Өнгөрсөн оны босгон дээр үрийн зулай үнэрлэсэн жүжигчин Т.Бархүү сүүлийн үед нэлээд шуугиан тарих болжээ. Тэрбээр охинтой болмогцоо “Сүндари” хэмээх өвөрмөц нэр хайрласан нь олны анхаарлыг ихэд татаж байсан бол төд удалгүй аав, охин хоёрын эгдүүтэй зурагнууд сонин, сайтын нүүрэнд заларч бас л багагүй шуугиулсан. Хосууд одоогоор Өнөр хороололын байрандаа амьдарч байгаа ч Т.Бархүү “Мастер пропертис”-ын хагас тэрбумын байр захиалаад байгаа бөгөөд энэ нь бас л түүний эхнэртэй барьж буй ээлжит бэлэг аж. Мөн жүжигчин залуу маань өнгөрсөн Мартын-8 буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эхнэртээ алмазан шигтгээтэй цагаан алтан сүйн бөгж бэлэглэсэн. Тэрбээр энэхүү чамин бөгжөө нэлээд эрж сурж явсаны эцэст өндөр үнээр худалдаж авсныг хамтлагийнхан нь ярих юм билээ. Тэгвэл бусдын хамгийн ихээр сонирхож байгаа зүйл бол хосууд хэзээ хуримаа хийх вэ гэсэн хүлээлт. Энэ тал дээр МУГЖ И.Одончимэг “Хурим хийхийг яарахгүй байгаа. Хуримаа хийсэн хийгээгүй бид сайхан амьдарч байна” гэж тайлбар өгч байсан. Гэсэн ч жүжигчин Т.Бархүү эхнэртэй хуримын цагаан даашинз өмсүүлэхийг туйлын ихээр хүсч байгаа бөгөөд хосууд ярилцсаны үндсэн дээр ирэх намар хуримаа хийхээр шийджээ. Тэгэхдээ нэг их сүр дуулиан болголгүй ойр дотныхон цөөн хүмүүсийг урьж, цомхон найр хийхээр болсон гэнэ.
Г.Мөрөн www.uls.mn