Доналд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, баасан гарагт тангараг өргөж албан үүргээ нэгэнтээ хүлээгээд авсан хойно ч түүнийг эсэргүүцэгчид байр сууриа хадгалсаар байна. Баасан гарагт тангараг өргөх ёслолд тэргүүн хатагтай Меланья Трамп Ralph Lauren брэндийн цэнхэр өнгийн хослол өмссөн байсан нь тэргүүн хатагтай агсан Жаклин Кеннедиг хуулбарласан хэмээх шүүмжлэлд өртөөд байсан юм. Үүнтэй зэрэгцээд тэргүүн хатагтайн хувцсыг урласан Ralph Lauren брэндэд бойкот зарлахыг олон нийт хүсч байгаа аж.
Тангараг өргөх ёслолд оролцсон Хиллари Клинтон, Мишель Обамагийн хувцсыг тус брэнд урласан хэдий ч олны зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа ирээдүйн тэргүүн хатагтайн хувцас гоёлыг урлах, хамтран ажиллах загвар зохион бүтээгчид “олдоогүй” билээ. Өмнөх тэргүүн хатагтай Мишель Обамагийн дизайнер Софи Телла нээлттэй захидал бичиж, Доналд Трампын улс төрийн үзэл бодол, хувийн зан чанартай холбоотойгоор Меланья Трампын хувцсыг хийхээс татгалзаж буйгаа мэдэгдээд зогсохгүй мэргэжил нэгт шилдэг дизайнеруудад Трамптай хамтран ажиллахгүй байхыг уриалж байсан юм.
Гэвч Томми Хилфигер, Ралф Лорен зэрэг цөөн хэдэн дизайнер энэ саналыг хүлээж авалгүй АНУ-ын ерөнхийлөгчид зүтгэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тэдний хувьд улс төрөөс ангид оршиж, олон улсын тавцанд гарах АНУ-ын нүүр царай гэдэг утгаар нь Меланья Трамп тэргүүн хатагтайн хувцсыг урлаж байгаа хэмээн тайлбарласан байна. Ард олныг шүүмжлэхээсээ өмнө урласан хувцасны загварт анхаарлаа хандуулахыг хүсчээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn