Эрчүүдэд магтаалын үг хайрла

60c355e5e098df4276de4adc46eb55b2Сэтгэл судлаачид 100 эрчүүдийн 99 нь бүсгүйчүүдийн магтаал сайшаалд тэдний гадаад төрх зан үйлдэл хичнээн тохирохгүй байсан ч хөөрч догдолдог гэж тогтоожээ. Эмэгтэй хүн хэтрүүлсэн нэмж хачирласан магтаалд төдийлөн “хошгироод” байдаггүй бол харин эрчүүдэд энэ нь сэтгэлийн дэм, урам өгч өөртөө итгэх нэгэн үндэс болж өгдөг байна. Үүнээс харахад магтаал сайшаал нь өөртөө агуу их шидийн хүчийг агуулдаг ажээ. Үгээр хүнийг үхүүлж ч болно, сэхээж ч болно гэдэг үгийн утга энэ болой.

Цагаа олж хэлсэн сэтгэл уяраам урмын үг, магтаал жирийн нэг залууг таны төлөө юу ч хийхээс буцахгүй Терминатор болгон хувиргаж, хамгийн шалиг Дон Жуаныг хүртэл ганцхан банзлын хормойноос уяж орхидог шидтэй гэнэ. Иймээс ч хүч чадалтай хүдэр бадриун эрчүүд маань эмэгтэйчүүд бидний бахархал, магтаал хэмээх “амин дэм”-гїйгээр цаашаа нэг ч алхаж чадахгүй улс гэдэг нь харагдаж байна.
Ер нь магтаал сайшаал ч оргүй хоосон биш нь мэдээж хэрэг. Харин үнэнийг бага зэрэг дөвийлгөөд хачирлаад л гүйцээ. Эсвэл магтаалыг цаг үеэ олсон, хар санаа агуулаагүй үнэний өчүүхэн нэг тал гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл магтаал сайшаал нь нэгэн төрлийн сэтгэл зүйн шинжлэх ухаан юм. Хэрэв таны хүүхэд физикийн энгийн нэгэн бодлогыг бодож чадахгүй байвал та яах вэ? Мэдээж “чи ямар тэнэг юм бэ, бие даагаад юу ч хийж чадахгүй шүү” хэмээн загнах нь ямар ч үр дүнд хүргэхгүй. Харин “хүү минь чи их ухаантай шүү дээ. Энэ бодлогыг чи цээжээрээ ч бодож чадна гэдэгт би итгэж байна. Дахиад нэг оролдоод үзвэл яасан юм бэ?” гэхэд л аяндаа урамшаад л хариуг нь шууд л гаргачихаж чадна.

Эрчүүд ч мөн адил. Жишээ нь: “Овоо ш дээ. Чамд шалаа угаах санаа яаж төрөвөө” эсвэл “Миний хань ухаантай шүү. Намайг бодож ч амжаагүй байхад санаачлаад хийчихсэн байна шүү дээ” гэх хоёрын ялгаа илт мэдрэгдэж байгаа биз. Магтахад хоолойны өнгө маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхэд эрхлүүлж байгаа мэт нялганаснаас янаг дотноор шивнэж хэлэх нь эрчүүдэд илүү таалагддаг. Өөр нэг түгээмэл алдаа бол ихэнх эмэгтэйчүүд магтаалыг ямар ч шалтгаантай, эсвэл шалтгаангүйгээр ам хуурайгүй хэлдэгт байгаа юм. Мөн эрэгтэй хүнийг нэг хадаас хадах тохиолдолд ч гэсэн сайшааж магтаад байх нь урам өгөх биш харин чихний чийр дараа болдог. Тиймээс магтаалыг цагийг нь олж хааяа нэг хэлбэл чихэр мэт амттай. Магадгүй энэ бүхэн нь зөвхөн эмэгтэйчүүд чихээрээ дурладаг гэдэг үгийг няцаахад хэрэг болж болох юм. Эдгээр нь үнэний хувьтай ч юманд хэмжээ дамжаа байх хэрэгтэйг анхаарах нь зүйтэй. Мэдээж найз залуу, эр нөхөр чинь дүүрчихсэн тэнэг л биш бол чихэндээ үргэлж “хонх” зүүгээд явахгүй нь ойлгомжтой.

Хэзээ нэгэн цагт залхаж таны магтаалын үнэ цэнэ алдагдахад хүрч мэдэх юм. Эр хүнийг магтахдаа түүний зан ааш, дадал зуршил зэргийг нь харгалзан үзвэл амжилт олох болно. Тухайн эр хүн өөрийгөө ямар сайн талтай гэж боддог, ямар зан чанарыг нь магтвал илүү урамших вэ гэдгийг урьдчилан тодорхойлох нь маш чухал. Магадгүй, жишээ нь:, хадаас хадах нь тухайн хүний хувьд энгийн нэг л дадал болсон ажил нь байж болох шүү дээ. Харин ямар нэг шинэ содон хийж дадаагүй ажилдаа амжилт гаргах үед нь хэн нэг нь анзаарч бахархаж байгаасай гэж тэд хүсдэг. Гэхдээ тогтсон ерөнхий нэг зарчим байдгийг сана. Жишээ нь: ямар ч эр хүнд мэргэжлийн ур чадварыг нь үнэлэх нь таалагддаг. Эсвэл сексийн чадварыг нь… Ямар өндгөө шатаачихалгүй шарсанд нь магталтай нь биш. Эрчүүд эмэгтэйчүүд бидний үзэсгэлэнтэйг, хоол сайхан хийдгийг, зочлонтгой занг, цэвэрч нямбайг, өрөвч зөөлнийг өөрөөр хэлбэл эмэгтэйлэг байсанд минь талархаж магтдаг. Бид ч бас яагаад тэднийг эр хүнийх нь хувьд магтаж болохгүй гэж. Хамгийн гол нь магтаал цагаа олсон, үнэний хувьтай, сэтгэлээсээ байх ёстой.


Эрчүүдэд магтаалын үг хайрла
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.