Монголын рок поп урлагийн өнгө төрхийг тодорхойлж, олон жилийн туршид хүчирхэг, үнэ цэнэтэйгээр оршин тогтнох хөвгүүдийн хамтлагийг төрүүлэн гаргах зорилготой “Камертон 2” төслийн дөрөвдүгээр шатны шалгаруулалт өчигдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. “Камертон 2” шоунд нийт 760 оролцогч оролцож байсан бол дөрөвдүгээр шатанд 21 оролцогч шалгаран үлдсэн. Тэд “Камертон” хамтлагийн үе үеийн хит цомгуудын дуунаас сугалж амьд хөгжмийн хамтаар Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвийн “Хараацай” театрын тайзнаа тоглосон юм.
Мэдээж залуус сэтгэл зүрх, хүч хөдөлмөр, цаг зав, авъяас чадвараа зориулан байж бэлдсэн тоглолтоо тайзан дээр шүүгчдийн өмнө тайлагнахдаа бүх хүчээ гаргаж басхүү үзэгч олныг доргиож байв. “Дөрөвдүгээр шатны эхний дугаар буюу өчигдрийн дугаарын эхлэлийг 415 дугаартай Э.Занданшагай “Камертон” хамтлагийн уйлахдаа ухаар цомогт багтсан “Бүхнийг март” гэсэн цоглог дууг дуулж эхлүүлсэн бол түүний араас тайзан дээр дараагийн оролцогчид болох 004 дугаартай Б.Алтан-Од, 014 дугаартай Н.Батзориг, 023 дугаартай Г.Маргад, 084 дугаартай Т. Бат-Од нар ар араасаа тайзнаа гарч гайхалтай тоглолтүзүүлсэн юм. Ийнхүү эхний таван оролцогч бэлтгэлтэй дуугаа дуулсны дараа шүүгчид дүнгээ гаргаж залуусын хэн нь шоуг орхих болсон, хэн нь шилдэг 16-д шалгарч үлдсэнийг зарлах шийдвэрлэх мөч ирэхэд 415 дугаартай Э.Занданшагай, 004 дугаартай Б.Алтан-Од, 023 дугаартай Г.Маргад нар “Камертон 2” шоуны тавдугаар шат буюу “Шилдэг 16”-д орох эрхээ авсан юм. Харин Эрдэнэт хотоос зорин ирж дөрөвдүгээр шат хүртэл амжилттай оролцсон 084 дугаартай Т.Бат-Од, хамгийн хүчтэй оролцогчийн нэг 014 дугаартай Н.Батзориг нар хармсалтайгаар шоуг орхилоо.
Тавдугаар шат буюу сүүлийн даваанд 16 залуугаас ирээдүйн “Камертон 2” хамтлагийн эзэд болох шилдэг дөрөв төрөн гарах юм. Хэн гэдэг аавын хөвгүүд “Камертон 2” хэмээх нэрээр овоглон 150 сая төгрөгийн гэрээний эрх хүртэж, мэргэжлийн төвшинд уран бүтээлээ туурвих бол.
Д.Догсмаа
Эх сурвалж : “Монцамэ”