
Бор хоолонд орсон хүүхэддээ ээжүүд бид тэжээллэг, олон төрлийн хоол хүнс өгөх нь хүүхдийнхээ дархлааг сайжруулж, эрүүл чийрэг хүн болгон өсгөхөд маш чухал билээ. Тиймээс бантан, каш гэсэн цөөхөн төрлийн хоолноос татгалзаж тэжээллэг, эрүүл хооллолтоор бяцхан үрсдээ бэлэг барья. Хүүхдүүдэд маань дэлгүүрийн лангуун дээрх чихэр, шоколад, импортын жимсний нухаш биш харин ээжүүдийнх нь өөрсдийнх нь хийсэн, сэтгэлээ шингээсэн амтат сайхан хоол л амин дэм болно шүү дээ. Тиймээс энэ удаад тэжээллэг зутан шөл хийх аргаас хуваалцаж байна. Би ч энэхүү зутан шөлийг бяцхан ханхүүдээ хийж өгөх дуртай.
Орц:
Мах эсвэл ясны шөл 150-250 гр
1 лууван, 2 төмс, тал манжин
Хуурсан гурил
Хийх арга:
Лууван, төмс, манжингаа сайтар чанаад сайн нухна /эсвэл миксердвэл бүр сайн/. Ингэж хольсон ногоогоо мах, ясны шөлөндөө хийж хутгаад чанана. Буцлах үед нь хуурсан гурилаа цацаж шингэвтэр зутан шөл бэлэн болно.
Энэхүү зутан шөл нь хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгч болох тэжээллэг хоолны нэг юм.