Зөвхөн минийх! хайрын хардалт

6nakrt7b4mj2e9hoqfc01jn2nk_bЯмар ч мэдрэлгүй хүн л хардахгүй байх.  Хардалт хайрыг дагалддаг нэгэн зүйл юм. Харин тухайн “хар”-ын сэтгэл хэр сүртэй болох, хэний амьдралд саад учруулж, хэр их лай болж байна гэдэгт л гол асуудал оршино. Бас хэн хардаж байгаа нь чухал. Энэ ч бас том ялгаа юм шүү.

Би хамгийн супер эр!

Хамгийн ихээр хардаж сэрддэг хүн бол эмэгтэй нууц амраг. Энэ нь “албан ёсны бус” хайртынхаа эхнэр /нөхөр/-т хандах байдал эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд өөр өөр байдаг гэсэн үг. Ер нь хүний урвалт нүдэнд ил тод харагдаад байдаггүй. Үргэлж оройтож ирсэн ч, өөр сүрчигний үнэр ханхлуулсан ч, юу ч асуусан мэдээж тайлбар бэлэн байдаг биз дээ. Хардаж сэрдлээ гээд үнэн хэрэгтээ баталгаа гэх юм байдаггүй. Шууд бус баримт, таамаг төдий. Хайртыгаа араар тавьсан гэдгийг нь нотлохгүйгээр илрүүлэх явдал ховорхон доо.

Нууц амраг бүсгүйд бол ямар нэг юм нотлоод байх шаардлагагүй. Өвөрт нь байгаа эр ч өөрийг нь хуурч байгаа гэдгийг тэр сайн мэдэж байгаа. Тэр бол түүний хууль ёсны эхнэр. Энэ бодит байдал нууц амрагийг хямраадаг.
Тэр өөрөө хууль ёсны нөхрөө хуурч байсан ч ялгаагүй. Харин нууц амраг эрчүүд явалдаж байгаа бүсгүйгээ нөхөртэй нь хардаад байдаггүй. Харин ч эр хүний хувьд тэднийг өрөвддөг. Яагаад гэвэл тэр ялагч. Тэр л хамгийн-хамгийн супер-бупер эр… Яагаад гэвэл амраг нь болсон эмэгтэй нөхрийнхөө мөрөөдөж ч байгаагүй галзуу сексийг түүнтэй л хийж байгаа юм шүү дээ. Тэгээд ч өөрт нь ухаангүй хайртай… (Энүүхэндээ гэхэд, эрчүүд өөртөө хэт бардам учир эхнэрийнхээ нууц амрагт өөрөө яг адилхан ялагдаж болохыг төсөөлж ч чаддаггүй л дээ.)

Яг үүнд л гол ялгаа байгаа юм. Нууц холбоо үүсэх тохиолдолд бүх эрчүүд өөрийгөө ялагч гэж боддог. Аргагүй шүү дээ, эмэгтэй хүн түүнийг нөхрөөсөө илүүд үзсэн. Өөрөөр хэлбэл, мань эр ялсан, “овоо гар” гэдгээ ч баталчихсан. Тэр хамгийн мундаг нь.

Харин нууц амраг эмэгтэй өөрийгөө үргэлж ялагдсанд тооцдог. Түүний жинхэнэ мужик хэдийн хүний хань шүү дээ. Түүнтэй уулзсаны дараа тэр гэртээ харьдаг, эхнэрээ “Хонгор минь” гэж өхөөрддөг, аз жаргалтай гэр бүлийнхээ дүрд тоглон, эхнэртээ худлаа хэлдэг ч гэсэн тэнд ямар нэгэн хэмжээгээр амьдралын баталгаа, итгэл байна… Тэр эхнэртэйгээ л олны газар явж, хэцүү үед эхнэрээсээ л тусламж дэмжлэг эрнэ.

Харин нууц амраг бүсгүйд юу үлдэх вэ гэж үү? Хэзээ нэгэн цагт эхнэрийнх нь нүдэнд өртөх бэлэг бэлэглэх, эхнэрийг нь залгахад өөр өрөөнд орж хэрүүл хийх л хийнэ.

“Үгүй ер, яана гэнэ ээ..!”   

Илэрхий буруутай үед хардаж байгаагаа ногоон гэрлээр, ямар ч аргаар илэрхийлж болно. Тийм л биз дээ? Хэзээ билээ дээ, нэг найз маань үдэшлэг дээр найз бүсгүйтэйгээ ирчихээд өөр хүүхнийг илэрхий найрч эхэлсэн юм. Хариуд нь найз бүсгүй нь өөр залуутай их л илэн далангуй бүжиглэсэн. Тэгээд болоогүй ээ, дараа нь найз залуугийнхаа нүүр рүү ууж байсан дарсаа цацсан. Кинон дээр л гардаг иймэрхүү сэтгэлийн хөдлөлийг бодитоор харах ч гоё юм байна лээ шүү!

Зохиомол, “аюулгүй” шалтагаар хэрүүл өдөж, харилцаагаа сэргээх, улам халуун болгох зорилгоор хардалтыг тоглоом болгох нь цөөнгүй. Жишээ нь, өөрөө орхисон байж “Энэ хэний зүүлт вэ?” эсвэл “Юун залуу чиний Facebook-д гараад ирэв ээ?”. “Чиний зурагуудад ямар хамаагүй сэтгэгдэл үлдээдэг юм!!!” эсвэл “Тэр хүүхэн чам руу дахин залгавал утас чинь санамсаргүй хагарна шүү” гэж өднө…

За бас зориуд хардуулах гэж охид бүсгүйчүүд элдэв арга хэрэглэнэ. Шинэхэн даашинз нь эрчүүдийн шүлсийг асгаруулсан тухай, эртний амраг нь дахин хайр зарласныг “нуулгүй” хэлэх ч юм уу, танихгүй залуу түүнийг хэрхэн магтсан гэдгийг хэлж байгаа бол энэ чинь эмэгтэй хүний заль. Гэхдээ энэ юуг өгүүлнэ вэ гэхээр бүсгүйд анхаарал халамж дутагдаж байна гэсэн үг.

Тэгвэл эрчүүд яагаад тэгдэггүй вэ? Найз бүсгүйдээ хардуулахын тулд урд алхаж яваа хүүхний өгзгийг харсан гэвэл хэн итгэх вэ? Худлаа яриад яах вэ дээ? Тэр өгзгийг хүссэн нь туйлын үнэн л юм чинь. Хэзээд ч, хэнийг ч найрахад бэлнээс хойш бас найз бүсгүйнхээ уурыг хүргээд яахав, тийм үү..? Энэ чинь буруугаа хүлээсэнтэй л адил шүү дээ.

“Насан туршдаа ганц намайг санаж, хатаж яваасай…”

Өнгөрсөнд хардах нь эмэгтэй хүний зан. Хэдийнээ өнгөрсөн явдалд буруутгаснаар хүүхнүүд эрчүүдэд өөрийн онцлогоо нялзаах гээд байдаг юм. Яахав дээ, хүүхнүүд дурсамжаасаа салж хагацаж чаддаггүй улс.

Энд нэг гол зүйлийг хэлэхэд, эрчүүд зурганд нэг их анхаарал тавьдаггүй. Харин хүүхнүүд хоёр биенээ гэрэл зурганд мөнхөлж, дараа нь үзэж байхын тулд архив үүсгэх гэдэг. Романтик нялуун зантай нь холбоотой юм байх даа? Эр хүн бол хуучин амрагаа сайн яваа, сайн хүнтэй учирсан… гэхдээ өөрт нь хайртай хэвээр гэдгийг л мэдэхийг хүсдэг. “Мэдээж би түүнийг сайхан гэр бүлтэй болоосой, хайрлуулж яваасай гэж хүсдэг. Гэхдээ сэтгэлийн гүндээ надад хатаж, намайг санаж байгаасай гэж хүсдэг ээ. Түүний сонгосон шинэ эр надаас илүү байна гэж юу байхав дээ!”… Энэ бол нэгэн зартай хүүхэмсэг эрийн үг. Бүх эрчүүд дотроо (зарим нь битүүхэн) тэгж санаж явдаг болов уу.

Зарим сэтгэлийн хөдөлгөөнтэй эмэгтэйчүүд найз залуугаа хуучин эхнэртэй нь байнга харддаг. “Хүүхэддээ хэдийг зарцуулсан гэнэ ээ? Тэр хүүхэн одоо хүүхдээ ашиглаж нөхрөө буцааж авахыг л оролдож байна” гэж нэгэн бүсгүй эмэгтэйчүүдийн сайтад бичсэн байсан юм. Үгүй дээ хонгор минь, чи ойлгохгүй байна. Хүүхэд төрүүлснээрээ л тэр эмэгтэй нэгэнт чинийх болчихоод байгаа эрийг үүрд өөртөө уясан шүү дээ. Харин ч сайн залуу бололтой, баярлах хэрэгтэй шүү дээ. Хүүхдээ огт тоохгүй байвал санаа зовж болох юм. Гэхдээ хардах дээрээ тулбал логик гэж юм үгүй болдог л доо…

Тэр одоо надаас илүү сонирхолтой юм уу?

Бид заримдаа бие биеэ бодит ч бай, зохиосон ч бай хэн нэгэн хүнтэй тэр байтугай, бүхэл хорвоо ертөнцтэй харддаг. Жишээ нь, хүүхнүүд эрчүүдийг найзуудтай нь хардана. Хамгийн энгийн жишээ: “Ууцгаагаад, дараа нь бие
биеэ тэвэрч, үүрд мөнхийн нөхөрлөлийн амлалт өгнө. Асуудал гарвал ер нь орон байраа зараад, намайг хөөгөөд ч болов найзыгаа аврах байх даа. Ийм хүнтэй яаж амьдрах вэ?”

Хобби сонирхолтой нь бас хардана аа. Манай ажлын Маралын нөхөр галзуу мотоциклчин юм билээ л дээ. Марал нөхрөөсөө нэг явдлын дараа шууд салсан юм даг. Байкерууд угаасаа жаахан солиотой шүү дээ. Нэг өдөр зурагтаар байкеруудын арга хэмжээний тухай нэвтрүүлэг гарч, гай болоход Маралын нөхөр камерт өртсөн юм байж. Түүний энэ эрх чөлөө гэр бүлийн харилцаатай нь хэр зохицож байна гэж сурвалжлагч түүнээс асуухад нөхөр нь асуудал гарвал үнэнч мотоциклоо унаад давхиад алга болно гээд хариулчихаж. Хамт амьдарснаасаа хойш өөрийгөө эр хүний хань биш харин мотоциклд дагалдах хөөрхөн хүүхэлдэй шиг мэдэрч байсан Маралаа нэвтрүүлэг үзсэний дараа
нөхрөө мотоциклтойгоо холоо зайлахыг зөвлөсөн гэдэг.

Ер нь загасчид, анчид, байкерууд, тагтаа тэжээгчид гээд бүгд холоо зайлаасай. Нээрээ, үнэн шүү. Эр хүний ямар нэг хобби нь хэмжээ хязгаараасаа хэтэрвэл тэмцэх ч хэрэггүй. Эхнэрийнхээ үгэнд орвол найзуудынхаа доог болно, эр хүн биш болно… Нэг үгээр хэлбэл, болгоомжтой л байхгүй бол горьгүй.

Харин эрчүүд өөрийнх нь ертөнцөөс ангид бүхий л юмтай бүсгүйчүүдийг харддаг. Ажил, фитнес-клуб, бүжгийн дугуйлан, сонирхол, найз хүүхнүүд, аялал… Ямар ч эрийн дотор хайртай бүсгүйгээ хэнд ч алдахгүйн тулд
өндөр хэрмэнд хорих хүсэлтэй дарангуйлагч нуугдаж байдаг. Миний нэг найз өөрийн дотор байдаг дарангуйлагчийн тухай ийн ярьж билээ. “Ялангуяа би түүнийг Бродскийтой харддаг. Гэхдээ би солиотой биш, чи намайг зөв ойлгоорой. Манай хүн тэрний шүлгэнд их дуртай, байнга иш татна. Түүний тухай л ярина. Байж болох уу? Ер нь, нэг ор авъя. Тэгээд тэр өвгөн чинь манайд ирж амьдрах юм уу гэж би уурандаа хэлж байсан удаатай. Тэр Бродский одоо надаас илүү сонирхолтой гэж үү? Би шүлэгнээс нь уншсан гээд боддоо! Яахав дээ л юм байна лээ дэг”.

Хайрт бүсгүйд нь түүнээс илүү чухал сонирхол бий гэдэг айдас энэ хардалтын цаана байдаг. Хэн нэгэн, ямар нэгэн зүйл өөрөөс нь илүү байхаас бид айдаг. Тэгээд л эргэн тойронд байгаа хүний амьдралыг хардалтаараа хордуулдаг.

Ер нь, хардалт бол алдахын айдас л юм. Айдастай амьдрах хэцүү шүү дээ. Гэвч  айдасгүй амьдрах арга хэн бүхэнд адилхан байдаг юм. Нэгдүгээрт, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Тэгж чадвал хайртын чинь урвалт чамайг сөхрүүлж чадах ч үгүй. Чи өрсөлдөгчөөсөө дутах зүйлгүй. Хоёрдугаарт, нэгэнт итгэж чадахгүй болсон хүнээс салахаас айхгүй байх хэрэгтэй. Харин гуравдугаарт, хайртаасаа хамааралтай болж, түүний амьдралаар амьдрах хэрэггүй. Өөрийнхөө амьдралаар амьдар. Хайртай хүн бол чиний амьдрал гэсэн үг биш. Амьдралын чинь нэгээхэн л хэсэг шүү дээ.

Хэрэв эрэгтэй хүн хардаж байвал …

… тэр бас юм нуугаад байна гэсэн үг. Бид хүнийг өөрөөрөө дүгнэдэг, тийм үү? Ялихгүй зүйлийг “заан” болтол дэвэргэнэ гэдэг нь мань эр ч гэсэн боломжийг алдахгүй л байх байсан гэдгийг гэрчилнэ.

… хайртай гэсэн үг үү? Ёстой ингэж өөрийгөө хуурах хэрэггүй дээ. Эр хүн хайргүй, хэдийнээ салсан ч өөрийн өмч мэт санаж явдаг бүсгүйг ч харддаг зантай.

… түүнийг сайн ажигла. Үнэн шүү. Хартай улс хэзээ нэгэн цагт хэтрүүлдэг. Харин жинхэнэ эр хүн өөрийгөө өрсөлдөгчгүй гэж үзэх тул хэн нэгэнтэй хардаж байгаагаа харуулдаггүй. Хэрэв чамд өөр хүн таалагдсан бол түүн дээрээ оч доо, тэнэгхэн минь… Гэхдээ хэн нэгэн таалагдлаа гээд таарсан болгоноо дагаад явна гэвэл  аюултай шүү.

Хэрэв эмэгтэй хүн хардаж байвал …

… энэ нь уур уцаар, дуугуй байдал, нулимснаас нь ойлгомжтой байна. Дээрээс нь тэр шалтгаан хэлэхээс эрс татгалзана. Үүнийг “Муу новш, чи өөрөө мэдэхгүй байна уу” гэж ойлгох хэрэгтэй. Гэтэл чи үнэхээр мэдэхгүй байгаа шүү дээ! Тэгэхээр мэдээллийг тандалтын аргаар л олж болно. “Үгүй, чи Бурмаагаас болоод ингээд байгаа юм уу? Мянган жилийн өмнө болсон явдал шүү дээ, би сая түүнийг бараг таниагүй ш дээ. Санамсаргүй л инээчихсэн” ….

… хэрхэвч бууж өгч болохгүй. Жишээ нь, өөр хүүхэн энэ тэрийг хүлээн зөвшөөрч болохгүй. Зөвшөөрвөл өнгөрөө л гэсэн үг. Гэрээс олдсон дотоожийг нүүрний өмнүүр чинь сэгсэрч л байг. Тас гүрий. Тэгж байж л аврагдана. Юу ч болоогүй юм чинь яадаг юм. Дотоожийг ч гэсэн мэдэхгүй, танихгүй юм байна…

… зовж шаналсныхаа төлөө тэр өшөөгөө авна. Болоогүй юмыг өөрөө зохиосон ч гэсэн ер нь хамаагүй. Нэг тиймэрхүү адилавтар хэрэг дээр бариад, цусыг чинь сорох болно.

… халамж анхаарал л түүнийг тайвшруулна. Жижиг бэлэг, том бэлэг, маш том бэлэг…

… хайртай гэсэн үг үү? ТИЙМ!


Зөвхөн минийх! хайрын хардалт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.