдэйн киноны гол дүр болох Шон хонины тухайд, тэрээр BBC телевизээс гаргасан дэлгэцийн томоохон бүтээлүүдэд цөөнгүй удаа гарч амжсан байдаг. Тухайлбал, 1995 онд бүтээсэн “A close Shave”, “ Shopper 13”, “Wallace and Gromit’s Cracking Contraptions” хүүхэлдэйн кинонд “дүр” бүтээжээ.
Энэ удаад Шон хонинд тусгайлан гол дүр оноосон нь “Shaun The Sheep” хүүхэлдэйн кино билээ.
Ричард Старзак, Ник Парк нарын бүтээл уг хүүхэлдэйн кино нь stop motion хэлбэрээр бүтээсэн инээдмийн төрлийн хүүхэлдэйн кино бөгөөд дүр болгоныг бодит хүүхэлдэйгээр урлаж, хүүхэлдэйг хүний тусламжтайгаар хөдөлгөөнд оруулдаг.
Хөдөлгөөн тус бүрийг ийнхүү камерын дуранд буулгаж тусгай эффект ашиглан эвлүүлэг хийж эцсийн байдлаар үзэгчдэд хүрдэг байна.
Дэлгэцээр хардаг эдлэн газар, байшин барилга засмал зам, хоньд болон фермийн эзэн, фермийн бусад амьтад зэрэг бүх дүрийг нэгбүрчлэн урлаж, хөдөлгөөнд оруулж бүтээдэг гэхээр ямар их ур чадвар шаардсан мэргэжлийн бүтээл болох нь харагдаж байгаа билээ.
Тус кино мөн “Timmy Time” хэмээх бага насныханд зориулсан хүүхэлдэйн кинотой. “Timmy Time” хүүхэлдэйн киноны гол дүр бол Шон хонины үеэл дүү Тимми юм. Амьтдын үр төл цэцэрлэгтээ олон зүйл сурч мэдэн, адал явдлаар дүүрэн байх бөгөөд анд нөхөрлөлийг харуулсан уг хүүхэлдэйн кино бяцхан үрсийн маань хамгийн дуртай кино болж чаджээ.
Анги тус бүр нь долоон минутын “Shaun The Sheep” хүүхэлдэйн киноны бүрэн хэмжээний уран сайхны кино 2015 онд кинотеатруудаар гарсан байна. Холливуудын зохиолч Марк Буртонтой хамтран бичсэн уг кино шүүмжлэгчдийн зүгээс эерэг сэтгэгдлийг авчээ. Тус кино дэлхий даяар 106 сая долларын ашиг орлого олсон байна.
Хүүхэлдэйн кино анх 2007 онд гарснаас хойш долоон минутын нийт таван цуврал бүхий 150 анги хүрээд байгаа аж. Хамгийн сүүлийн тав дахь цувралын сүүлийн анги 2016 оны 11-р сард гарчээ.
“Shaun The Sheep” хүүхэлдэйн кино 2010 болон 2014 онд British Academy Childrens Awards наадмын Animation төрөлд шилдэг шагналыг хүртэж байжээ.
Киног бүтээсэн Aardman кино компани нь 1972 онд Британид байгуулагдсан аж. Оскарын шагналт Аардман студийн хамгийн сор бүтээлүүдээс дурдвал Chicken Run, Flushed Away, Wallace and Gromit зэрэг багтана.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn