“ЗАГВАРЫН ЕРТӨНЦ надад ГОО САЙХНААС гадна зан байдлын ХҮМҮҮЖЛИЙГ ОЛГОСОН”

“Манжуурын мисс-2016” тэмцээний шилдэг оролцогч мөн үндэсний ялагч, 2015 оны Нийслэлийн “Оюунлаг гоо охин”, Азийн модель агентлагийн загвар өмсөгч 48-р сургуулийн төгсөх ангийн сурагч Ц.Норовсанжид энэ удаагийн ярилцлагын зочин байлаа. Гоо сайхан зөвхөн гадаад дүр төрхөөр хязгаарлагддаггүй харин ч дотоод гоо үзэсгэлэнгээр хэмжигддэг гэдгийг түүний ярилцлагаас олж унших боломжтой.

ШАНТРАХ ҮЕ ГАРВАЛ “МИНИЙ  НАС ЗАЛУУ БАЙНА, БИ ӨӨРИЙГӨӨ УЛАМ САЙЖРУУЛЖ ЧАДНА”

ГЭДГЭЭ БОДОЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ

YOLO: Сайн уу, өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
Миний нэрийг Цэндсүрэнгийн Норовсанжид гэдэг. Найзууд маань намайг Нора гэж дууддаг.  Би 16 настай, 12-р ангийн сурагч.  Өөрийгөө хамгийн товчхоноор танилцуул гэвэл “Би өөрийгөө зураач” гэж хэлнэ. Зураач гэж байгаа маань өөрийгөө илэрхийлж байгаа нэг хэлбэр л дээ. Амьдрал бол баллуур ашиглаагүй зураг гэсэн үг. Тийм болохоор ямар ч алдаа гаргасан байсан өөр өнгө будгаа нэмээд алдаагаа засаад явах чадвартай зураач гэж өөрийгөө боддог доо.

YOLO: Саяхан “Манжуурын гоо бүсгүй” тэмцээнд амжилттай оролцоод ирсэн талаараа сонирхуулаач?
Манжуурын миссийн тэмцээн, Монгол, ОХУ, БНХАУ гэсэн гурван улсын эв найрамдлын элч болсон тэмцээн. Энэ тэмцээн 13 дахь удаагаа зохион байгуулагдаад бид амжилттай оролцоод ирлээ. 13 удаа зохиогдоход Монгол улс энэ удаад зургаа дахь удаагаа тэргүүн титмийг авсан бол орос 5 удаа, хятад 2 удаа авсан байдаг. Ийм байдлаар манай монголчууд жил бүр маш амжилттай оролцдог.

Баг бүрэлдэхүүний хувьд Монголоос 15, Хятадаас 15, Оросоос 30 оролцогч байсан. Манжуурын миссийн тэмцээнд оролцохын тулд энэ жил анх удаа үндэстэн дундаа бүрэн хэмжээний тэмцээн зохион байгуулаад тэндээс шалгарсан 15 охиныг  хамруулсан. Миний хувьд энэ жилийг урьд урьдын жилийнхээс давуу талтай болсон гэж бодож байна.

YOLO: “Манжуурийн гоо бүсгүй” тэмцээний бусад олон тэмцээнээс ялгарах онцлог нь юу юм бол?
Манжуур гэдэг хот Орос, Монгол, Хятад гэсэн гурван улсын хил дээр байрладаг. Тэмцээнд оролцогчид тэнд 20 гаруй хоног байрлахдаа зөвхөн Манжуурт бус Хөлөнбуйраар зураг авалт, тоглолтуудаар явдаг. Мөн Хөлөн буйраар явахдаа Өвөрмонголын хамгийн гоё нутгуудаар аялах боломж гардаг. Тэмцээний үеэр гурван улсын соёлын өдөрлөг болдог нь зөвхөн охид хоорондоо өрсөлдөх бус тэд соёлын ялгааг солилцож, эв найрамдлын харилцааг баталгаажуулдгаараа сайхан үйл явдалд тооцогддог.

YOLO: Өөрийгөө бусад оролцогчоос ямар давуу талтай байсан гэж бодож байна бэ?
Энэ миний яг бодож явсан зүйл л дээ.  Туршлагатай олон эгч, миссүүдийн хажууд би насаар хамгийн бага, туршлага дутаж байсан л даа. Тийм болохоор би бусдаас ямар нэгэн зүйлээрээ  илүү байж онцгойрох хэрэгтэй байсан. Хаана ч байсан тэр шүүгчдэд болон баг хамт олондоо үнэлэгдэх хэрэгтэй. Өдөр тутамдаа биеэ зөв авч явах ёстой. Миний хувьд өөрийгөө юунд давуу талтай, юугаараа дутагдалтай гэдгээ мэдэж байсан.

Гэхдээ би нэг л зүйлийг хүссэн. Би анх шагналт байранд орно гэсэн бодолтой яваагүй. Хамгийн гол нь шүүлтээр шалгарсан оролцогчийнхоо хамгийн сайн өрсөлдөгч байх хэрэгтэй гэсэн зорилготой байсан. Нэг үгээр би өөрийгөө хамгийн сайн өрсөлдөгч байх хэрэгтэй гэж хурцалсан. Би өөрийгөө хүчтэй өрсөлдөгч байх чадвартай гэж боддог.

YOLO: Аливаа миссийн гадаад гоо сайхнаас илүүтэй сайн үйлсийн дуу хоолой болох давуу талыг нь илүүд үздэг шүү дээ. Энэ тал дээр чи хэрхэн ханддаг вэ?
Монголын аутизмтай хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах хүмүүнлэгийн сайн дурын үйлсийн шалгаруулалт явагдсан юм. Ингэхдээ аутизмтай хүүхдүүдийн цэцэрлэг дээр зочилж нэг өдрийг өнгөрүүлээд энэ талаар мэдлэгийг олонд түгээх талаар амжилттай ажилласан.  Тэр хүүхдүүдтэй уулзаад өвчтэй биш бүр онцгой хүүхдүүд байдгийг мэдэрсэн. Тиймээс ч цаашид хүүхдэд чиглэсэн энэ талаарх сайн дурын үйлст сэтгэл гарган ажиллах болно гэж бодож байна.

YOLO: Авьяасын үзүүлбэрээрээ юу хийсэн бэ?
Би авьяасын үзүүлбэрээрээ аягатай монгол бүжиг хийсэн. Мөн саатай бийртэй нэг минутын хурдан зураг зурсан.. Орос болон Хятад улсын оролцогч охид дууны үзүүлбэрийг түлхүү хийж байсан учир Монгол талаа аягтай бүжиг хийсэн нь их сэтгэгдэл төрүүлж чадсан. Тэмцээний эхний өдрүүдээс л Монголын охид тэргүүлэгч байж чадсан. Үндэсний хувцасны шалгаруултад гэхэд оноогоороо эхний арван охины найм нь Монгол байсан.

“Би болчихлоо” гэж өөртөө ханасан бодолтой хэзээ ч байж болохгүй, “Болоогүй байна, би хийх ёстой. Одоо үүн дээрээ анхааръя” гээд цаг ямагт өөрийгөө сайжруулаасай.

Ц.НОРОВСАНЖИД

YOLO: Тэмцээнийхээ өрсөлдөгчдийг хэр байсан гэж бодож байна вэ? Гурван улсын миссийн ялгаа нь хэрхэн харагдаж байв?
Орос охид мэдээж азийн хоёр улсын охидоос харагдах байдлаараа тэс өөр байсан. Тэд шар, улбар шар үстэй, хар, бор, ногоон, цэнхэр нүдтэй гээд маш хөөрхөн. Хэчнээн нэг тивийнх ч гэлээ Хятад охид Монгол охидоос төрх байдлаараа маш өөр байсан.

Эхний өдрийн хүлээн авалтын үеэр оролцогчид хоорондоо танилцдаг. Бид анх орос охидыг хараад “Яасан гоё өндөр, яасан ч хөөрхөн юм. Бид яана аа” гээд жаахан сүрдсэн. Хоног ирэх тусам хятад охид яван чангарсан. Сүүлийн өдрүүдэд бидний гол өрсөлдөгчид оросынх биш хятад охид болж эхэлсэн.

YOLO: Ирээдүйн зорилго мөрөөдөл чинь юу вэ?
Дизайнер болно гэсэн мөрөөдөлтэй. Энгийн өдөр тутмын хувцасны дизайнер биш. “Haute couture” чиглэлийн буюу гар урлалыг хувцсан дээр шингээж өгдөг, бүх юмыг гараараа хийдэг, цор ганц давтагдашгүй бүтээлийг урлана гэж боддог. Манай монголд haute couture сайн танигдсан дизайнер гэвэл “O couture”-ийн Отгонжаргал дизайнер болон “Precious fashion house”-ын хамт олон байна. Би тэдний нэгэн адил өөрийнхөө шоуг жилдээ нэг зохиодог бие даасан haute couture дизайнер болохыг хүсдэг.

YOLO: Хүүхдүүд бид нарт сонирхож болох маш олон төрлийн зүйлс байгаа шүү дээ. Чиний хувьд яагаад загвараар хичээллэх болов?
Би загвар өмсье гэж хэзээ ч бодож байгаагүй. Амьдралд гэнэтийн учрал, тохиол зөндөө байдаг гэдэг шиг. Нэг удаа сургууль дээр маань “Нийслэлийн гоо охин” гэсэн тэмцээний удирдамж ирээд оролцохоор болсон. Туршлагатай охид, хөвгүүд хажуугаар бор зүрхээрээ юу ч мэдэхгүй орсон. Гэхдээ чадах чинээгээрээ хичээгээд оюунлаг мисс болж чадсан. Тэр үед Азийн модель агентлагийн Ч.Содтуяа захирал багш маань анхан шатанд суралцахыг урьсан. Гүнзгий шат хүртэл нь суралцаад Азийн модель агентлагт ажилладаг болсон.

YOLO: Гэр бүлийнхэн чинь хэр дэмжиж байна вэ?
Би эхээс гурвуулаа. Хоёр эгч маань тусдаа гарсан. Би одоо аав,ээж, тэжээвэр амьтантайгаа дөрвүүлээ амьдарч байгаа. Загварын ажлаар үйл ажиллагаанд оролцохоор  жаахан оройтох үе бий. Гэхдээ эцэг эхээсээ мөнгө аваад байлгүй цалингаараа хэрэгцээгээ хангаад байхаар ээж аав минь дэмждэг. Оройтлоо, ийш тийшээ явлаа гэлгүй надад итгэдэг байдлаараа их тус болдог юм шиг санагддаг. Эцэг эхчүүдийн талаас дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Юуг нь ч мэдэхгүй байж хорьж болохгүй. Хийе гэж байгаа  цагт нь хийлгэж дуртай юмыг нь хийлгэх хэрэгтэй. Ээж аав маань намайг хорьдоггүй. Яг юу хиймээр байна тэрийгээ хийж тусламж хэрэгтэй бол хэлээд шаардлагагүй бол өөрөө хий гэдэг бие даасан шинжтэй гэр бүл. Тэр нь маш том давуу тал болдог  ч юм болов уу гэж боддог.

“ХҮМҮҮСИЙН ДУНД ОРЖ БАЙЖ Л ӨӨРИЙГӨӨ ОЛЖ, ТӨЛӨВШДӨГ”

YOLO: Загварын ертөнц чамайг хэрхэн “хүмүүжүүлж” байна вэ?
Гадаад дүр төрх болон дотоод дүр төрх хоёуланд минь нөлөөлсөн. Би “Нийслэлийн оюунлаг гоо” охин болчхоод сургууль дээрээ сэгсийгээд яваад байж болохгүй учраас өөртөө анхаарч эхэлсэн.

Амьдралын хэвшил болоод хариуцлага сайтай байх ёстой. Бусадтай харилцах тал дээрээ төлөвшөөд, зөв хүн болох хүмүүжилд нөлөөлөөд ирэнгүүт хандлагаараа ч тэр хувь хүн өөрийн эрхгүй өөрчлөгдөөд ирдэг. Хүний хажууд биеэ барьж сурна. Хүмүүсийн дунд орж байж л өөрийгөө олж авдаг, төлөвшдөг гэж боддог. Миний хувь хүний зан чанарт маш том дэвшлүүд гарсан.

YOLO: Загвараар хичээллэх хүсэлтэй байгаа хүүхдүүдэд юу гэж хэлэх вэ?
Хамгийн гол нь биеэ барьж сурах хэрэгтэй. Хүмүүсийн үргэлж яриад байдаг IQ нь хурдан хугацаанд шийдвэр гаргах чадвар шүү дээ. IQ-аас гадна EQ гэж байдаг. Энэ нь emotional intelligence буюу сэтгэл хөдлөлөө барих чадвар. Сэтгэл хөдлөлөөрөө гаргасан шийдвэр нь буруу байдаг.

Загварын чиглэлээр явах гэж байгаа бол тэмцээнд ялагдаж болно, тэмцээн нэгээр дуусахгүй шүү дээ. Өнөөдөр ялагдлаа гээд бүх юм дууслаа гэсэн үг биш, тиймээс сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй.

Мэдээж эхэлж байгаа хүүхдүүд маш олон бүдэрнэ, шууд л нэг том сонгон шалгаруулалтад тэнцэнэ гэж хэзээ ч байхгүй. “Би намхан юм байна, тарган юм байна” гэж бодолгүй “миний өндөр тайзны алхаанд хүрэхгүй байгаа бол би өсөлтөндөө яаж анхаарч болох вэ эсвэл фото моделоор явж болох уу, өөр ямар чиглэлээр явж болох уу, хөтлөгчөөр эсвэл рекламын модель болж болох уу” гээд тал бүрээс нь сайн бодох хэрэгтэй.

Нэг үгээр сэтгэл хөдлөлөө зөв бариад IQ-аа зөв ажиллуулаад зөв шийдвэрт хүрээд юманд бодлоготой ханддаг байгаасай гэж зөвлөх байна. “Би болчихлоо” гэж өөртөө ханасан бодолтой хэзээ ч байж болохгүй, “Болоогүй байна, би хийх ёстой. Одоо үүн дээрээ анхааръя” гээд цаг ямагт өөрийгөө сайжруулаасай. Шантрах үе гарвал миний  нас залуу байна, би өөрийгөө улам сайжруулж чадна гэдгээ бодож байх хэрэгтэй.

YOLO: Ярилцсанд маш их баярлалаа. Олон жилийн дараа хүсэл мөрөөдлөө биелүүлээд алдартай дизайнер, модель болсон тэр өдөр дахин уулзахын ерөөл тавья.
Баярлалаа. Ерөөл бат оршиг ээ.

YOLO.mn


“ЗАГВАРЫН ЕРТӨНЦ надад ГОО САЙХНААС гадна зан байдлын ХҮМҮҮЖЛИЙГ ОЛГОСОН”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.