Зургаан настай охидын ухамсарт тэд хөвгүүдээс ухаан муутай гэсэн бодол хэдийнэ суусан байдаг талаар шинжлэх ухааны дэлхийн томоохон сэтгүүл “Science” нийтэлжээ. Уг судалгаагаар эрдэмтэд 5-7 настай хүүхдүүдийн ой тонд хүйс оюун ухаанд ач холбогдолтой, эсэхийг тогтоохыг зориход судалгааны хариу ийм дүгнэлтэд хүргэсэн байна. Тэр ч бүү хэл, насанд хүрсэн хүмүүс “Эмэгтэйчүүд математикт эрчүүдээс муу” гэсэн хэвшмэл ойлголт бат бөх суусан байдгийг уг нийтлэлд дурджээ.
Олон улсын жишгээр бол үндэсний хэмжээнд ажиллах хүчний талаас илүү хувийг эмэгтэйчүүд хангаж байгаа хэрнээ шийдвэр гаргах түвшинд 20 хувийг ч бүрдүүлж чаддаггүй. Эмэгтэйчүүд хавьгүй өндөр боловсрол эзэмшсэн ч эрчүүдийн авдгаас 80 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр цалинждаг зэргийн гол шалтгаан нь хүйсийн талаарх дээрх хэвшмэл ойлголттой холбоотой.
Эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн хөгжлөөс тэнцүү хүртэх зорилт
Энэ хэнд хамаатай юм бэ гэж үү. Хөгжилд хүрэх гэж мацаж, олон жилийн турш бүтэлгүйтсээр яваа манай улсын хувьд хамгийн их хамаатай үзэл баримтлал. Хүйсийн тэнцвэртэй байдал улс үндэсний тогтвортой хөгжилд хамгийн чухал хүчин зүйл болохыг дэлхийн нөлөө бүхий хүмүүс хүлээн зөвшөөрчихөөд буй.
Тухайлбал, НҮБ-ын 2016 оны тайланд эмэгтэйчүүдийн цалингийн хэмжээг эрчүүдийнхтэй ижил түвшинд хүргэж, нийгэм, эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр хүний эрх, хувь хүний хөгжил болон эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцолсон байна. Үүнийг бататгаж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун “Эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлж, эдийн засгийн хувьд эрх мэдэлтэй байх нь улс орон, дэлхий нийтийн эдийн засгийн хувьд хийх хамгийн зөв бөгөөд ухаалаг алхам” хэмээн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы үеэр онцолсон юм.
Дөрөв дахин том зорилт
Манай улсын хувьд дэлхий нийттэй “хөл нийлүүлж”, Парисын хэлэлцээрт нэгдсэн. Энэ хүрээнд 2030 онд дүгнэгдэх Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг чадах чинээгээр хэрэгжүүлэхээ илэрхийлчихээд буй. Тодруулбал, ирэх 13 жилд Монгол Улсын нэг хүнд ногдох үндэсний нийт орлого (ҮНО) 17,500 ам.доллараар хэмжигдэнэ. Одоогийнхоос даруй 4.9 дахин өндөр тоонд хүрэхээр зорьсон нь энэ.
Хүний хөгжлийн үзүүлэлт, өрсөлдөх чадварын индексээр эхний 70-д багтаж, ядуурлын бүх төрлийг эцэс болгох, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 30 орны нэг болох зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн. Энэ бүхэнд хүрэх нэг гол зүтгүүр нь эмэгтэйчүүдийн хүч байх болно. Эмэгтэйчүүдийн хүчгүйгээр Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд эрчүүд дангаараа 75 жилийг зарцуулна гэсэн сонирхолтой тоо бий. Товчхондоо тогтвортой хөгжихийн тулд жендерийн тэгш байдлыг хангах нь хамгийн эхний ажил болчихоод байна.
Төрийн өмчит болон бусад байгууллагын ТУЗ, гүйцэтгэх захирлуудын түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо 25 хувь байна.Яагаад зөвхөн эмэгтэйчүүдийг яриад байгаа юм бэ гэж та бодож болох юм. Ирэх 15 жилд Тогтвортой хөгжих бодлогын 17 зорилтыг хэрэгжүүлэх нэг чухал хэсэг нь эмэгтэйчүүдийн оролцоог тэгш хангаж, нийгэм, эдийн засгийн хөгжлөөс тэнцүү хүртээх юм. Үүний тулд шийдвэр гаргах түвшинд, ялангуяа, эдийн засаг, улс төрийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэлээд нэмэгдүүлэх шаардлага улс орон бүрт тавигдаж буй юм.
Түүнээс гадна Монгол Улсад өнөөдөр хүйсийн тэгш байдал хэтэрхий алдагдсаныг инфографикаас харж болно. Энэ үзүүлэлтээрээ бид дэлхийн 145 орны 56-д бичигдэж байна. Төрийн үйлчилгээний албан хаагч буюу эмч, багш нарын 90 орчим хувь нь эмэгтэйчүүд. Эмэгтэй судлаачдын тоогоороо Монгол дэлхийд дээгүүрт бичигддэг. Харамсалтай нь, шийдвэр гаргах түвшинд тэдний байр суурь зорьсон 30 хувьдаа хүрээгүй хэвээр.
2010 оныг бодоход энэ талаар бага зэрэг ахиц байгааг дурдах хэрэгтэй байх. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа Парламентад дөрвөн хувь эзэлж байсан эмэгтэй гишүүд 2012 онд 14.5, 2016 оны сонгуулиар 17.1-д хүрсэн нь чамлахааргүй амжилт. Гэвч нийслэл, орон нутаг, ИТХ-д эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэнэ гэсэн том зорилттой манай улсын биелэлт дэндүү хангалтгүй явж ирсэн. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуульд зөвхөн МАН-аас нэр бүхий 146 эмэгтэй нэр дэвшсэнээс 88 нь тойрогтоо ялалт байгуулсан амжилттай байна. Түүнээс гадна Улаанбаатар хотын дарга нэг орлогчоороо эмэгтэй хүн томилсон нь урагш гишгэсэн нэг алхам болов.
Эмэгтэйчүүд ба эдийн засаг
ОУВС -гийн захирал Кристин Лагард “Хэрэв Энэтхэг улс эмэгтэйчүүдийнхээ ажил эрхлэлтийн түвшинг эрчүүдийн хэмжээнд хүргэвэл ДНБ-ээ 27 хувиар нэмэгдүүлэх боломжтой” хэмээн нэгэн хурлын үеэр мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл Япон, АНУ л гэхэд ажиллах хүчний бодлогодоо жендерийн тэгш байдлыг тусгаснаараа ДНБ-ээ 5-9 хувиар өсгөж чаджээ. Мөн Турк улс мөн эмэгтэйчүүдийн хүчээр ДНБ- ээ 22 хувиар нэмэгдүүлэх нөөц байгааг хатагтай Кристин Лагард онцолсон байдаг.
Хэрэв нигери эмэгтэйчүүдэд эрчүүдтэй нь ижил тэнцүү боломж байсан бол тэд улсынхаа ДНБ-ийг 13.9 ам.доллараар өсгөх нөөц боломж бүрэн байгааг Youth and Technology сангийн тэргүүн Нжидека Харри мөн хэлжээ. Улс орнууд эмэгтэйчүүдийн хүчийг зөв хуваарилбал тогтвортой бөгөөд өсөлттэй эдийн засагтай байх боломжтойг энэ эшлэлүүд тодорхой харуулж байна.
Үндэсний нийт орлогыг 2030 онд 17,500$ болгоно
Парламент дахь эмэгтэйчүүдийн тоо өнгөрсөн 100 жилийн хугацаанд дэлхийд 11.7-19.4 хувиар өссөн талаарх НҮБ-ын тооцоо байдаг. Тэгвэл 2014 оноос эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд улс орнууд эрчимтэй анхаарах болсон нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн өсөлтийн хурд 66 хувьд хүрснийг “Financial Times” онцолжээ. Үүнд, Их Британи, АНУ, ХБНГУ багтаж буй. Түүнчлэн Ази тивээс Япон улс Абэгийн бодлогын хүчээр эмэгтэйчүүдийн оролцооны өсөлтийг 84.9 хувьд хүргэснээрээ тэргүүлж байгаа аж. Энэ мэтчилэн хөгжиж буй төдийгүй өндөр хөгжсөн орнууд ч жендерийн тэгш байдлыг хангах замаар тогтвортой хөгжих бодлогод анхаарч байна.
Эрчүүд асуудлыг хэтэрхий ерөнхий авч үздэг тул нийгмийн тодорхой хэсэгт тулгамдсан бэрхшээлийг шийдэлгүй, бодлогоос хоцроодог. Харин эмэгтэйчүүд нягт нямбай, чимхлүүр, зовлон, жаргалыг ойлгож, асуудлын гүн рүү ордог. Тиймдээ ч нийгэмд хэрэгцээтэй шийдвэрийг гярхай олж хардгаас гадна бүтээмжийн хувьд хавьгүй илүү байдгийг олон улсын судалгаанууд хэдийнэ баталжээ.
Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажилласнаар боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг улс орны гол салбарт түлхүү анхаарахаас гадна эмзэг бүлгийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэж, хурц асуудлыг зөөллөж, зөв шийдвэр гаргаж чаддаг давуу талтай. Тиймээс шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш байдлыг хадгалснаар дээр дурдсан тогтвортой хөгжил, өсөлттэй эдийн засаг удаан хугацаанд хадгалагдах боломж бүрдэх аж.
Эмэгтэйчүүдийн арга барил ийм онцлогтой болохыг хүлээн зөвшөөрсөн Швейцарь, Дани, Норвеги, Канад зэрэг Скандинавын орнууд өдгөө аз жаргалын индексээрээ дэлхийд тэргүүлж байгаа нь дээрх үндэслэлийг нотолно. Энэ л бидний хүсээд байгаа тогтвортой хөгжлийн зам. Монгол Улс энэ замаар явсан цагт зургаан настай монгол охид ч өөрсдийгөө хамгийн ухаантай гэдэгт бүрэн итгэдэг болох биз ээ.
Р.Оюунцэцэг
Засгийн газрын мэдээ